Нимгэн даашинзны хормой дэрвүүлэн алхахсан гэсэндээ зуны хувцсаа гаргаж, толийтол индүүдэн өлгөснөөс хойш сар гаруй болжээ. Одоо дулаарах болсон байлгүй хэмээн хөнгөн нимгэн хувцсаа гаргаж үзлээ. Хэдийнэ тоос дарчихаж.
Цаг агаарын мэдээ орой бүхэн үзэвч тэнгэрийн зурхай таагүй. Билгийн тооллоор бол зуны эхэн сар дуусахад тав хоног үлдлээ. 10 хоногийн дараа нар буцах гэж байхад нийслэлчүүдийн зарим нь ноосон өмднөөсөө салаагүй байна. Зун хаашаа зугтчихав.
Жилийн жилд зургадугаар сарын 1-нд тэнгэр нарыг үүлээр хуччихдаг болоод байгаа.
Багачуудаа баяраар нь гангалахаар аав ээжүүд гоё хувцас бэлдсэн ч тэр өдөр гадуур нь хувцас давхарлахаас өөр аргагүй жиндүүхэн байсныг санаж байна уу. Жилийн жилд зургадугаар сарын 1-нд тэнгэр нарыг үүлээр хуччихдаг болоод байгаа. Энэ жил ч тэгэв.
Зургадугаар сарын 1, 2-нд Архангайд цас, Өвөрхангайд мөндөр оржээ. Өвөрхангайн Уянга, Архангайн Өндөр-Улаан, Эрдэнэмандалд уржигдархан цастай байжээ. Уулын оройгоор цас цайраад, ноосыг нь хяргасан төлөг, ноолуурыг нь самначихсан борлонгууд өглөөд хэвтрээсээ босохгүй байгааг малчид ярьж байна. Хүйтэн бороо, нойтон цас ээлжлэн орсоор хүмүүсийг зутрааж эхэлжээ.
Гэнэтийн цасан шуурганы уршгаар Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим суманд тавдугаар сард 1,900 гаруй мал хорогдсон нь зун Монголоос зугтсаныг гэрчилнэ бус уу. Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын тоймыг үзвэл манай орны зүүн хагаст зарим газраар олон жилийн дунджаас 1.1-2.6 градусаар хүйтэн байжээ.
Баян-Өлгий, Завхан, ГовьАлтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Ховд, Увс, Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв, Дорнодын зарим суманд салхины хурд секундэд 16-27 метрт хүрч аюултай үзэгдэл болсон байна. Тэгвэл Говь-Алтайн Бугат, Хөвсгөлийн Тариалан, Булганы Гурванбулаг, Өвөрхангайн Баянгол, Дундговийн төв, Дорноговийн Зам-Үүд, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан, Сүхбаатарын Дарьганга суманд салхи 28-31 м/с хүрч, онц аюултай үзэгдэл тохиолдов.
Цэцэг даарч байгаагаа бидэнд хэлж буй нь тэр юм. Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний байдлаар манай орны нийт нутгийн 40 гаруй хувь нь ногоорсон, 40 гаруй хувьд нь дунд зэрэг, 20-иод хувьд нь өвс ногоо дөнгөж цухуйсан байна. Уулархаг газраар 1-9 градус хүйтэн хоносон болохоор өвс ургамал газрын хэвлийгээс цухуйж ядах нь арга ч үгүй юм.
Энэ зургадугаар сарын 1-10-ны хооронд сэрүүхэн, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн хонож, хөрсөн дээр 0-3 градус цочир хүйтэрчээ. Биднийг багад зун бороо олон хоногоор зөөлөн зүсэрч ордог, багачууд зориуд шалба нороод түүндээ баясан хөгжилддөг байлаа.
Орой дээрээс нар таатайхан ээж, эрээн цэцэгс дунд эрвээхэй хөөн гүйлддэг байлаа. Өвөл бол чарга чирээд уул руу явахдаа бидний нар гарна. Хурууны үзүүр часхийх, хацар хайрагдахыг ч ажралгүй уулын уруу сүнгэнэнэ. Харин одоо өвөл нь дулаахан, хараараа шахам байсаар гэнэт хэд хоног чөмөг царцаам хүйтэрдэг болж.
Зун нь бидний хүүхэд ахуйн намар шиг сэрүүхэн, эсвэл гэнэт шатаах шахаж, орох газраа олж ядтал бачимдуулна. Бороо зүсэрч орохыг мартаад гэнэт хувингаар асгах мэт үер буулгадаг болсон.
Дураараа нүүх нутаг минь дөрөв биш, өвөл хавар гэсэн хоёрхон улиралтай болчихлоо.
