Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүсээгүй дайны золиос нь хүүхэд байх учиргүй

Ч.Болортуяа, Өнөөдөр сонин
2015 оны 6 сарын 18
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Улаанбаатар хотод амьдарч буй сая гаруй иргэн 400 орчим мянган тээврийн хэрэгслээр зорчиж байна. Гэвч өглөө гэрээсээ гарсан хүн орой нь эсэн мэнд харина гэсэн баталгаа үнэндээ алга. Муу амласан юм биш ээ. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу жолооч, хурд хэтрүүлснээс болж олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж байгааг хэн хүнгүй мэдэж буй. 

Тэр тусмаа бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртэн, амиа алдсан харамсалтай хэрэг ар араасаа гарсаар байгаа нь гашуун үнэн. Уржигдар л гэхэд “Эрдэм транс” ХХК-ийн “Daewoo” маркийн автобусны жолооч есөн сартай хүүхдийн толгойг хаалгаараа хавчиж гэмтээсэн бол согтуу жолооч есөн сартай хүүгээ тэвэрч, гурван настай охин хөтөлж явсан эмэгтэйг мөргөж бэртээжээ.Харамсалтай нь тэр эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан байна.

Энэ мэтчилэн зам тээврийн ослоор ганц хоногийн дотор 1-2 хүн нас барж, 10-20 хүн гэмтэж бэртэж байгааг Замын цагдаагийн газрын статистик мэдээллээс харж болох юм.

Зам тээврийн ослоор ганц хоногийн дотор 1-2 хүн нас барж, 10-20 хүн гэмтэж бэртэж байгаа

Зам дээрх энэ дайн сүүлийн үед орон нутагт бүр ч ширүүссэн. Энд тэндгүй машин онхолдож, хүн нас барж, гэмтэж бэртсээр байгаа нь хөдөөгийн замаар явахаас ч эмээхэд хүргэлээ. Өөрийн болон өрөөлийн амь насыг атгаж яваа жолооч нар Замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй байгаагаас зам дээрх “дайн”-ыг улам гааруулсаар байна. Үүнд нь ямар ч буруугүй бяцхан хүүхдүүд өртөж, амиа алдсаар байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх нь согтуу жолоочтой холбоотой байдгийг Замын цагдаагийнхан хэлдэг.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 600 орчим хүн нас барсны 150 гаруй нь хүүхэд байжээ. Хойч ирээдүйгээ хүсээгүй дайны золиос болгохгүйн тулд хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Манай улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 1996 онд анх батлагдсан. Тэр цагаас хойш 11 удаа өөрчлөлт оруулсан ч зарчмын хувьд төдийлөн сайжраагүй юм байна. Харин энэ оны УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж хэлэлцэхээр шийдвэрлэсэн. 

Ингэснээр одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг системээр нь өөрчлөх аж.

Тухайлбал, бага насны хүүхдүүдийг осолд өртөхөд хүргэсэн эцэг эхэд нь хариуцлага тооцох, хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх заалтыг оруулж өгчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнд оноох хариуцлагыг нэлээд чангаруулахаар заасан аж.

Одоогийн мөрдөж буй хуулиар зөрчил гаргасан иргэнийг 10-20 мянга, байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгодог ч энэ нь хэнэггүй жолооч нарт шийтгэл болж чадахгүй байна.

Харин тус хуулийн шинэчилсэн төсөлд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэнийг 20-80 мянгаар торгох, согтуугаар болон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд мөнгөн торгуулийг нэмж, жолоо  эрхийг нь хасах хугацааг уртасгах заалт оруулж байгаа юм байна.

