Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Apple гэхэд эхэнд ордог А үсэг

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 6 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
 

Монголын хэвлэлүүдийн энэ оны III улирлын захиалга эхэлсэн байна. Сонин, сэтгүүл ялгаагүй бүгдээрээ захиалгын рекламаа чадах чинээгээрээ хийж эхэллээ. Энэ “Гэрэг”-т ч хамаатай.

Гэхдээ бид захиалгын рекламаа тавиад л өнгөрөхийг хүссэнгүй. Уншигчдад бид юу чаддагаа харуулахыг хүслээ. Тиймээс хоёр долоо хоногийн турш жил гаруйн хугацаанд бэлтгэсэн 61 сэтгүүлээсээ 14 нийтлэл онцлон сонгож, өдөр бүр iKon.mn цахим хуудаснаа дэлгэж байна. Та үз, унш. Үүний дараа бид танаас “Гэрэг” сэтгүүлийг захиалах уу? гэж асууна. 

Энэ удаа сэтгүүлч Б.Эгшиглэнгийн бичсэн “Аpple гэхэд эхэнд ордог А үсэг” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
Болгооно уу!


“Алим гэхэд ордог А үсэг”. Бага ангид орохоос ч өмнө цэцэрлэгт, эсвэл гэрт чинь цагаан толгойн эхний үсгийг хэн нэгэн танд заасан нь дамжиггүй. Тэгвэл шинэ зууны бяцхан иргэд I phone, I pad, таблет дээрх “Apple”-ийн шошгоноос А үсэгтэй танилцах болсон нь маргааны нэг сэдэв болжээ. 

Багачуудын технологийн хэрэгцээ цагаан толгойн үсгээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Тэд аав, ээжийнхээ ухаалаг утаснаас хүүхэлдэйн кино үзэж, зураг зурж, үлгэр сонсож байна. Үүнийг бичихтэй зэрэгцэн хоёр настай дүү маань I pad-аар гэрийнхнийхээ зургийг авч, хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан болгон хувиргасандаа тун ч баярлах аж.

“Компьютерийн хөгжлөөс харахад, технологийн шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэхийн тулд мэргэжилтэн байх шаардлага жил ирэх бүр багассаар байна. Дөнгөж хөлд орж буй жаал ная гарсан эмээтэйгээ ямар ч төрлийн таблетыг төвөггүй хэрэглэж чадна. Энэ нь сэтгэлзүй, оюун ухааны хөгжлийн ялгаа боломжоос үл хамааран технологийн хувьд бүгд тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн Их Британийн сэтгэл судлаач Жонатан Фрийман ярьсан байх юм. 

Өөрөөр хэлбэл Монгол, Америк, Япон, Испани гээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа нэгэн үе тэнгийнхэн хөгжлийн адил гараанаас уралдах боломж өмнөх зуунуудтай харьцуулахад өссөн гэсэн үг юм. Багачууд цахим ертөнцийн хязгааргүй орон зайд эртнээс аялах болсноор өөрт нь ашигтай мэдээллийг түргэн хүлээн авч, боловсруулж, мэдлэг болгох чадвар нь сайн хөгжинө.

Үүнийг технологийн компаниуд ч соргогоор мэдэрч, хүүхдийн нас насны онцлогт тохирсон программ, аппликэйшнийг шил дараалуулан үйлдвэрлэсээр байна. “Financial times”-ын саяхны нэгэн дугаарт гэхэд “Компаниуд хүүхдэд зориулсан таблет, аппликэйшнийг зорилтоо болголоо” гэсэн нийтлэл хэвлэгджээ. 2011 оны сүүлчээр хүүхдэд зориулсан 100 гаруй аппликэйшн бүртгэгдсэн бол өдгөө үүнийг тоолох ч аргагүй.

