Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Алт, гянтболдын нинжа эдүгээ чулуу, ногоо, самрын нинжагаар хүрээ тэлжээ

Х.Болормаа
2015 оны 6 сарын 26
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Төрийн албан хаагч гээд надад наалдсан юм алга. Харин ч заримдаа энэ ажил маань надад гай болох шинжтэй. Сумынхаа иргэдтэй хамт “нинжадъя” гэхээр төрийн албан хаагч гэдэг сэтэр надад тээг болдог байсан. Тэгээд их олон жил тэвчсэн. Одоо бол манай сумынхан бүгд шахам “нинжадаж” байна. 

Сумын захиргаанд Засаг дарга л ганцаараа үлдсэн. Бусад нь бүгд нинжа болсон. Хэний тогоонд хэдэн хэрчим мах байгааг сумаараа мэддэг юм хойно нэрэлхэж суугаад хожсон юм алга” хэмээн нэгэн суманд төрийн алба хашдаг Д сэтгэлээ уудлав. Арай ч ингэж шалдаа буух учиргүй хүний тэвчээр алдарсныг бодвол байдал бишиджээ.

ТЭД ЯГ НҮҮДЭЛЛЭЖ ЯВАА ЦАРЦАА ШИГ

Эдийн засаг 17.5 хувиар осож байсан 2011 онд Солонгост хар ажил хийхээр явах Монгол хүн олдохоо байж, жижиг ч болов чамлахааргүй олон үйлдвэр аж ахуйн нэгж үүдээ нээн, айл бүрийн ядаж нэг гишүүн ажилтай болж байлаа.

 Явсан газар бүрт нь онгойсон нүх, овоолсон шороо, улаанаар эргэлдсэн ус үлддэг.

Тэр үед ногоон түмпэн хог дээр хаягдаж, нинжа нар цагаан цамц толийтол индүүдэн, хар гутлаа гялалзтал тослоод ажилд орсон. Харин одоо ногоон түмпэн эргээд хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа болж, газар шагайсан нинжа нар хаа сайгүй хэрэн хэсүүчилж явна. 

Тэд яг сүрэг хар хорхой шиг. Тэд яг нүүдэллэж яваа царцаа шиг. Явсан газар бүрт нь онгойсон нүх, овоолсон шороо, улаанаар эргэлдсэн ус үлддэг. Ноднин тэр “царцаа” олширсон. Өнөө жил бүр олуулаа болжээ.

“Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дахь Хан Баянзүрх хайрхнаас баруун тийш байх Цагаан цав гэдэг газарт өнгөрсөн тавдугаар сарын 27-нд хэсэг хүн гар аргаар алт ухаж байгаад орон нутгийн байгаль хамгаалагчид баригджээ. Металл хайгч, хүрз, жоотуу гээд алт олборлоход хэрэг болох бүхнээр “зэвсэглэсэн” тэр хүмүүс нь Сайншанд сумын I, IV багийн иргэд”. “Ховд аймгийн Алтай, Цэцэг сумын заагт орших Цагаан эрэг гэдэг газраас гянтболд олборлохоор нутгийн иргэд нь энэ зургадугаар сарын 15, 16-нд очсон байна.

Тэд гэрээ барин, газар ухаж байтал нөхөн сэргээлт хийнэ хэмээн дөрөв таван хятад очсоноор маргаан дэгдэж, зодоон цохиондоо тулснаар цагдаа дуудахаас өөр аргагүйд хүрчээ.

Нинжа нарын гэрийг цагдаа нар буулгаж, асуудлыг зохицуулахаар ажиллаж байна. Ховд аймгийн Байгаль орчны болон Цагдаагийн газраас ажлын хэсэг томилон, газар дээр нь ажиллуулж байна”. Нинжатай холбоотой иймэрхүү мэдээлэл өнгөрсөн жилээс эхлээд хэвлэлийн хуудаснаас салахаа байсныг уншигч та анзаарав уу.