19 жилийн өмнө батлагдсан тус xуульд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын алба хэрэгжүүлнэ” гэж заасан ч одоо болтол манай улсад ийм алба байгуулаагүй байх юм. Ингэснээр тус хуулийг үндсэндээ огт хэрэгжүүлээгүй гэж хэлж болохоор байгааг учир мэдэх хүмүүс хэлж байн. Цагдаагийн байгууллагын харьяанд Замын цагдаагийн газар ажиллаж байгаа ч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын yлсын албаны үүргийг бүтэц, чиг үүргээрээ ч тэр  хэрэгжүүлж чадахгүй байгаа аж.
Цаасан дээр л тунхаг төдий байдаг олон хуулийн нэг болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай xyyлийн шинэчилсэн найруулгыг баталбал төрлийн болон хувийн хэвшлийнхэн, жолооч, явган зорчигчийн хүлээх үүрэг, хариуцлага  тодорхой болно гэдгийг хуулийн төслийн ажлын хэсгийнхэн дуу нэгтэй хэлсэн Одоо хүлээх л үлдсэн бололтой.


Дэлхийн жишиг

ХЯТАД, ТАЙЛАНДАД СОГТУУГААР ЖОЛОО БАРИВАЛ ЦААЗААР АВАХ ШИЙТГЭЛТЭЙ

М.Сугар-Эрдэнэ

Хэдийгээр дэлхий дахинд Замын хөдөлгөөний дүрэм ижил төстэй ч зарим улс оронд хүний санаанд оромгүй гайхалтай дүрэм үйлчлэх нь бий. Жишээ нь, Германд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй жолоочийг замд гарахаас нь эхлээд л олон бэрхшээл хүлээж байдаг. Эндхийн Замын хөдөлгөөний дүрэмд дунд хуруугаа гозойлгох, хэлээ гаргах гээд хуулиар хориглосон үйлдлийн бүхэл бүтэн жагсаалт байдаг.

Дүрэм зөрчсөн тохиолдолд 200-4000 еврогийн торгууль хүлээлгэдэг. Америкийн Пенсильвани мужид зоогийн газрын дэргэд 21:00 цагаас хойш дуут дохио хангинуулах, Тайландад унадаг дугуй, мотоциклыг цээж нүцгэн унахыг хориглодог. Замын ослын гол шалтгаан болсон хурд хэтрүүлэх зөрчил нь ихэнх оронд хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Харин Израйлд хурд хэтрүүлсэн шалтгаанаа замын цагдаад үнэмшилтэй тайлбарлаж чадах юм бол ямар ч шийтгэлгүй өнгөрч болдог гэнэ. Япон улс дэлхийн жолооч нарт үлгэр дуурайл болсон орон. Тус улсад явган зорчигч жолооч нар харилцан нэг нэгнээ хүндэлж, замын осол гарсан ч хэрэлдэж муудалцаж байгаа нь огт сонсогдохгүй. Магадгүй даатгалын систем өндөр хөгжсөн болохоор тийм байж болох ч япон хүний тэсвэр тэвчээртэй зан чанар бас нөлөөлж байгаа нь тодорхой. 

Японд явган зорчигчийг замын хажууд тогтсон усаар булхсан тохиолдолд 40 еврогоор торгодог. Хятадад явган зорчигчид дуртай газраа зам хөндлөн гардаг нь жолооч нарт ихээхэн саад учруулдаг. Нэг явган зорчигчид зам тавьснаас болж, хэдэн цагийн түгжрэл үүсэх тохиолдол гардаг тул гарцгүй газраар зам гарч буй этгээдэд зам тавьж өгөхийг жолооч нарт хатуу хориглодог байна.

Дэлхийн бүх жолооч улаан гэрэлтэй үед зогсож, ногоон гэрлээр яван, хурд хэтрүүлж, согтуугаар машин барьж болохгүй гэсэн үндсэн хэдэн дүрмийг цээжээр мэддэг ч замын хөдөлгөөний дүрмийг зөрчих явдал тасрахгүй байна. Ялангуяа хүний амь нас хохироосон, согтуугаар машин барих гэмт хэрэг аль ч оронд гарсаар л. Дэлхийд согтуугаар жолоо барьж байгаад хамгийн анх шийтгүүлсэн хүн бол Лондон хотын таксины жолооч Жорж Смит юм. Тэр 1897 оны есдүгээр сарын 10-нд 25 шиллингээр торгуулж байсан нь одоогийн ханшаар бол 130 доллар гэсэн үг юм. 1967 оны аравдугаар сарын 8-нд Их Британид жолоочийн цусан дахь алкоголийн хэмжээг шалгах хууль гарчээ. Үүнээс 10 жилийн дараа судлаачид шинэ хуулийн ачаар 6,000 хүний амь насыг согтуу жолоочоос хамгаалж чадсан гэсэн тооцоо гаргасан байдаг.

