Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв?

Х.Сайхан
2015 оны 6 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна. 

Ц.Элбэгдорж: Зуд болж мэднэ, эзэн нь малаа цөөлөхгүй бол байгаль өөрөө зохицуулалт хийдэг хуультай

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хийгдэж буй ажил, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар өнгөрсөн Лхагва гарагт сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр зөвхөн мэдээллийн сэдэвт баригдалгүй зуншлага, ирэх өвлийн талаар санаа зовниж байгаагаа өгүүлсэн юм.

Зуншлага сайхан болоосой, хур бороо ороосой гэж үнэхээр хүсч, залбирч байгаа. 

“Зун үнэхээр хүнд болж байна аа. Би сая Эрдэнэт УБҮ-ийн нээлтэд явж байхад газар цагаанаараа, мал хавраараа шахам байна. Цөмцөгнөөд “Салхинд уначих вий дээ" гэмээр. Та бүхэн мэднэ дээ, “Мичин жилийн зуд” гэж. 1968 онд болсон. Ахмад хүмүүс “Давтагдах байх” гэж ярьдаг. Үгүй байгаасай гэж итгэж байгаа.

Зуншлага сайхан болоосой, хур бороо ороосой гэж үнэхээр хүсч, залбирч байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас анхаарах ёстой. Манай улсын малын тоо энэ жилийн төлийг оруулаад тооцох юм бол бараг 60-аад сая болчихлоо шүү дээ. Эзэн нь зохицуулж чадахгүй бол байгаль өөрөө зохицуулалт хийдэг айхтар хатуу хуультай.

Монголын газар нутаг дээр бэлчээрийн маллагаагаар бол 30-аад сая мал л байх боломжтой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр, малаа ширвэж нядлахад малчид онцгой анхаарах шаардлагатай болж байгаа. Max худалдаж авдаг, хадгалдаг зоорь савыг нь бэлдэхэд ч онцгой анхаарах хэрэгтэй. Ирэх хавар, өвөл өнтэй болоосой гэж хүсч байна, гэхдээ хэцүү болж магадгүй шүү.

Яаж зуд болдог вэ гэвэл, зун ган болж өвс ногоогүй болоод, намар нь жаахан цас орж хөлдөөд, идэх өвсгүй болж зуд болдог. Иймэрхүү л байдал харагдаад байна. Наадам болох гэж байна. Энэ үед үхрийн нуруу тэнийчихсэн байдаг гэтэл энэ жил шар үснээсээ салаагүй явж байна шүү дээ” гэсэн юм.

Ерөнхийлөгч дээрх тайлбараараа “Ирэх өвөлд одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй” гэсэн анхааруулга өглөө. Үнэхээр ч зуд болдог үе шат яг дарааллаараа явж байна. Тиймээс малчид бороо ормогц отор нүүдэл хийж малаа таргалуулах, боломжтой хэмжээнд хүртэл цөөлөх, хадлан тэжээлээ сайтар базаахад анхаарал хандуулах шаардлагатай болов уу.

Д.Цогтбаатар: Орон сууцны зээлийн урьдчилгааны 20 хувьд төрөөс баталгаа гаргана

 

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөр 30 хувийн 20-ийг нь төрөөс батлан даах асуудал өнгөрсөн хоёр сарын турш яригдаж байсан билээ. Тэгвэл энэхүү яриа биелэхэд ойртжээ. Засгийн газар дээрх асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа аж. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар энэ талаар хэвлэлд мэдээлсэн юм.

Тэрбээр “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төр баталгаа гарах боломжтой гэж Засгийн газар тогтоолын төсөл боловсруулсан.

Одоо энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал /УИХ/ баталчихвал дундаж орлоготой, шалгуурт нь тэнцсэн, зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувийн төлбөрийн баталгаагаа төрөөс гаргуулж, авч болно.

ХАХНХЯ-аас хүн амын маш нарийвчилсан судалгаа хийгээд 20 ангиллаар хуваачихсан байгаа. Тэгээд ангиллаас 7-16 дугаар ангилалд багтаж байгаа хүмүүс энэхүү зээлд хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл дундаж давхаргынхан хамрагдана гэсэн үг. Уг тодорхойлолтоо харьяа дүүргээсээ авна. Төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажилладаг гэж зааг ялгаа тогтоохгүй” хэмээн ярьсан юм.

М.Энхсайхан: Нар буцлаа, барилгын улирал дууссан

 

УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байсан Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслөө Засгийн газар эргүүлэн татсан билээ. Засгийн газрын зүгээс, энэ алхмаа “Илүү боловсронгуй болгохын тулд” хэмээн тайлбарлаж байгаа. Харин УИХ-ын ажлын хэсэг “Заавал гадны хөрөнгө оруулалт татах шаардлагагүй, Эрдэнэс

Таван Толгой өөрсдөө олборлолт хийгээд явах боломжтой” хэмээн зөрүүтэй байр суурь илэрхийлж буй. Тэгвэл Мега төслийн удирдагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан төслийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын Ажлын хэсэг 60 гаруй хонохдоо ямар ч албан дүгнэлт гаргаагүй.

