Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат өнөөдөр Төв шуудангаас Баруун 4 замын уулзвар хүртэл хэсэгчлэн хийгдэж байгаа дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын дулааны 3А, Б магистралийн Драмын театраас Төв шуудан хүртэлх хэсгийг 1959 онд, Төв шуудангаас баруун 4 зам хүртэлх шугам нь 1987 онд баригдаж ашиглалтад оржээ.
Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан 6-р магистралиас ачаалал шилжүүлж орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40, 50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, хуучирсан дэд бүтцийг шинэчлэх шаардлагаар тус шугамыг 600/500 мм болгон өргөтгах ажлыг хийж эхэлсэн.
Дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажилд 12.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд" ХХК-иуд гүйцэтгэгчээр ажиллаж байна” гэлээ.
Энэхүү ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөг гурван хэсэгт хэсэгчилж хаах юм байна. Эхний хэсэг буюу Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх хэсгийн ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ч хугацаанаасаа өмнө дуусах боломжтой хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байлаа.
“Хангилцаг” ХХК-ийн талбайн инженер Н.Эрдэнэхүү “Улаанбаатар хотын дулааны гол магистраль шугам Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг. Анх хагас нэвтрэх шугам хоолой хийгдсэнийг одоо бүтэн нэвтрэх шугам болгон сольж байна. Ингэснээр дараагийн 30-40 жилд дахин шугам солих шаардлагагүй болж байгаа юм” хэмээн ярилаа.
Дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт 400 мм-ын голчтой 1,700 м цэвэр усны шугам хамт суурилагдсан байгаа ажээ. Тиймээс дулааны шугамыг солих үед 28 жил ашиглагдаад буй цэвэр усны шугамыг өргөтгөж шинэчлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа аж.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Төмөрчулуун “Цэвэр усны шугамыг ган хоолойгоор сольж байгаа нь дэлхийн жишгээс хоцорсон, өртөг ихтэй ажил болж байна. Цэвэр усны шугамыг хуванцраар хийх ёстой” гэсний хариуд Ус Сувгийн Удирдах Газрын ерөнхий инженер Д.Эрдэнэбат “Дулааны шугамтай хамт цэвэр усны 400 мм-н шугам явж байгаа. Энэ шугамаа 500 мм-ийн шугам болгож сольж байна. Цэвэр усны шугамыг хуванцар шугамаар солих санал гарсан ч дулааны шугам ашиглалтын явцад өндөр халалт өгч хуванцар шугам таталт өгч ус алдах эрсдэл үүснэ гэж үзсэн учраас ган хоолой тавихаар тогтсон” гэсэн хариултыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!