Согтуугаар машин барьсан тохиолдолд гадаад орнуудад ямар шийтгэл оноодгийг сонирхъё.

АНУ-д анх удаагаа машин барьж байгаад баригдвал, осол аваар хийгээгүй тохиолдолд 300 долларын торгууль төлж, хагас жил жолоо барих эрхээ хасуулдаг. Энэ шийтгэлээс 10 жилийн дотор дахин ийм зөрчил гаргавал торгуулийн хэмжээг 5,000 доллар, гурав дахь удаагаа давтан үйлдвэл 10,000 доллар болтол өсгөдөг.

Торгуулиас гадна тухайн этгээдэд 48 цагаас зургаан cap хүртэл хорих шийтгэл ч оногдуулж болно. Америкийн муж болгон өөр өөрийн хууль дүрэмтэй. Зарим газарт архи уугаагүй гэдгээ үнэрээр баталгаажуулахгүй бол асдаггүй төхөөрөмж машинд нь тавьсан байдаг. Зарим мужид согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан жолоочийг олон нийтийн ажилд албадан дайчилдаг. Хэрэв согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироосон осол гаргасан бол Америкт 10 жил хугацаагаар хоригдох ялтай.

Европын зарим оронд согтуугаар машин барих явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Испанид хоёр, Финландад дөрвөн жил хүртэл хорих хуультай.

Согтуугаар машин баригчдыг Их Британид дээд тал нь 7,200 еврогоор торгодог нь Европт хамгийн өндөрт тооцогдож байна. Харин Бельгид хамгийн хямд буюу 140 еврогийн торгууль төлдөг.

Германд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хүнийг эхний удаа 500, хоёр дахь удаад нь 1000 евро, гурав дахь удаагаа дүрэм зөрчвөл 3000 еврогоор торгодог. Цусан дахь алкоголийн хэмжээг 0.5 промиллээс илүүгүй байх ёстой гэж хязгаар тогтоосон байдаг ч хоёроос доош жил жолоо барьж байгаа шинэ жолооч, 21 нас хүрээгүй хүнийг маш бага хэмжээний согтолтой байсан ч жолооны ард суухыг хатуу хориглодог. Хэрэв зам тээврийн осол гаргасан бол өөрийн зардлаар жолоо барих эрхийн шалгалтад орох болдог бөгөөд шалгалт нь 500 еврогийн үнэтэй тул хэрэгтэнд бас хохиролтой. Шалгалтыг амжилтгүй өгвөл жолооны эрхийг цуцлах, эсвэл дахин сургахаар жолооны сургуульд илгээдэг нь дахиад 300 еврогийн нэмэлт зардлыг сахилгагүй жолооч төлнө  гэсэн үг.

Францад согтуугаар жолоо барьсан этгээдийг торгож, шүүхэд дууддаг бөгөөд хүний амь нас хохироосон бол 150 мянган евро, 10 жил хорих ялаар шийтгүүлнэ. Тус улсад жолооч нар машиндаа согтуу эсэхийг  шалгах багаж заавал авч явах шаардлагатай.  Өөрөөр хэлбэл, жолоо барихын өмнө жолооч цусан дахь алкоголийн хэмжээ хэвийн байгаа эсэхийг өөрөө шалгах дүрэмтэй гэсэн үг. Хэрэв багаж байхгүй торгууль хүлээдэг.

Скандинавын орнуудад торгуулийн, хэмжээ хүн бүрт өөр байдаг. Хэрэг санхүүгийн бололцоо, жолоо бар хугацаа, сэтгэл зүйн байдлаас шалтга торгуулийг тогтоодог аж.

Дани улсад гурван удаа согтуугаар жолоо барьсан этгээдийн машиныг хурааж авдаг.

Украинд согтуу жолоочийн эр гурван жил хүртэл хасаж, 40-50 олон нийтийн ажил хийлгэн, 7-10 хоног баривчилж, 260-425 долларын торгууль ногдуулдаг. Хэрэв хүний амь нас хохирсон бол 15 жил хорих ялтай.