Зөвхөн дарга нь ганц хоёр хэвлэлийн бага хурал хийснээс цаашлаагүй. Ямар нэг юм хийхгүй ингээд суугаад байлтай биш, Засгийн газар бололцоо л хайж байгаа хэрэг. Ингэлээ гээд төсөл хэрэгжих магадлал УИХ-аас хамаарсан хэвээр байгаа. Яахав үзээд алдаг гэж л бодож байна.

Засгийн газар өмнө барьсан төслөө татахаас гадна УИХ-ын шийдвэрийн шинэ төсөл өргөн барихаар болж байгаа. Үндсэн санаа нь Таван Толгойд байгаа нийт найман лицензийн талбайг хамруулсан бодлогын чиглэл тогтоосон, бүх чиглэлд төмөр зам барихдаа 51 хувийг нь “Монголын төмөр зам” компани эзэмшиж байх утгатай. Түүнийгээ УИХ-ын даргын зөвлөл дээр намуудын дарга нартай “тохирсон” хувилбар гэж тайлбарлаж байгаа. Үүнийг С.Баярцогт, Р.Жигжид сайд тохиролцсон гэж байгаа. Надтай бол нэг ч уулзаагүй. Ажил нь явж байвал би хошуу дүрээд яахав гэж бодож байгаа.

Төмөр замыг нь 51 хувь өмчилнө гэснээс өөр өөрчлөлт байхгүй. 

Төмөр замыг нь 51 хувь өмчилнө гэснээс өөр өөрчлөлт байхгүй. Энэ саналд хөрөнгө оруулагчид ямар хариу барихыг хэлж мэдэхгүй байна. Монгол Улсын хувьд энэ санал нь зөвхөн Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд гэхэд л наад зах нь 600 сая.ам долларын үнэтэй тусна.

Бүх юм хуучнаараа үлдэж болно оо. Гэлээ гээд “Эрдэнэс Таван Толгой” компанийн 500 сая ам.долларын өр, зээл дундрахгүй байх аа. Нүүрсний үнэ муу байгаа учир хэчнээн нүүрс гаргана төчнөөн зардал гаргана. Өөрөөр хэлбэл, 10 сая долларын үнэтэй нүүрс гаргахад мөн 10 сая доллар зарцуулна гэсэн үг. Үр дүнд нь улс маань өрөө даахгүй хямрах байх даа.

Миний мэдрэмж 50 хувийн магадлалтай. Өнгөрсөн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй. Цаг л алдсан. Ямар ч байсан өөдрөгөөр төсөөлье гэхэд энэ жил өнгөреөн хорвоо болсон биз ээ. Нар буцлаа, барилгын улирал дууссан” хэмээн өгүүлсэн байна.

Э.Амартүвшин: Их гүрнийг донсолгож байгаад ирлээ

 

BBC агентлагийн Уэльс дэх салбараас зохион байгуулдаг “BBC Cardiff Singer of the World" дуулаачдын наадмын энэ оны шалгаруулалтад Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин амжилттай оролцож, шилдэг тавд шалгаран “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн билээ.

Тэрбээр эх орондоо ирээд сэтгэгдлээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрбээр “Монголд дуурийн урлаг өндөр хөгжсөн, тусгай театртай гэдгийг англичууд бараг мэддэггүй юм байна. Манайхан “Бид дэлхийн түвшинд хүрсэн” гэж ярьдаг ч харамсалтай нь үнэн байдал ийм л байна. Тиймээс энэ уралдаанд оролцсоноороо Монголынхоо сонгодог урлагийг маш тодорхой томьёолоод ирлээ гэдгээрээ бахархаж, баярлаж байгаа.

Үзэгчдийн таашаалд нийцсэн дуучныг дэлхийн хэмжээнд утсаар явуулсан санал асуулгаар тодруулсан. “Амартүвшин хүний зүрхэнд хүрч чаддаг дуучин байна” гэж олон хүн хэлж байсан. Олон сайхан сэтгэгдэл байсан даа. Уралдааны гол шүүгч нар явцын дунд дуучидтай огт харилцаагүй. Эцсийн шалгаруулалт дууссаны дараа л уулзаж, сэтгэгдлүүдээ хэлсэн.

Тэдний нэг нь надад "Би 23 жилийн өмнө энэ уралдаанд орж, чам шиг шилдэг тавд үлдсэн. Гэхдээ түрүүлж чадаагүй. Гэсэн ч Кардиффын дараа миний карьер дэлхий дахинд өссөн” гэж урамшуулж байсан. Америкийн өөр нэг эмэгтэй шүүгч Та Ренатогийн ариг дуулаад дуусахад, очоод талын хөлийг үнсмээр санагдсан” гэж хэлсэн нь миний хувьд маш том үнэлгээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Зураг