НИНЖА ЯВСАН ГАЗАРТ БАЛАГТАЙ

Нинжа олширсон өмнөх “үзэгдэл”-ийн үед Монгол орон бүхэлдээ химийн хорт бодисоор бохирдож, улсын нийслэл дэх орон сууц, үйлчилгээний газрын бохирын хоолой, угаалтуураас мөнгөн ус илэрч, уулын мухар дахь хар овоохойнд хүртэл алт тээрэмдэж байв.

Нинжа явсан газарт энэ мэт балаг мундахгүй.

Үүний балгаар химийн бодисоор бохирдсон газруудыг 2008-2010 онд 3.1 тэрбум төгрөг зарцуулан цэвэрлэсэн. Энэ мөнгөний 300 саяыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас, 1.4 тэрбум орчим төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 1.4 тэрбум төгрөгийг тухайн оны төсвийн тодотголоор гаргасан юм.

Энэ бүх зардлын 30 хувийг шатахууны төлбөр, 44 хувийг тээврийн хэрэгсэл түрээсэлсэн төлбөр, 19 хувийг бохирдсон хөрс саармагжуулж, булшлах хөлс гурван хувийг төрийн албан хаагчдын томилолт эзэлж байна. Ийм их мөнгө зарцуулсан ажлын үр дүн өдгөө алга. Улс даяараа хөдөлж, эрвийх дэрвийхээрээ цэвэрлэсэн ч эргээд Монгол орон химийн бодист эзлэгдчихлээ. Нинжа явсан газарт энэ мэт балаг мундахгүй.

НИНЖА “ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙН ХУВЬД БАЯЖИЖ” БАЙНА

Бор ходоодоо тэжээх гэсэн энгийн иргэд л тэр үед нинжа болоод алтны араас улайрдаг байсан бол өнөөдөр хариуцлагатай компани, төрийн сайд, төрийн албан хаагчид нь хүртэл булш бунхантай уул нурааж, газар сэндийчин, гялтайх шар юмны араас хатаж явна. Алт, гянтболд, нүүрсний нинжа нар эдүгээ самар, чулуу, төмсний нинжагаар хүрээгээ тэлж, шинжлэх ухааны хэллэгээр бол " төрөл, зүйлийн хувьд баяжиж" байна.

Хайж байгаа чулуугаа ямар нэртэйг нь мэдэхгүй ч нэг кг нь, томоохон ганц ширхэг нь ямар үнэ хүрэхийг мэддэг чулууны нинжа нар говийн аймгуудын нутгаар улаан өнгөтэй чулууны эрэлд мордоод жил боллоо. Тэдний явсан газарт одоо улаан чулуу үлдээгүй. Нинжа хүрээгүй газар бараг үлдээгүй тул говийн хөрсөн дээр улаан чулуу үзэгдэхгүй. Газар дээрхийг нь хамж дуусгасан тэд эдүгээ доорхийг нь хуу хамахаар хүрз, жоотуу бариад дайрч байна.

Самрын нинжа нар өнгөрсөн өвөл хуштай уулын амьтдыг үргээчихсэн. “Хавар болтол харихгүй ээ. Дулаарахаар алтанд явна” гээд Цагаан сараа ууланд угтсан айлыг ч би мэднэ. Эхнэр нь хоол хийж, самрын нинжа нарт зардаг бол нөхөр нь өдөржин мунаар хуш цохин доргиож боргоцой унагах ажилтай. Унасан боргоцойг хүү нь түүж, урт урт хадаас хадсан гар тээрэмдээ хийн эргүүлж, цөмөх үүрэгтэй. Ингэж цөмсөн самрыг нь ирээд авчихдаг ченжтэй.

Самрын ченж гурав хоногт нэг очихдоо гурил будаа дөхүүлнэ. Max худалдаж авахгүй. Ан хийнэ. Ийм байдлаар ууланд өвөлжсөн тэр гэр бүл одоо ногоон түмпэнгээ үүрээд хаашаа ч юм явчихаж. Хоёр бага нь гэрээ сахиад үлджээ. Хаягдаад сурчихсан тэд наадам хүлээн, хоног тоолж сууна. Алт, самранд балчирдах ч энэ хоёр ногоонд бол нинжа.