Согтуу жолооч нарт хамгийн чанга шийтгэл оноодог газар бол Хятад. Согтуугаар жолоо барьж, хэргийг хүндрүүлэх шалтгаантайгаар хүний амь нас хөнөөсөн этгээдийг буудан алах ял хүлээж байдаг гэж ойлгоход болно. 2009 онд согтуугаар машин барьж байгаад таван хүнийг  дайрсан жолоочийг цаазаар авах ялаар шийтгэж байлаа. Тухайн үед цагт 50 км цаг хурдтай явах ёстой зам дээр 160 км цагийн хурдтай явж байсан нь хэргийг хүндрүүлэх шалтгаан болсон аж. Тайландад ч гэсэн ийм хэрэгтнийг цаазаар авах ялтай.

Харин Японд согтуу жолоочийн машинд явсан зорчигчдыг хамтад нь шийтгэдэг. Шийтгэл нь маш өндөр. Машинд байсан насанд хүрсэн хүн болгоныг 3,000 хүртэлх доллараар торгодог. Жуулчны болон шугамын автобусны зорчигч нарыг ч ялгаагүй торгодог хуультай.
Харин жолоочид доод тал нь 8,700 долларын торгууль, таван жилийн хор оногдуулдаг.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.БАТХҮҮ: Замын чанараас шалтгаалсан ослын хариуцлагыг уг замыг тавьсан гүйцэтгэгч хүлээнэ

Б.НОМИН

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Энэхүү хуулийг яагаад шинэчлэн боловсруулах болов?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг 1996 онд баталсан. Нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн явцад энэхүү хууль нь өнөөгийн харилцааг бүрэн хангаж чадахгүй байна.

Манай улсад гурван хүн тутмын нэг нь жолооч байна. 

Ганцхан жишээ хэлэхэд, улсын хэмжээнд 1996 онд автомашины тоо 6,500 гаруй байсан бол 2014 онд бараг 675,000 болж, 100 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн манай улсад гурван хүн тутмын нэг нь жолооч байна. Хамгийн аймшигтай нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас зөвхөн өнгөрсөн онд 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн нь өмнөх оныхоос 13.9-18.6 хувиар өссөн үзүүлэлт.

Тиймээс хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан юм. Нөгөө талаас зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан дүн мэдээ бий.

-Ганц Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ч гэлтгүй 25 жилийн өмнө нийгмийн харилцааг бүхэлд нь шинэчилж байх үед баталсан хуулиуд “хуучирч”, хоцрогджээ. Ерөнхийдөө эрх зүйн шинэчлэлийн нэгэн үе, давалгаа эхлээд байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хүчин зүйл гэхээс илүүтэй өмнөх хуулиас юугаараа ялгарахаар буйг товч тайлбарлаж өгөхгүй юү?

-Ерөнхийдөө системтэйгээр нь, иж бүрэн авч үзсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, зам, орчин, хүн гэсэн ойлголтуудыг цогцоор нь зохицуулахыг хичээсэн. Тухайлбал, одоогийн хуулиар зөвхөн цардмал зам дээрх харилцааг зохицуулж  буйг өөрчилнө. 

Тодруулбал, сайжруулсан болон хөрсөн, хайрган хучилттай зам дээрх харилцааг зохицуулахаар тусгасан нь хөдөөгийн замд гардаг ослыг бууруулахад тустай. Замын хөдөлгөөн нь замын цагдаа, жолооч хоёрын л хэрэг мэт ойлгогддог байдлыг халж, төрийн үүрэг тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжирна гэж найдаж байгаа.

Тухайлбал, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд үүргээ хэр биелүүлж буйг УИХ жил бүрийн нэгдүгээр улиралд хариуцсан Байнгын хороогоороо хэлэлцүүлнэ. Мөн Ерөнхий сайдын дэргэд орон тооны Ажлын алба бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Орон нутгийн эрх, үүргийг ч тодорхой болгож, нарийвчлан тусгасан. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэхэд л эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай, чанартай үзүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Уучлаарай, бас л Үндэсний зөвлөл гэсэн шинэ бүтэц байгуулах нь гэж ойлгогдож байна л даа.

