Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТААЛАМЖГҮЙ ба ТААЛАМЖТАЙ

Т.Энхбат, Өнөөдөр сонин
2015 оны 6 сарын 19
ӨНӨӨДӨР
Зураг зураг

САН ХӨМРӨГИЙН НАЙРЛАГА 

“Сангийн яам арилжааны банкнаас зээл авч төрийн албан хаагчдын цалинг тавьжээ” гэх яриа гарав. Ямартай ч энэ мэдээлэл одоогоор нотлогдоогүй байна. Өмнөх сард “Монголбанкнаас мөнгө зээлж цалин тавилаа” гэж бас шуугисан.

Сангийн яамныхан Монголбанкнаас мөнгө гуйсан нь үнэн. Нөгөөдүүл нь халгаагаагүй нь бас үнэн. Монгол Улсын төсвийн зардлын 60 хувийг цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж эзэлдэг. Энэ жилийн хувьд төсвийн нийт зардлын зургаан хувийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар болсон.

Мөн төсвийн 12.7 хувийг нь Засгийн газрын зээлийн хүүд өгнө. Ингээд үлдсэнээр нь бичиг цаас, шатахуун, дулаан гэх мэт хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авна.

Монгол Улсын төсвийн зардлын 60 хувийг цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж эзэлдэг.

Төсвийн ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй сандарч буй нь байдал бишидсэний шинж. Сангийн сайд Ж.Эрдэнэбат төсвийн орлого 13 хувиар тасраад буйг мэдээлсэн. Жилийн эцэст төсөв нэг их наяд орчим төгрөгөөр тасрах магадлалтай гэнэ.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдаас гишүүд “Төсөвт тодотгол хийх үү” гэж лавлаж байсан. Ж.Эрдэнэбат сайд “Төсөвт тодотгол хийнэ. Зардлаа хасах чиглэлийг баримтлах болов уу.

Гэхдээ үйл ажиллагааны зарим зардлыг нэмэх ч шаардлага бий” гэж хариулсан. Сангийн яамныхан намрын чуулган эхлэнгүүт УИХ-д төсвийн тодотгол өргөн мэдүүлэхээр битүүхэн төлөвлөж буй юм билээ.

Эдийн засаг хүндэрсэн учраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, тэр хэрээрээ төлөх алба гувчуурын хэмжээ нь буурав. Зарим нь татвараа төлөхгүй “луу унжих” тохиолдол ч гарч байгаа нь дуулдана. Иймээс л татварын орлого буурч байгаа хэрэг.

Оны сүүлийн хагаст аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих магадлал бий. Гэхдээ л манай улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбар дээрдээгүй учраас найдах хэрэггүй.

Засгийн газар нийт 10 гаруй их наяд төгрөгийн өртэй. Үүний гурван их наяд нь дотоодын зах зээлд тавьсан өр юм. Сангийн яам өрийн бичиг гаргаад арилжааны банкуудад зарчихсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн хадгаламжийн мөнгөөр өмнөх жилүүдийн төсвийн алдагдлыг нөхсөн гэсэн үг. Дотоодын болон “Чингис” бонд зэрэг гадаад өрийн хүүнд төсвийн зардлын 12.7 хувийг зарцуулдгийг дээр дурдсан. Өрнийхөө зөвхөн хүүг төлөхөд жилд 700-800 тэрбум төгрөг зарцуулж байна. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд энэ бол том тоо.

Хөгжлийн банкны санхүүжилтийг Сангийн яамныхан хянаж байгаа. Зарцуулалтыг нь ч төсвийн нэг хэсэг болгосон. Сангийн яамныхан төсвийн алдагдлыг тэлэхгүйн тулд Хөгжлийн банкны санхүүжилтийг “барьж” буй.

Болгоомжилсон аястай сангийн бодлого хэрэгжүүлж байгаа нь энэ. Төсвийн алдагдал  өсөх магадлалтай, дээрээс нь  өрийн дарамт жин дарж байгаа учраас ингэхээс өөр аргагүй биз. Монгол Улсын сан хөмрөгийн найрлага тааламжгүй байна. 

ХЯМД ӨР

Сангийн яам нэг тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг Засгийн газраас авсан. Гэвч хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Гадаадаас хөрөнгө босгох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Мэдээж бондоороо төсвийн алдагдлаа нөхнө. Үндсэн шалтгаан нь энэ. 500-600 сая ам.долларын бонд гаргахад Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн хязгаарыг давахгүй аж. Ийм хэмжээний бонд гаргавал төсвийн алдагдлыг бүрэн нөхөх боломжтой.

