Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах хуучин циркийн /бөмбөгөр ногоон/ барилга буюу одоогийн Циркийн сургуульд гал гарч, гал унтраах 10, 14, 34, 105 дугаар ангийн 40-н албан хаагч газар дээр нь ажиллалаа.
Галын дуудлагыг тус сургуулийн жижүүр н.Дэрмээ 21.30 цагийн үед Шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд өгчээ. Түүний хэлж буйгаар өнөөдөр /өчигдөр/ тус сургууль дээр сантехникийнхэн ажиллаж, гагнуур хийсэн гэнэ. Галын шалтгаан ч үүнтэй холбоотой байж магадгүй тул гагнуур хийсэн ажилчдыг дуудсан байгаа. Азаар галд хүн өртсөнгүй гэсэн юм.
Циркийн сургуулийн ойролцоох оршин суугчдын хэлж байгаагаар гал унтраах ангиуд дуудлагын дагуу шуурхай ирсэн байна. Гэвч энэхүү барилга нь 1930-аад онд баригдсан, олон жилийн насжилттай модон байшин тул гал хурдан авалцжээ.
Галын нөхцөл байдлыг 00.30 цагийн үед эргэн лавлахад, "Бүрэн унтраагүй байна" гэлээ.
Дашрамд дурдахад, уг хоёр давхар барилга нь Монгол Улсын урлагийн салбарын ууган барилгуудын нэг төдийгүй түүхэн талаасаа ихээхэн ач холбогдолтой газар юм. Мөн өдгөө дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа Циркийн сургуульд ирэх жил төгсөх 20 гаруй тооны сурагчид суралцаж байжээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn



Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!