-Зам, тээврийн сайдын тушаалаар байгуулсан одоогийн Үндэсний хороо яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудыг нэгтгэн зангидахад бэрхшээлтэй байдаг. Хамгийн гол нь дээрх зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүхий л бүртгэл, мэдээллийг нэгтгэж, төрөлжүүлсэн сан үүсгэн, дүн шинжилгээ хийх, чиг үүрэг өгөх, тайлан, мэдээ гаргах зэрэг олон үүрэг хүлээх юм.

Ер нь энд их олон зүйлийг тодорхой болгохоор зорьж буй. Замын хөдөлгөөнд оролцогч гэдэгт замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хамааруулахаар тусгасан. 2014 онд бүртгэсэн нийт ослын тав орчим хувийг явган зорчигчийн буруутай үйлдлээс болж гарсан осол эзэлж байгааг ч анхаарах ёстой.

Тухайлбал, төсөлд “Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арав, согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан.

Нөгөө талаас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургуулийн өмнөх болон Ерөнхий Боловсролын Сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний мэддэг олгох гэхчлэн замын хөдөлгөөнд оролцогчийнх нь хувиар хүүхдэд анхаарал хандуулсан нэлээд заалт бий. 2014 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдсэн. Үүнээс 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байдаг.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд жолоочийн хариуцлага жин дарах нь дамжиггүй. Гэтэл сүүлийн үеийн жолооч нар муу, тэднийг бэлтгэдэг сургалт, дамжаа нь хэт ашгийн төлөө ажилладаг гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм баталсны 90 жилийн ойн онол-практикийн бага хуралд Монголын авто сургууль, курсүүдийн холбооны тэргүүний хувьд оролцож, олон санаа оноо олж авсан.

Жолооч бэлтгэх тогтолцоог мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам хариуцахаар төсөлд тусгасан. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн гардаж гүйцэтгэнэ. Одоо ажиллаж буй сургалт, дамжаа мэргэжлийн жолооч бэлтгэх, чанар стандартаа хангаж байж үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжтой гэж ойлгож болно.

-Жолооны үнэмлэх хэвлэх ажил маш удаашралтай, иргэдийг олон сараар хүлээлгэдэг. Энэ асуудлыг нэг мөр зохицуулж болдоггүй юм уу. Асуудал нь юунд байдаг юм бол?

-Жолооны үнэмлэхийг улсын бүртгэлийн байгууллага хариуцахаар тусгасан. Ер нь олон улсын жишиг нь ч ийм юм билээ. Өөрөөр хэлбэл, иргэний болон жолооны үнэмлэхийг тус тусад нь байлгах бус, нэг л баримт үзүүлэхэд хангалттай байхуйцаар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Энэ хуулийн  төсөл ч тийш зорьж буй нэгээхэн алхам юм. Ингэж бүртгэлийн байгууллагад төвлөрүүлж чадвал эрх цуцлах, сэргээх зэрэг олон зохицуулалтыг хүнд сурталгүй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

-Манай орны суурь дэд бүтэц муу, сүүлийн үеийн автозамын чанар муу зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй. Хувь хүн гэхээс илүү энэ мэт объектив шинж чанартай хүчин зүйлсээс болоод осол их гарч байна. Үүнийг яаж багасгах вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад техникийн ерөнхий шаардлагуудыг хангах нь чухал байлгүй яах вэ. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засах, арчлан хамгаалахдаа стандартын шаардлага тавьж, нэхэх ёстой. Энэ талаар ч төсөлд тусгасан.

Тухайлбал, замын чанараас шууд шалтгаалсан ослын хариуцлагыг уг замыг тавьсан гүйцэтгэгч нь хүлээхээр зааж өгсөн. Оношилгооны төвүүдэд ч энэ хамаатай. Арван мянган төгрөг өгчихвөл оношилгооны хуудсыг нь бөглөөд өгдөг хариуцлагагүй явдлыг таслан зогсоох цаг болсон. Цаашлаад тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, угсрах, импортлоход ч нарийн стандарт байх ёстой.