Энэ төрөлд манлайлагч “Bestkidsapps.com” гэхэд төхөөрөмжийн төрөл, хүүхдийн нас, танин мэдэхүйн хөгжилд тохирсон зуу, зуун аппликэйшн санал болгодог бөгөөд сард 100 мянгаас дээш хандалттайгаас тал хувь нь таталт хийдэг аж.

Хэвлэлийн зах зээлийн акулуудын нэг “Penguin” хүүхдэд зориулсан номнуудаа хэдийнэ iPad хувилбарт оруулсан бол “Disney” ч тэднээс дутахыг хүссэнгүй, хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тоглоомууд танилцуулсан нь эрэлт ихтэй байгаа. 

Багачуудын технологийн хэрэглээ хэдийгээр ийм ашигтай байгаа ч эрүүл мэнд болон хувь хүний харилцааны хөгжил алдагдаж буйг хэн ч хүлээн зөвшөөрөх биз. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилсээр байвал ирээдүйд биеийн хөгжил сул, цонхигор хүмүүс улам олшрох талаар эмч нар “муу ёрлож” байна. Урьдын цагт “Нэг товч дараад л бүх хүслээ гүйцээх” тухай яриа ид шид мэт төсөөлөгддөг байсан бол өнөөдөр энэ нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсний буруутан нь хэн бэ? 

“AVG” компани Ази, Европын 10 улсын 2-5 настай хүүхэдтэй 2200 ээжийг хамруулан судалгаа хийхэд багачуудын 58 хувь нь компьютер хэрхэн тоглохыг мэддэг хэрнээ 42 хувь нь л дугуй унаж чадаж байв. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд 2-5 настнуудын технологитой байнга харилцах хувь 70-д хүрсэн аж. Тэдний есөн хувь нь л гутлаа үдэж чаддаг бол, 19 хувь нь I phone-ы аппликэйшний учрыг төвөггүй олдог төдийгүй хөвгүүдийн 58 хувь, охидын 59 хувь нь аав, ээж рүүгээ залгаж, ярьж чадна. 

“Эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхэд өсгөх тухай ойлголт шинэ зуунд бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ухаалаг утас, интернэт, зурагт хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн асуудлыг хариуцаж байгаа нь зөв зүйл биш. Ялангуяа залуу эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ технологийн шинэ төхөөрөмжүүдэд шилжүүлсэн нь харамсаар үзэгдэл. Судалгаагаар 35-аас дээш насны ээжүүдийн хүүхдүүд гэхэд нэрээ бичиж, тоглоом, аяга тавгаа хураах гэх мэт амьдралын наад захын чадваруудыг эзэмшсэн нь тогтоогдсон” гэж судалгааг тэргүүлсэн “AVG” компанийн гүйцэтгэх захирал Ж.Р.Смит ярьжээ. 

Тэгвэл Сан-Францискогийн их сургуулийн профессор Жим Тэйлорын “Psychology today” сэтгүүлийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын дугаарт хэвлүүлсэн нийтлэл энэ тал дээр өөдрөг сэтгэгдэл төрүүлнэ. “Хүүхдэд анхаарал төвлөрөлт, идэвх хэрхэн төлөвших нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамааралтай. Өнгөрсөн зуунд уламжлалт тоглоом, зурагт тэдний танин мэдэхүйн хэрэгсэл болдог байлаа.

Уламжлалт тоглоомууд бага насны хүүхдийн гар хурууны хөдөлгөөн, сэтгэн бодох, танин мэдэхүйн хөгжилд  сайнаар нөлөөлөхөөс гадна эцэг эхтэйгээ, үе тэнгийнхэнтэйгээ тоглосноор нийгмийн харилцаанд орох давуу талтай байсан. Гэхдээ шинэ зууны иргэдэд энэ нь хангалтгүй.