Дураараа нүүх нутаг минь дөрөв биш, өвөл хавар гэсэн хоёрхон улиралтай болчихлоо. Өнгийн цэцэгс хөл дор алаглаж, нартай бороо дээрээс шаагидаг зугаатай зун хаачив. Дэлхий дулаарч, мөнх цас, мөс хайлж, далайн ус нэмэгдэж байхад Монгол яагаад сэрүүсээд байна вэ.
Үүнд цаг уур судлаачид “Монгол орон мөнх цэвдэг дээр байрладагтай холбоотой” гэсэн хариу өгөв. Дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж буй газар бол Монгол гэнэ. Манай орны агаарын дундаж температур 1940 оноос хойш 2.1 градусаар нэмэгджээ. Үүнийг улирлаар нь авч үзвэл өвөл 3.6 градусаар, хавар, намар 1.8, зун 1.1 градусаар дулаарчээ.
Сүүлийн 70 жилийн хугацаанд дулаахан жил 10 удаа тохиолдсоны ес нь 1990 оноос хойш байна. Дэлхийн хамгийн дулаан жил 2014 оны арванхоёрдугаар сард тохиолоо хэмээн НАСА мэдээлэв. Манай орны төв, баруун бүс эрчимтэй дулаарч байгаагийн улмаас өндөр уулын мөнх цас, мөс хайлж, цэвдэг гэсэн, төвийн нутгаар орох хур тунадасны хэмжээ багасчээ. Үүний нөлөөгөөр өвөл хүйтний эрч харьж, зарим газраар их хэмжээний цас ордог, зун нь цөөн хоног огцом халдаг болсон аж. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын мөс дунджаар 56 метр зузаан.
Тэгвэл 2040 он гэхэд ийм зузаан мөсөн голууд хайлж дуусах юм байна. 2004 онд хийсэн судалгаагаар мөсөн голууд жилд 54 см-ээр нимгэрч байсан бол дараа жил нь 89 см болж, улам хурдан хайлж эхэлсэн байна. Энэ эрчээрээ бол Мөнххайрхан уулын 130 метр зузаан мөсөн голууд 2060 он гэхэд хуурай сайр болж хоцрох нь.
Манай орны бүх гол, мөрний усыг нийлүүлснээс хоёр дахин, газрын хөрсөн доорх уснаас тав дахин их цэвэр ус агуулж буй энэхүү мөсөн голууд эрчимтэй хайлж, тэр хэрээр агаарт ихээхэн ус ууршиж байгаа учраас одоохондоо бид буудах үүлтэй байгаа аж. Нэг хэсэг ширгэж хатчихаад байсан голууд эргээд урсаж эхэлсэн нь үүнтэй холбоотой юм байна.
БОНХАЖЯ-наас өнгөрсөн хоёр жилд хийсэн усны тооллогын дүнгээс үзвэл манай оронд тэнгэр хураа хайрлаж, газрын гадаргын усны хэмжээ олон жилийн дунджаас 4.3 хувиар нэмэгдсэн таатай мэдээ байна.
Манай орны нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэгтэй. Энэ бол газрын хөрсөн дор мөс бий гэсэн үг. Цэвдэг судлаачдын сэрэмжлүүлгээс үзвэл сүүлийн 30 жилд Хэнтий, Хангайн уулархаг нутагт оршдог цэвдэг 0.1-0.6 см-ээр, Хөвсгөлийн уулархаг нутгийн цэвдэг 0.6-1.6 см-ээр гэсчээ. Дэлхийн цэвдэг судлалын холбооны тооцооноос үзвэл манай орны цэвдэгтэй нэг кг хөрсөнд 10 грамм ус байдаг аж. Цэвдэгтэй газраас хааш хаашаа нэг метр хөрс ухаж аваад гэсгээвэл 1,000 шоо метр ус гарна гэсэн үг.
Тэгэхээр Монгол орны цэвдэг гэсэхийн хэрээр тэндхийн гол, нуур, булаг шандны ус нэмэгдэх нь ойлгомжтой. Хатаж ширгэсэн голууд буцаад “амилсны” учир ийм. Агаарын температур эрс нэмэгдэж, өмнөхөөсөө их хэмжээний ус агаарт ууршуулдаг болсон учраас шиврээ бороо зүсрэхээ болиод ус ихтэй аадар буудаг болжээ.
Бидний мэдэх зугаатай зун хаашаа ч юм зугтаж, оронд нь огцом халдаг, гэнэт үер буулгадаг, ихэнх өдрүүдэд нь салхитай, сэрүүхэн зун ирчихсэн нь ийм учиртай юм байна. Мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлж дуусахад Монгол орон улаан шороо эргэлдсэн цөл болно. Үүнийг хэн ч хүсээгүй, хүсэх ч үгүй. Хүүхэд насныхаа дулаахан зуныг л хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!