Гадаад орнуудад ашиглалтын шаардлага хангахаа байсан дээрх зүйлсийг бид үнэ төлөн худалдан авч байгааг хориглохоор төсөлд тусгасан. Үндсэндээ бид гадаадынхны хаана хаяхаа мэдэхгүй, хаягдал болгохын тулд багагүй төлбөр төлөх дээрээ тулдаг тэр хог, новшийг нь мөнгө төлөн байж оруулж ирж, аюул, эрсдэлд орж байгаа юм шүү дээ. Энд би стандартын талаар хэд хэдэн удаа дурдлаа. Тэгэхээр хуулиар тавьж буй дээрх шаардлагууд нь стандартаар баталгаажсан эсэх, хэрхэн хэрэгжүүлж, хянахад төрийн холбогдох байгууллагын зохицуулалт шаардлагатай гэж төсөлд тусгасан.

-Хариуцлагын тогтолцоог одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай харьцуулбал?

-Манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 25 дугаар зүйлээр зохицуулж байгаа. Энэ хуулийг 1992 онд батлахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1650 төгрөг байсан. Одоо 192 мянган төгрөг болж 11.6 дахин өссөн. Харин торгуулийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Энэ нь үндсэндээ хариуцлага тооцох механизм болж чадахгүй байна.

Тиймээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй нь уялдуулан хариуцлага, хүлээх торгуулийн хэмжээг жишиг байдлаар нэмэгдүүлэхээр буй. Нөгөө талаас зөрчлийн хэв шинжийн хүрээг өргөн хүрээнд авч үзсэн. Өнөөдөр шийтгэлийн хэмжээний доод хязгаарыг 1000 төгрөгөөр торгох, дээд хязгаарыг хоёр жил эрх хасах байдлаар хэт ялгавартай тогтоосон нь ноцтой зөрчил гаргасан этгээдэд хөнгөн, жижиг зөрчил гаргасанд нь шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсгэж байгааг үгүйсгэх аргагүй.


ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Ч.САРУУЛ

Б.Батбаяр: Согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг нь нэг жил хасаж, 500 мянгаас дээш төгрөгөөр торгоно 

Замын Цагдаагийн Газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батбаяр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт багтжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зам тээврийн осол өнгөрсөн онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг бууруулахад Замын Цагдаагийн Газраас ямар ажил хийж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэхээр ганц цагдаагийн хийх ажил мэтээр хүмүүс буруу ойлгоод байна. Жолооч, явган зорчигч гээд замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүхэн хууль, дүрмээр оногдуулсан үүрэг, хариуцлагатай. Замын хөдөлгөөний дүрмийг хүүхдэд багаас нь зааж сургаж, хэрэгжүүлдэг болгох нь хөдөлгөөний аюулгүй байддыг хангах гол хүчин зүйл юм. Гэтэл манай улсад энэ тогтолцоо хангалтгүй байна. Орон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлгөөний аюулыг байдлыг хангуулахад чухал үүрэгтэй.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн төсөл одоо мөрдөж байгаа хуулиас юугаараа давуу вэ?

-Хуулийн төсөлд олон заалт шинээр оруулж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэдэг Монгол Улсын тулгамдсан асуудал болсон. Хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалахын төлөө ажиллах нь төрийн үүрэг. Иймээс гүйцэтгэх засаглалын тэргүүн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гол субъект нь болох ёстой гэж үзэж байгаа.

Энэ утгаараа Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын дэргэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулах талаар хуульд тусгасан. Үндэсний зөвлөл УИХ-д ажлаа тайлагнадаг, эргээд үүрэг чиглэл авч хэрэгжүүлдэг байвал ажлын үр дүн тодорхой гарах болно. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг бүх яамны үйл ажиллагаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэнээр зам тээврийн осол буурна гэж үзэж байгаа.

-Зөрчил гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг өндөрсгөж байгаа гэсэн үг үү?

-Зөрчил гаргасан жолоочид нэлээд өндөр торгууль оноохоор төсөлд оруулсан. Согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодвол нэг жил эрхийг нь хасаж, 500 мянгаас дээш төгрөгөөр торгоно. Одоо мөрдөж байгаа хуульд согтуу жолоочийг мөнгөөр торгохгүй, эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаанд хасаж байгаа.

