Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлд 10 хувийн урьдчилгаа төлөх боломжтой боллоо

Г.Номин, iKon.mn
2015 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон 20 хувьд нь баталгаа гаргах тогтоолыг Засгийн газрын 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэнтэй холбогдуулан өнөөдөр Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.

Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь /урьдчилгаа төлбөр/-д 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд цаашид тус банкинд үүсч болзошгүй эрсдлийг хаах зорилгоор Засгийн газрын баталгаа гаргаж, 2016 оноос эхлэн жил бүрийн Төсвийн тухай хууль болон Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган, санхүүжүүлэхээр болжээ.

Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Ирэх долоодугаар сард багтаан иргэд орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгааг төлж зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Зээлийг тодорхой зорилтот бүлэгт олгох ажлын хүрээнд НХХЯ-н дээр иргэдийг орлогийн түвшингээр 20 бүлэгт ангилсан нарийвчилсан судалгааг хийсэн байгаа. Уг ангилалын 5, 6 дугаар бүлэгт багтсан иргэд ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаагаа төлж, 20 хувьдаа баталгаа гаргуулаад зээлд хамрагдах боломжтой. Бидний зүгээс иргэдээ ажил мэргэжил, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж ялгавартай хандахгүй. 

Мөн урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцны зээл авах боломж хэвээрэй байгаа" гэлээ.

Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Үүнд:

1.    Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болох;

2.    Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх;

3.    Барилгын салбарыг санхүүгийн эрсдлээс хамгаалах;

4.    Иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжийг бүрдүүлэх;

5.    Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн цаашид худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 80 м/кв-аас нэмэгдүүлэн ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжийг Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан Монголбанкнаас судалж байгаа хэмээн БХБ-ын сайд хэллээ.

Засгийн газар, Монгол банктай хамтран “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох" хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 2013 оноос эхлэн олгосноор өдгөө 19,116 зээлдэгчийн нийт 566.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлж, 36,864 иргэн 1987.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан байна.