Олуулаа болохсон. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ хөгжинө. Олуулаа бол сайхан амьдарна. Хүн нэмбэл хүнс ч нэмэгдэнэ. Гурван саяул бид дөрөв, таван саяулаа болоод авахсан.
Аавууд үнэг хайчилж, алаг үрс сүү ханхалсан энгэрт эрхлэн бойжиж, айл бүрт бойтогны хонх жингэнэж байгаасай. Монголын үрс маш олон болтугай...
Монгол Улс маш олон үртэй болох сайхан зорилгынхоо өмнө өвдөг сөхөрчээ.
Монгол Улс маш олон үртэй болох сайхан зорилгынхоо өмнө өвдөг сөхөрчээ. Саваа бэлдсэн хойноо саалиа зэхдэг ард түмэн атлаа тосож угтах өлгий муутай хэр нь үр хүүхдийн түүс болох гэж дээ гэх цөхрүү үг аяндаа урсана.
Бидний амьдран буй нийгэмд гаж үзэгдлүүд олширлоо ядуурал, гэр бүл салалт. Гэмт хэрэг, түгшүүр, өнчрөл хагацал. Эрчүүдийг эмэгтэйчүүд үзэн ядаж, харчуул нь хүүхнүүдэд бурууг нялзаана. Ийм л өлгийд нялхсаа угтсаар...
"Аав аа, би буруутай” гэж нэгэн бяцхан зүрх хэлсэн. Уруул нь өмөлзөвч урсах нулимсгүй болтлоо туйлдсан, өөдөөс нь эрхлэн тэвэрмээр байвч тэнхээгүй болтлоо тарчилсан зүрх байсан юм. Удалгүй зогссон. Ямар ч буруугүй хэрнээ уучлал, хайр горьдсоор одсон.
Охиныг хөнөөсөн хэрэгт төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутган шүүж буй. Энэ шүүх хурлаас монгол залуусын амьдралын нэгэн төрх бодитой харагдав.
Охины эцгийн амин хувиа хоохойлсон өмгөөлөл, хойд болон төрсөн эхийнх нь арчаагүй яриа нь манай нийгэмд адгуусан амьтнаас нэг их хол ялгарахааргүй бүхэл бүтэн сүрэг тэнүүчилж явааг илчилнэ. Бидний дунд олон олон Цогт, Маралмаа, Өнөржаргал бий. Тэд шилжилтийн нийгмийн ороог бусгаа дунд өсөж өнөөдрийг хүргэсэн. Одоо гэрлэх насны залуус болцгоожээ. Тэдний хүүхэд ахуйд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, соёлын хөтөлбөр, ном сурах бичиг тасарсан үе.
Айл гэрт хүүхдийн хүмүүжилд тавих анхаарал суларч, эцэг эхчүүд мөнгөний гачаалаас яаж гарах вэ гэдэгт толгой өвтгөж байсан бүхэл бүтэн үеийг бид арайхийн туулсан. Өнөөдөр тийм үед хүүхэд нас нь өнгөрсөн залуус яг Т.Цогт нар шиг хөнгөн дурлаж, маргааш нь эмзэг айл болж, бас эдэн шиг эмгэнэлтэйгээр салах вий гэсэн болгоомжлол төрж байна.
Элбэрэл хайр, хүний ёс, мөс чанар, хариуцлага гэж юу байдгийг мэдэхгүй нэгэн үе өндийж байгаа юм биш биз? Монголын төрд залууст хандсан нийгмийн бодлого байна уу? Т.Цогт эрчүүд голдуу цугласан цагдаагийн байгууллагад ажилладаг юм билээ. Хөвгүүдийг эр хүн болгодог гэх цэргийн алба, эсвэл эрчүүд олонтой хүчний байгууллагын залуу ажилтнуудад тусгайлан эр хүн, эцэг, нөхөр байх тухай сэтгэл зүйн зөвлөгөөг хичээл, сургалтын хөтөлбөрт нь заавал оруулах цаг болжээ. Монгол охид, хөвгүүд гэр бүлийн орчинд эцэг эхийнхээ үлгэр дуурайлаас суралцдаг боловч танхимаар, хөтөлбөрөөр бие хүний боловсролд сургах зайлшгүй шаардлага залууст дутагдаж байна.
Ханиа буруу сонгосноо шүүхийн өмнө залуу эр “хүлээв”. Төрсөн үрээ хадам эцэгтээ үлдээгээд , өөртэй нь нийлж байгаа Г.Маралмааг яагаад зөв сонголт гэж бодсон юм бол.
Өдөр өдрөөр “санаандгүй” шарх нэмэгдсээр байхад нь яагаад охиноо түүнтэй үлдээж зүрхэлсэн юм бол. Ханиа буруу сонгосон хүнд ял оноодог заалт Эрүүгийн хуульд үгүй гэдгийг тэр мэдэж байна.
Дөрвөн настай охин гунигт амьдралаараа залууст гашуун сургамж өгөөд буцсан.
Энэ хэрийн боловсролтой мөртлөө бяцхан охиноо үхэл рүү хөтөлсөн хариуцлагагүй эцэг. Тэр анхны хүүхдээ эхэд нь өгөөд салсан бол хоёр дахь үр нь гунигт түүхээ бидэнд үлдээгээд бурхны оронд очсон. Ийнхүү охины үхлийн гол буруутнаар “тодроод” буй гурав дахь эхнэр нь мань эцгийн гурав дахь хүүхдийг хэвлийдээ тээж байгаа.
Шүүх хурлын үеэр Т.Цогт удахгүй хорвоод мэндлэх хүүхдийнхээ хувь заяанд санаа зовсон үг ганцыг ч унагаагүй. Ханиа л буруу сонгосноос биш төрсөн үрээ алаагүй “хөөрхий” эр гэдгээ шүүхэд нотлох нь л түүний хувьд гол зорилго нь. Хайрлах, энэрэх сэтгэл огт байдаггүй Т.Цогт шиг залуус олон бий шүү, бүсгүйчүүд ээ. Охин уг нь түүнд хэлсэн юм билээ, “Аав аа, би буруутай” гэж. Эцэг шиг эцгүүд бол бяцхан үрээсээ ийм үг сонсвол улам ихээр хайрлан “Үгүй дээ, аав нь буруутай” гэж хэлдэг юм.
Монголчууд гурван саяулхнаа. Бид олуулаа болно оо. Дөрвөн настай охин гунигт амьдралаараа залууст гашуун сургамж өгөөд буцсан. Монголын олон үрсийг ямар өлгийд тосохоо бодлого боловсруулагчид анхаарах цаг болсныг заавал ийм гашуун түүхийн дараа сануулах ёстой гэж үү. Эрүүл бус нийгэмд гаж үзэгдэл хавтгайрдаг гэдэг. Жигшүүрт гэмт хэрэг гэр бүлийн орчинд гарах болсон нь Монголд бухимдал ямар цэгт очсоны гэрч юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!