-Замын Цагдаагийн Газрын үүрэг чиглэл, бүтэц өөрчлөгдөх үү?

-Замын Цагдаагийн Газар хөдөлгөөнд хяналт тавьдаг, зохицуулдаг байгууллага болно. Бусад үүргээ төрийн байгууллагад шилжүүлж өгнө. Тухайлбал, овор ихтэй ачаа, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох зэрэг ажлаасаа чөлөөлөгдөнө.

-Орон нутгийн замд гарч байгаа ослыг бууруулах талаар ямар заалт тусгаж байна вэ?

-Орон нутгийн замд цагдаагийн хяналт байхгүй болохоор хүмүүс дураараа дургиж байна. Хотоос гараад л согтууруулах ундаа хэрэглэж, хурд хэтрүүлдэг. Тиймээс хат хучилттай замд цагдаагийн пост, хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар хуулийн төсөлд тусгасан. Мөн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, даад хэтрээгүй, сууддын тоогоор хүнээ тээвэрлэсэн, хамгаалах бүс зүүсэн эсэхэд хяналт тавихад төрийн байгууллагын оролцоо хэрэгтэй байна.


БАЙР СУУРЬ

Жолооч нарыг сая төгрөгөөр торгоод асуудал шийдэгдчихгүй

Б.СҮХБАТ

(Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа)

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх зэргээр дүрэм зөрчсөөр байна. Ингэснээр зам тээврийн осол гарах нөхцөл бүрддэг.

Замын цагдаа нарын өглөөний мэдээнд дүгнэлт хийгээд үзэхэд согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийгөө болон бусдыг амь нас, эд хөрөнгөөр хохироох явдал зам тээврийн бусад зөрчлөөс олон байна.

Тиймээс хамгийн нэгдүгээрт жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч нар мөн адил өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Эдгээрийг аль аль нь биелүүлбэл хүний амь эрсдэхгүй, эд материалын хохирол амсахгүй байх нөхцөл бүрдэхээр байна. Хоёрдугаарт замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ ягштал биелүүлэх шаардлагатай болсныг энэ цаг үе харуулж байна. Явган зорчигч гарцаар, байхгүй бол хоёр тийш сайн харж байгаад тээврийн хэрэгсэл байхгүй үед зорчих хэсгээр эгц хөндсөн гарах ёстой.

Гуравдугаарт жолооч нар замын хөдөлгөөний хууль дүрмээ биелүүлээч ээ. Хувийн зохион байгуулалт, хариуцлагагүй байдлаасаа болоод дүрмээрээ явж буй бусдыгаа эрсдэлд оруулаад байгаагаа ойлгох хэрэгтэй. Эдгээрийг бид тоть шиг давтаад яриад л байдаг. Гэтэл эдгээр нь хувь хүний ухамсартай л холбоотой.

Согтуу жолооч нарын эрхийг хэдэн жилээр хасаад, сая төгрөгөөр торголоо гээд энэ асуудал бүрэн шийдэгдчихгүй. Энэ бол зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг алхам. Одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хуулийн хүлээлгэх хариуцлагууд зарим хүнд чанга, байнга зөрчил, дутагдал гаргадаг, дүрэм зөрчдөг хэсэг бүлэг хүнд хэтэрхий сул байна. Жолоо барих эрхээ зургаан сараас хоёр жилээр хасуулсан нэг нь үнэхээр хэцүүдэж байхад зарим нь хэдэн жилээр эрхээ хасуулчихаад огт гэмшсэн шинжгүй явах нь ч бий.

