Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Түлхүүр

Ц.Баттуяа
2015 оны 6 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Шөнө дундын үед хэн нэгний хачин жигтэй харцнаас цочоод сэрчих нь тэр. Нүдээ аниатай атлаа хэн нэгэн над руу цоо ширтээд байгааг мэдрэх тийм нэгэн жигтэй мэдрэмж. 

Би нүдээ нээмэгцээ тэрхүү жигтэй мэдрэмжийн эзэн надаас ямар нэгэн зүйл нэхээд байгааг олж мэдэв. Эрс шийдэмгий харцнаас чөлөөлөгдөөд, нэхэл хатуугаар надаас ямар нэгэн зүйл гуйх том аман дотор орчих ч гэж дээ. Хамгийн хачирхалтай нь, тэр чухам юу гэж хэлээд байгаа нь огт сонсогдохгүй юм.

Уруулаа цорвойлгосон энэ эрхлэнгүй ам намайг аргадаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг санагдах агшинд би бүр үгийг нь хэрхэн ойлгохоо мэдэхгүй болтлоо самгардчихна.

Хэчнээн хичээгээд ч сонсож чадахгүй байгаагаас хойш сонсох гэж тэгтлээ чармайгаад ч яах билээ.

Хэчнээн хичээгээд ч сонсож чадахгүй байгаагаас хойш сонсох гэж тэгтлээ чармайгаад ч яах билээ. Ерөөсөө л больё, чихээ таглачихъя. Харамсалтай нь, энэ ч бас тийм мэргэн санаа байсангүй. Ямар нэгэн хүйтэн зүйл өвдгийг минь шүргээд өнгөрөх мэт санагдахад тун болгоомжтойгоор яаралгүйхэн доош харлаа. Рашааны дусал л агуулмаар ариун бумба мэт хоёр жижигхэн алга. Зүс нь үл танигдах тэр нэгэн амьтан энэ жижигхэн хоёр гараа өвдгөн дээр минь тавиад, алгаа хичээнгүйлэн дэлгэж, надаас өглөг горьдсоор амой. 

“Би мэдэхгүй. Би чамаас юу ч аваагүй. Тиймээс чамайг яг юу нэхээд байгааг чинь ойлгохгүй байна” гэж хүчлэн хашхирлаа. Тэр огт сонсохгүй байгаа бололтой. Би хоёр гараараа чихээ дарсан хэвээрээ хөлөө өөр рүүгээ аажуухан татаж, өвдгөө цээж рүүгээ түрэн суулаа. Хананд хамаг биеэрээ наалдчихаад, цээжин биеэс ургасан эрхтэн бүрээ өөртөө хумин хураачихаад, хаашаа зугтахаа мэдэхгүй эвхрэлдэж суугаа би түүнд хэтэрхий өрөвдөлтэй харагдаж байгаа байх даа. 

Ядаж байхад шөнө дундын үед хүртэл цонх нэвтлэн сүүмэлзэж, гүн нойрыг минь хулжаачихдаг өнөөх саран хүртэл хааччихав аа. Эзнийхээ үхлийг хүлээн мярайж хэвтдэг муур шиг тагнуулч хөх саран минь. Үтэр түргэн ирж, намайг авраач дээ.

Гэтэл амтат зүүдийг минь хулгайлсан өнөөх дүрлэгэр алаг нүд бодлыг минь таачихав уу гэлтэй, яг өмнө минь ирээд хөндөлсчих нь тэр. Түүнээс нэг их холгүйхэн сарталзах том шонхор хамраас гарах амьсгал хүртэл цаанаа л нэг дарамттай. Хүн, хүнхийтэл тээртэй амьсгаагаар над руу үлээх тэрхүү хамрын доор байрлах том улаан уруул, түүний цаанаас ярвалзах хавтгай цагаан шүднүүд, юу юугүй намайг бүслээд авах гэж буй мэт том улаан хэл... Эзэнгүй эд эрхтнүүд ийм дарамт учруулж чаддаг гэж төсөөлж ч байсангүй.

Айж балмагдсан, сандарч чичирсэн, эргэлзэж тээнэгэлзсэн, энэ бүх таагүй мэдрэмжүүддээ эрүүлээр сэтгэх ухаанаа хүлүүлчихсэн намайг тэр одоо яах бол? Яг энэ асуултанд чинь үтэр түргэн хариулт өгье гэсэн шиг туриа муутай жижигхэн хоёр мутраа над руу огцом сунган, чихээ дарсан хоёр гарыг минь тун зоримог атгав. Миний төсөөлөлд ч амиламгүй тийм их хүчээр хоёр гарыг минь хүчлэн татсанаа хөсөр хаях мэт огцом тавилаа.

Тэгснээ цээжин биендээ шигтгэх мэт татсан хоёр өвдөгийг гудхийтэл татаж орхив. Улмаар хамаг биеэ хураан авахыг хүсэлдээ эзэмдүүлэн бөндөгнөтөл чичирч байсан хоёр мөрөн дээрээс минь огцом чангаар атгалаа. Түүний ер бусын хүчийг мэдрэх тэр агшинд би гагцхүү миний өмч хэмээн хураан хумиж байсан бүх эрхтнээ зөнд нь тавьж, зүс нь үл танигдах хэн нэгний мэдэлд өгөв. 

Нүд минь түнэр харанхуйд эзэмдүүлсэн энэ өрөөн дотор ширхэг хар шоргоолз гүйсэн ч тодоор харж чадахаар тийм хурцаар гэрэлтэж эхэллээ. Чих минь зүс нь танигдахгүй нэгний хүчинд автсан миний бяцхан орон зайд ширхэг хар ялаа ниссэн ч тодхон сонсож чадахаар сонор болов. Хамгийн чангаар хашхирсан ч хүчгүйдэн туйлдаж асан хоолой минь хэзээ, хэзээнээс илүү цээлхэнээр сонсогдохыг мэдрэв. 

-Түлхүүр хаана байна?

-Юун түлхүүр вэ? Би чиний түлхүүрийг аваагүй. 

Би ингэж хариулсныхаа дараах секундэд хэн нэгнийг таних эрэлд гарав. Нэг л танил царай. Чамтай би чухам хаана учирсан билээ. Тэрхүү хачирхалтай учралын үеэр би чамаас чухам юуг чинь хулгайлчихсан юм бол? 

-Түлхүүр хаана байна?

-Ямар түлхүүр вэ?

Ингэж хариулсныхаа дараа би түүнийг хэн болохыг танилаа. Эргэн санахыг хүсдэггүй дурсамжуудаа хар гэрт цоожлоод, умартсаны минь төлөө өнгөрсөн цаг миний араас нэхэж иржээ.

-Түлхүүр хаана байна?

-Мэдэхгүй...

-Түлхүүр хаана байна?

-Өгөхгүй. Чаддаг юм бол чи хаана байгааг нь таа л даа.

-Түлхүүр? 

-Тааж чадвал чамд бүрмөсөн өгье. Даанч чи тааж чадахгүй л дээ. 

-Түл...хүүр... Тү...л...хүүр... Түл... Тү... 

Зураг