Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ГРЕКИЙН эдийн засгийн тухай ГАЙХМААР БАРИМТУУД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтээр Грекийн засгийн газар болон Европын удирдагч нар хэрхэн тохиролцохыг хүлээж байна.

Энэ зуур Грекийн эдийн засагтай танилцацгаая.

Үнэндээ Грек гэж ямар эдийн засагтай орон юм бэ?


Грек орон санхүүгийн хямралд байнга өртсөөр ирсэн түүхтэй. Грекийн хамгийн анхны дефолт нь М.Э.Ө дөрөвдүгээр зуунд болж байв.

Тэр үед Грекийн 13 хот-улс Делосын сүмээс мөнгө зээлцгээжээ. Гэвч зээлэгсдийн ихэнх нь зээлээ төлөөгүй тул сүм 80 хувийн алдагдал хүлээж байсан баримт бий. Сонирхуулахад тэр үед Плато, Аристотель, Их Александр нар амьд сэрүүн байжээ.


Орчин үеийн Грект таван удаа дефолт тохиолдсон нь дефолтын аварга Венесуэл, Эквадор зэрэг улсуудын тооны талтай тэнцэж байна.

Үүнд:

  • 1826 онд Оттоманы эзэнт гүрнээс туурга тусгаарлах Грекийн дайны үед
  • 1843 онд Грек улс Баварын ханхүү Оттогоос 1832 онд цэрэг армидаа зориулж авсан зээлээ төлөхөө зогсоож байв
  • Үүнээс болоод Грек улс 1860-1878 оны хооронд олон улсын худалдаанаас тусгаарлагдав
  • Үүний дараа зах зээл нээгдэхэд хэт их зээл авснаас Грекийн засгийн газар 1893 онд өрөө төлөх чадваргүй болжээ
  • 1932 онд Их хямралын үеэр (Great Depression) Грект дахин дефолт тохиов.

Грек тусгаар тогтносноосоо хойш нийтдээ 90 орчим жилд нь санхүүгийн хямралтай байв.

1830-аад оны үед Их Британи, Франц, Орос гүрнүүдийн дэмжлэгтэйгээр Грек нь Оттоманы эзэнт гүрнээс салж тусгаар тогтносон юм. Түүнээс хойшх 196 жилийн 90 жилд нь энэ орон санхүүгийн хямралтай байжээ.


Грекийн авлигалын хэмжээ ДНБ-ийхээ 8-10 хувьд хүрдэг.

Даниел Кауфманы хийсэн Бруклиний Их сургуулийн судалгааны тайланд Грекийн авлигалын зардал нь жил бүрийн ДНБ-ийхээ 8 орчим хувийг эзэлдэг гэжээ. Зарим нь бүр 10 хувь хүрнэ ч гэж үздэг. Энэ авлигалын үлэмж хэсэг нь энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шингэсэн байдаг гэнэ.

Евро Комиссын 2014 оны тайланд Грекийг Европын Холбооны хамгийн өндөр авлигалтай орон, хэмжээгээрээ Хятадтай дүйцнэ гэж дурдсан байдаг.


Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Грек хүмүүс “тайлагнасан орлогоо 100 хувь өрөндөө” төлдөг.

Грекчүүд ийм тайлан гаргаж өгдөг нь тэд орлогоо худлаа мэдээлж татвараас зугтдаг гэсэн үг. Зөвхөн 2009 онд бизнес эрхлэгч Грекчүүд 28 тэрбум еврогийн татвараас ингэж бултсан байдаг гэнэ.


Хөдөлмөрийн насны, залуу Грекчүүдийн 49.7 хувь нь ажилгүй.

Өнгөрсөн жил Грекийн залуу үеийнхний ажилгүйдлийн хэмжээ 56.4 хувь хүрч байв.  Нийт ажилгүйдлийн хэмжээ нь 2015 оны гуравдугаар сарын байдлаар 25.6 хувьд хүрчээ. 2013 оны есдүгээр сард 28 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа.


18-34 насны Грекчүүдийн 63.5 хувь нь эцэг эхийн хамт амьдардаг.

2010 оноос хойш энэ тоо эрчимтэй өсчээ. Санхүүгийн асуудалтай тулгарч төрсөн эцэг эхийнхээ гэрт буцаж ирэх нь ердийн үзэгдэл болжээ.


Грекийн хүн амын 23.9 хувь нь 24 хүртэл насны хүүхэд, залуус. Харьцуулбал Саудын Арабын ийм насныхан хүн амын 47 хувийг эзэлдэг.

Грек бол хөгширч байгаа үндэстэн. 15-24 насныхан дөнгөж 9.8 хувийг эзэлдэг. Харин 55-аас дээш насныхан 32.9 хувь. Төрөлтийн түвшин нэг эмэгтэйд 1.3 хүүхэд оногдож байгаа. Тэтгэврийн зардал өсч, ажиллах хүч хомсдож байгаа нь энэ орны нэг том бэрхшээл.


Грек дэлхийн гуравдахь том оливийн тос үйлдвэрлэгч. Жилийн үйлдвэрлэдэг оливийн тосны жин нь 1,575 хөх халимтай тэнцэнэ.

Грекийн ДНБ-ий хэмжээ $242.2 тэрбум. Оливийн тосны үйлдвэрлэлээр Испани, Италийн дараа гуравт ордог. Жилд 300,000 тонн тос гэсэн үг. Үүний 90 хувь нь ЕХ-нд нийлүүлэгддэг ажээ.

Грект бүр 13 дугаар зуунд суулгасан модод тос гаргасаар байдаг гэнэ.


Грекийн нэг хүнд ноогдох тамхины хэрэглээ Энэтхэгийнхээс 28 дахин их.

Грек тамхины хэрэглээгээр дэлхийд гуравт ордог буюу нэг хүнд 2,795 ширхэг оногддог. Энэтхэгт энэ тоо 97 байдаг юм.


Анхны Олимпын наадам Ромын эзэнт гүрэн унахаас 1,250 жилийн өмнө зохиогдсон.

Анхны Олимпын наадам М.Э.Ө 776 онд зохиогдож М.Э 393 он хүртэл үргэлжилсэн байна. Ромын эзэн хаан Теодосиус хориглосноор зогсож байжээ. Ихэнх эрдэмтэд Ромын эзэнт гүрнийг М.Э. 476 онд албан ёсоор төгссөн гэж үздэг.

 

Эх сурвалж: Business Insider