Ялгаж салгах л хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь хуулийн хариуцлага тухайн хүний амьдралд, яс маханд нь нөлөөлж байж л зөрчил гаргахаа болино. Нөлөөлөхгүй, үл тоох тусам хууль сул байгааг харуулж буй хэрэг. Энэ нь цагдаагийн алба хаагчдад маш их хүндрэл учруулдаг. Тиймээс гарсан зөрчлийг нь хянаж шалгаад явж байхын оронд ямар нэгэн осол гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлаа түлхүү хиймээр байна. Гэтэл хүн, хүч хүрэлцэхгүй, гараад л зөрчилтэйгөө нүүр тулаад л явж байх жишээтэй. Энэ уулзвар зам, тээврийн осол гарахад нөлөөлж болзошгүй байна, энд сургуулийн насныхан гэмтэж бэртэж магадгүй гэсэн цогц арга хэмжээ авч байж үр дүнд хүрэх юм. Эдгээрийг заагаад, хуульчлах хэрэгтэй.


20 мянган төгрөгөөр дуудлагын жолооч авах уу, амь насаараа хохирох уу?

У.БАТСҮХ

(Сонгинохайрхан дүүргийн иргэн)

-Жолооч нарыг хамгийн их бухимдуулдаг зүйл нь замын түгжрэл. Замын нөхцөл байдал, автобусны жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, хоёр, гуравдугаар эгнээ рүү дайрдагаас замын түгжрэл үүсэж байна. Бас болоогүй ээ, зорчигчдоо суулгах гэж уралдан, урсгал сөрж давхицгаана. Сүүлийн үед жолооч нар харьцангуй соёлтой болоод байгаа шүү. Нэг нэгэндээ зам тавьж өгч сурч байна. Хараад байхад жолооч нар шар гэрлээр амжиж орох гээд осол гаргах юм. Түгжирч цаг алдсандаа яараад гэрлэн дохиогоор амжаад гарчих санаатай тэгдэг байх.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ямар нэгэн зөрчил гаргасан жолооч нарын эрхийг нь хасаад сая төгрөгөөр торгохоор болж байгааг хувьдаа би дэмжиж байгаа. Тэгэхгүй бол торгууль багатай, 50,100 мянган төгрөг өгөөд л явчихаж болдог гэсэн ойлголт олны дунд бий болжээ. Торгуулийн хэмжээг өндөрсгөчихвөл 20 мянган төгрөгөөр дуудлагын жолооч дуудах уу, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох уу гэдгээ боддог болно. Жолооч нарын хариуцлагыг өндөрсгөх л хэрэгтэй байгаа юм. Ингэж байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь цөөрнө. Нөгөөтэйгүүр замын голд байдаг хашлагууд их осолтой санагддаг. Автобус нэгдүгээр эгнээгээр явах нь зөв. Гэхдээ улаан гэрлээр зорчих эрхийг тэдэнд өгөөгүй. Тиймээс автобусны жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлдэг баймаар. Түүнчлэн авто зогсоолууд байхгүйгээс жолооч нар ихээхэн бухимдаж, замын түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж буйг анхаарах хэрэгтэй.
Гадаадынхан шиг давхар гүүр барь гэхгүй ээ, замаа л чанартай тавьчих

Б.МӨНХДАЛАЙ
(Сонгинохайрхан дүүргийн иргэн)

-Манай хотыг анхнаас нь буруу төлөвлөсөн. Жилийн гурван улирал шахуу зам засах нэрийдлээр хөдөлгөөн хязгаарлачихна. Ноднингийн зассан замаа энэ жил дахиад л янзалдаг. Гэрлэн дохионууд нь заримдаа ажиллахгүй. Үүнээс болоод жолооч нар их бухимддаг. Зам нь муу хэрнээ татвар авна. Нөгөө хагарсан, цуурсан замыг нь сүлжиж явах гэж байгаад л нэгэнтэйгээ шүргэлцчихнэ.

Өглөө гэрээсээ гараад л орой гэртээ бөөн уур орж ирнэ шүү дээ. Дээрээс нь дүрмээ барьдаг жолооч цөөхөн. Гэхдээ аргагүй нөхцөлд дүрэм зөрчих хэрэг гарна. Хажуугаар нь согтуу жолооч нар дайрч орж ирээд хөндлөн зогсчихно. Асуудал их бий. Гол нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ архи уухаа болиод дүрмээ баримтлаад явчихбал түгжрэл, осол гарах нь багасна. Гадаадынхан шиг давхар гүүр, зам барь гэж хэлэхгүй ээ, замаа л чанартай тавьчих.

Зураг