Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 2015-2016 оны төрийн өмчийг хувьчлалаас энэ жилийн төсөвт 170 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгаад байгаа билээ.
Тиймээс УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар төрийн өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж батлах зайлшгүй шаардлага байгаа юм. Өчигдөр АН, МАН-ын бүлгийн хуралдаанаар 2015-2016 оны өмч хувьчлалын талаарх асуудлыг хэлэлцсэн байна. АН болон МАН-ын бүлгийн гишүүд нийгмийн салбарыг хувьчлалыг дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн юм. Харин МАН-ын бүлэг Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани зэрэг суурь дэд бүтцийг хувьчлахгүй гэсэн байр суурьтай байгааг хэлсэн.
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр ямар, ямар компаний төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, хэрхэн хувьчлахаар тусгасныг хүргэж байна.
Цахилгаан, дулааны станцын 70 хувь нь төрд үлдэнэ
"Дулааны цахилгаан станц-4", "Дулааны цахилгаан станц-3” “Дулааны цахилгаан станц-2", “Дарханы дулааны цахилгаан станц” “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байхаар тогтож үлдсэн хувьд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглана гэж тооцжээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.
Шивээ-Овоо компанийн 51 хувийг төр эзэмшинэ
Шивээ-Овоо хувьцаат компанийн 90 хувийг төр эзэмшиж буй. Тэгвэл Шивээ-Овоо компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байхаар тусгаж үлдсэн 39 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар хувьчлах юм байна. Хувьчлалаас олох хөрөнгөөр тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх юм байна. Тус компанийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээ нь нийт 90 тэрбум төгрөгөөр илэрхийлэгддэг уул уурхайн төрийн өмчит томоохон компанийн нэг. Гэхдээ сүүлийн хэдэн тус компанийн өглөг хэмжээ эрс нэмэгдэж байгаа юм. Гэхдээ ашигтай ажиллаж байгаа компанийн тоонд багтаж буй.
Багануур компанийн 24 хувийг хувьчилна
“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувь байхаар тусгажээ. Тус компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ 75 хувь байсан юм. Тэгвэл төр 51 хувийг эзэмшиж, үлдсэн 24 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх юм. Багануур компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 2014 оны байдлаар 34 тэрбумд хүрсэн ч нийт авлагын хэмжээ 81 тэрбумд хүрсэн байна. Гэхдээ тухайн жил зургаан тэрбумын ашигтай ажилласан байна.
Эрдэнэс Тавантолгой
“Эрдэнэс ТТ” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах;
Оргил Рашаан сувилалыг хувьчилна
“Оргил рашаан сувилалын 100 хувь төрийн эзэмшилд байдаг. Тэгвэл тус сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр төрийн эзэмшлийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж бүрэн хувьчлах юм байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан
Харин Тариалан эрхлэлтийг дэмжих санг элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгээр хөрөнгийг дахин үнэлж хувьчлах юм байна.
Кино урлагийн дээд сургуулийг хувьчилна
“Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
Хөдөө аж ахуйн бирж
Хөдөө аж ахуйн бирж хязгаарлагдмал хариуцлагатай компанийг түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлэн, төрийн эзэмшил 34 хувь байх хэмжээнд хувьчлахаар тусгажээ.
Авто импекс төрийн эзэмшлийн 51 хувийг хувьчилна
”Авто импекс” хувьцаат компанийн төрийн мэдлийн 51 хувийг нэгж хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах юм байна
Монгол шуудан
Монгол шуудан 100 хувь төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл, төрд 66 хувийг нь үлдээж 34 хувийг нь хувьчлах юм байна.
Монголын цахилгаан холбоо
“Монголын цахилгаан холбоо” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 54.6 хувийг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төлөвлөжээ.
Мэдээлэл холбоо сүлжээ
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мэдээлэл холбооны үндсэн суурь сүлжээний үйлчилгээ эрхлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийг цаашид энэ чиглэлээр нь дагнасан үйлчилгээ эрхлэх зарчмыг хадгалан дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар тусгажээ
Хөтөл
“Хөтөлийн цемент шохой” 100 хувь төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлэх, үлдсэн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилна.
Монголын хөрөнгийн бирж
“Монголын хөрөнгийн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зах зээлийн үнэлгээг тогтоон, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих саналыг тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!