Наймдугаар cap гарангуут ах нь хүрч ирээд хамтдаа Борнуур явдаг. Хэдэн зуун гагаар хэмжигдэх талбайд төмс, хүнсний ногоо тарьсан ногоочид комбайнаар ургацаа хураахад техникт баригдаагүй үлдсэнийг нь ногооны нинжа нар түүж авдаг. Үнэ хүрдэггүй, хадгалах зоорь багатай гээд зарим ногоочин жижиг төмс, сонгино, луувангаа шуудайлж авалгүй хаячихдаг юм.

Башиг гэж нэрлэдэг ийм гологдлууд нинжа нарын хувьд намаржин, өвөлжин, хаваржин идэх хүнс болно. Газар хагалаагүй, ганц ч үр суулгаагүй байж ургац хурааж авдаг ийм нинжа хөдөөгүүр зөндөө. Хэдэн cap хөлсөө урсгаж ургуулсан ногоог нь нинжа нар зүгээр л анаад явчихдаг ногоочид гонсгор байдаг ч хадгалах зоорь хүрэлцэхгүй, зараад тээврийн зардлаа ч нөхөхгүй болохоор яая гэх вэ гээд орхидог юм билээ.

МОНГОЛЫГ ТЭД Л ТЭЖЭЭЖ БАЙНА 

Нөгөө талаас нь харвал Монголд ажилтай, орлоготой хүн нинжа л байна. Компаниуд ар араасаа хаалгаа барьж, дэлгүүр хоршооны орлого муудсан өнөө цагт нинжа л Монголын ард түмнийг тэжээж байгаа нь үнэн. Цомхтголд өртсөн ажилгүйчүүд нинжа нарын эгнээнд элсэж байж л бор ходоодоо тэжээж байна.

 Цомхтголд өртсөн ажилгүйчүүд нинжа нарын эгнээнд элсэж байж л бор ходоодоо тэжээж байна. 

Монголбанкинд хэн алт тушааж байна? Нинжа нараас алт цуглуулдаг ченжүүд.

Нинжа нарын “буянаар” нөхөн сэргээлтийн компаниуд дуу дуугаа авалцан байгуулагдаж, ажилтай, орлоготой болж байна. Банкнаас хэн зээл авч, авснаа төлж байна? Бас л нинжа нар. “Нарантуул”-ын наймаачдыг, гэр бүлтэй нь, нарийн яривал Эрээн хотыг тэжээж ууж байгаа хамгийн гол хүн нинжа л байна. Тэдний буяныг хамгийн их  хүртэгсэд бол архины үйлдвэр, дэлгүүрүүд. Нарийн яривал архины үйлдвэрт улаанбуудайгаа тушаадаг тариаланчид ч нинжа нараар тэжээлгэж байгаа.

Нинжа нарын буян ингээд дуусахгүй. Хайгуулын лицензээр алтны талбай авчихаад хайгуул хийж, нөөц бодуулж, төрийн олон байгууллагын үүд сахиж, цаг мөнгөө үрэхгүй байх мэргэн арга бодож олоод чадварлаг хэрэгжүүлж байгаа компаниуд олон бий. Тэр мэргэн арга нь хайгуулын талбайдаа нинжа оруулах.

Нинжа орсон газар үлийн цагаан оготны нүх шиг болоод хоцрох нь мэдээж. Ингэж газраа сүйтгүүлээд нөгөө компани нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл аваад, алтаа олборлочихдог. Үнэхээр мэргэн санаа байгаа биз. Би лав алга ташна. Металл хайгч, хүрз, жоотуу гээд хамаг байдгаараа өвч бүрэн “зэвсэг”-лэлээ ч гар аргаар л олборлож байгаа хойно өнгөн хөрсний жаахан алтыг нь л авч дөнгөнө. Үлдсэн алтаа компани дараа нь “нөхөн сэргээх”-дээ авчихна.

Тэгэхээр хүрз барьж, түмпэн үүрсэн хөгийн амьтад харагдаж байгаа ч нинжа нар угтаа аж ахуйн нэгжүүдийг ч тэжээж байгаа биз. Компани улсад татвар төлнө. Татвараар төр амьдарна. Тэгэхээр монголыг өнөөдөр нинжа нар л тэжээж байна.

Зураг