Зурагтын хувьд хүүхдийн төсөөлөх чадварыг бууруулдаг муу үр дагавартай. Харин интернэт тоглох, сурах зэрэг нь танин мэдэхүйн хөгжлийг бүхэлд нь өөрчилсөн. Рочестерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар интернэтийн программууд, хүүхдэд зориулсан танин мэдэхүйн цэсүүд анхаарал төвлөрүүлэх, идэвхтэй байх, хариу үйлдэл үзүүлэх, төсөөлөх чадварыг сайжруулдаг нь тогтоогдсон.Технологид эргэлзээ төрүүлж буй гол асуудал нь эцэг эх өөрсдөө юм” хэмээн тэрбээр бичжээ.

Технологиос үүдэх эрсдэлээс хүүхдээ хамгаалахын тулд таваас доош насны хүүхдийн ухаалаг утас, I pad ашиглах цагийг нэгээс хэтрүүлэхгүй байх, үе тэнгийнхэнтэйгээ харилцах орчныг бүрдүүлэх, аль болох их цагийг хүүхэдтэйгээ ярилцахад зарцуулахыг зөвлөж байна.

Хэрвээ та хүүхдийнхээ хэрэглэж буй аппликэйшн, үзэж буй бичлэгийн агуулгад хяналт тавьж, цагийг нь зөв хуваарилж чадвал интернэт, технологи дайсан огтхон ч биш” гэжээ.