Гэхдээ Сангийн яам их хэмжээний өр тавихгүй л болов уу гэж таамаглаж байна.

Сангийн яам нэг тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг Засгийн газраас авсан.

Төсвийн алдагдлын тодорхой хувийг нөхөх өр тавих байх, эсвэл их мөнгө зээлээд дотоодын өрөө дарж мэдэх юм. Өөр нэг шалтгаан нь  дотоодын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой юм.

Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасны хүү 16 хувьд хүрсэн. Тиймээс хямд хүүтэй мөнгө олохыг зорьж буй хэрэг. Бага хүүтэй мөнгө зээлбэл төсвийн зардлыг өсгөхгүй нь мэдээж. Мөн Засгийн газрын дотоодын зах зээлээс татсан гурван их наяд төгрөг банкуудын нийт хадгаламжийн 25 хувьтай дүйж байгаа.

Тэгэхээр бодит эдийн засгийг дэмжих мөнгөний дөрөвний нэгийг төсөв рүү татаж аваад цалин, тэтгэвэрт тараачихсан гэсэн үг. Гадаадаас мөнгө босгож буй үйлдэл нь нэг талаар дотоодын эдийн засгаа дэмжих арга юм. Гадаадаас зээл авснаар ам.долларын урсгалыг хэдэн зуун саяар нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Үүний нөлөөгөөр ам.долларын ханш буурна. Гадаадаас мөнгө босгох нь дотоодын эдийн засагт ийм тааламжтай аж.

"Оюу толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар Монголын имиж олон улсын зах зээлд эерэг харагдах болов. “Чингис” бондын хүү буурснаар үүнийг тайлбарлаж болно. Уг бондын хүү дэлхийн зах зээлд хоёр хувиар буурч, 6.69 болоод байна. Засгийн газрын энэ удаа гаргах бондын хүү “Чингис”-ийнхтэй ойролцоо тогтох болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа.

Худалдаа хөгжлийн банк сарын өмнө Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг 9.375 хувийн хүүтэй гаргасан. Тэднийх “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа арилжсан бол хоёр хувийн хүү хэмнэх байв.

Одоо Худалдаа хөгжлийн банкны бонд зах зээлд 7.45 хувийн хүүтэй байна. Засгийн газрын бондын хүү үүнээс арай хямд тогтох болов уу. Юутай ч дотоодынхоос хоёр дахин хямд санхүүжилт татах боломж харагдаж байна.

Нийлүүлэлт нэмэгдэхээр “ногоон”-ы ханш, хүү буурдаг жамтай. 

АНУ мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр үлдээлээ. Бодлогын хүүгээ өсгөнө гэж байнга “айлгаж” байсан Холбооны нөөцийн банкны захирал дуугаа аядав. Зөөлөн бодлого үргэлжилбэл ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхээр “ногоон”-ы ханш, хүү буурдаг жамтай. Энэ бол дэлхийн зах зээлд хамгийн хүчтэй нөлөөлөх мэдээ юм.

Сарын өмнөхтэй харьцуулбал, гадаад зах зээл ч тааламжтай болчихож. Дашрамд сонирхуулахад, Хөгжлийн банкны удирдлагууд сүүлийн сард олон зочинтой уулзжээ. “Жи Пи Морган”, “Дойче” зэрэг “аварга” банкууд төлөөлөгчөө манайх руу илгээсэн гэнэ. Хөрөнгө оруулалт сэргэж буй хандлага ч байж мэднэ.

САНГИЙН СТРАТЕГИ

Төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлийг батлахдаа 2016 оноос алдагдалгүй байхаар тусгасан. Энэ бол зөв алхам. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд үргэлж алдагдалтай төсөв баталж ирлээ. Түүний илрэл нь дотоодын зах зээлд тавьсан гурван их наяд төгрөгийн өр юм.

Ирэх жилүүдэд төсвийг ашигтай биш юм гэхэд алдагдалгүй батлах шаардлага бий. Ингэж байж өрөө удирдах аргаа олно. Нэмж өр тавиад байвал хэцүүднэ. Магадгүй Засгийн газар гадаадын хямд санхүүжилт авч, дотоодоос өндөр хүүтэй зээлсэн өрөө дарж болно. Тэгвэл зардал нь буурах юм. Монгол руу орж ирэх ам.долларын урсгал нь эдийн засагт ч тустай.

Зураг