Эцэг эхчүүд энэ тухай 

 
“Интернэт, технологи дэндүү хурдацтай хөгжиж байна. Энэ нөхцөлд хүүхдүүд маань насан туршдаа ухаалаг утас, таблет, ирээдүйд бий болох шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэх нь дамжиггүй. Нэгэнт цаашид байнга хэрэглэхээс хойш аль болох хэрэглүүлэхгүй байхыг хичээдэг. Хамгийн гол нь хүүхдийн дөнгөж өсөж буй бие бялдар, хараанд муу нөлөөтэйгөөс гадна амархан ядраадаг.”     
О.А, социологич
“Цаг үеийн өөрчлөлт, хөгжлийг үгүйсгэх аргагүй. Ухаалаг утас, хэрэгслээр хүүхдийг хэт тоглуулах буруу, мөн хязгаарлах нь ч зөв шийдвэр биш. Хамгийн гол нь зохистой хэрэглээнд сургах нь чухал. Ингэснээр дэлхийн бусад үе тэнгийнхэнтэйгээ адил түвшинд хөгжиж чадна шүү дээ.” Ж.Б, УИХ-ын гишүүн
“Хэдийгээр багачуудад зориулсан аппликэйшн ашиглаж, тоглох нь оюуны хөгжилд сайнаар нөлөөлж болох ч энэ насны хүүхдүүдийн хувьд гадаа тоглох, үеийнхэнтэйгээ харилцах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь илүү хэрэгтэй болов уу.” Ч.Е, орчуулагч
“Хүмүүс хоорондын амьд харилцаа үгүй болох ирээдүй заримдаа төсөөлөгдөх юм. Жаахан хүүхдүүд ухаалаг утас, таблет зэргийг томчуудаас дутахгүй эзэмшиж, тоглож байна. Энэ нь сайн талтайг үгүйсгэхгүй ч сөрөг шинж нь илүү гэж би боддог. Наад зах нь нүдний хараа, мэдрэлийн тогтолцоо муудахаас гадна гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдана. Хэрвээ сайн ажиглавал хүүхдүүд бие биетэйгээ тоглохоос илүүтэй зурагт, компьютер, ухаалаг утас, I pad-аар тоглож, бичлэг үзэх нь хэт олширлоо. Дэндүү эрт хөгжих нь хүүхэд төдийгүй гэр бүл, нийгэмд сөрөг нөлөөтэй.” Б.Т, багш
“Гурван настай зээ дүү маань ухаалаг утас, I pad байнга булаацалдахын дээр чадварлаг ашиглахыг нь яана. Youtube ороод л дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, тоглоно. Хөөрхөн дуу, бүжиг сурснаас гадна англи цагаан толгойг хэдийнэ цээжилж, англи дуунууд сонсголоороо сурчихсан. Гэвч тийм жаахан хүүхэд “Нүд, нуруу, толгой өвдлөө, массаж хийж өгөөч” гэх юм. Тэгэхээр хүүхэд энэ насандаа кибер ертөнцөд байхаас илүүтэй хүрээлэн буй орчинтойгоо танилцах нь зөв гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Тэгээд ч тэдний кибер ертөнцөөс авч буй мэдээлэл нь том болсон хойноо ч төвөггүй нөхөж авч болохуйц зүйлс. Дэлхийн хүүхдүүдээс нэг их хоцроод сүйд болох нь юу л бол.” Б.Б, яруу найрагч
“Эргэн тойронд нь байгаа шинэ технологи, төхөөрөмжийг охиндоо танилцуулах үүднээс ухаалаг утас, I pad-аар маш бага хугацаанд тоглуулдаг. Аль болох уламжлалт оньсон тоглоом болон бусад зүйлстэй танилцуулж, оюуныг нь хөгжүүлэхийг хичээдэг.” Т.М, эмч
“Миний том хүү гурван настай. Аав, ээжийнхээ laptop, I phone-ыг хүссэн үедээ асаагаад л тоглоом тоглож, дуртай нэвтрүүлгээ үзчихдэг. Эхнэр, бид хоёр хүүгийнхээ сонирхол, эрх ашгийг нь дээдэлдэг учраас тэгтлээ хорьдоггүй. Харин ч хүүхдэд зориулсан танин мэдэхүйн аппликэйшн, программ суулгаж өгсөн. Мэдээж цагийн хязгаарлалт, хугацаа зайлшгүй байх шаардлагатай. Цагийн хуваарийг нь тохируулж, бусад уламжлалт тоглоом, найзуудтайгаа харилцахад нь цаг гаргаж өгөх нь аав, ээж нарын үүрэг. Шинэ технологи, төхөөрөмжийг хүүхдээс хол байлгах, хязгаарлах нь буруу. Тэдгээрийг хэрэглэснээр хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нэмэгдэж байгаа нь ч нүдэнд илт байдаг юм.” Д.А, зураглаач
“Хүүхдээ технологийн шинэ зэмсгүүдийг зөв хэрэглэхэд нь тусалж чадвал цаашдын сэтгэхүйн хөгжил, хичээл, хувь хүний чадварыг нь хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Аливаа зүйл хэтэрсэн тохиолдолд сөрөг үр дагавар үүсдэг учраас хэрэглээг зохицуулах тухай л яриа юм. Ерөнхийдөө шинэ зууны хүүхдүүдийг багаас нь техникийн дэвшил, ололттой танилцуулж, ажиллуулах нь маш үр өгөөжтэй гэж бодож байна.” Б.Д, тогооч
“Хүүхдийн технологи шохоорхох, хэрэглэх гэсэн хүслийг хорих нь боломжгүй зүйл. Харин технологийг хүүхдэд аюулгүйгээр үйлдвэрлэх, зөв хэрэглээг бий болгох, үзэж буй агуулгад хяналт тавихад анхаарах хэрэгтэй.” Г.Б, маркетингийн менежер
“Технологи хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүйд муугаар нөлөөлөх эсэх нь эцэг, эхээс шалтгаална. Багаасаа шинэ төхөөрөмжүүдийг эзэмшиж сурснаар технологиос айдаггүй болно. Ийм байх нь дээр гэж би үздэг. Том болсон хойноо буруу юманд нь хүрчих вий, эвдэлчих вий гэж айж суухгүйн дээр өөртөө хэрэгтэй мэдээллээ олж, ашиглаж сургах нь зөв.” Д.Б, сэтгүүлч

 

Б.Эгшиглэн 

 

Зураг