Монгол Улс болон ОХУ харилцан визгүй зорчдог болсонтой холбоотойгоор хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгджээ.
ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн хэмээн Мэргэжлийн хяналтын байгууллгаас мэдээллээ.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын харьяа Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраас, хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ иргэд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад гар дээрээс худалдаалж байгаа нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгааг сэрэмжлүүлж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны нэгдүгээр улиралд хатаасан жимс 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторийн урвалд орсон хүнсний бүтээгдэхүүн 16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах дөрвөн кг, Гродзё вино гурван литр, Белая берёзка архи /0.5 литр/ 46 ширхэг, Абрикос вино хоёр литр, Сайра загас 432 ширхэг буюу нийт нэг сая 915 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна. Дээрх бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй, хүнсний чанарын баталгаа хангаагүй байжээ.
Гурил, гурилан бүтээгдэхүүн, хатаасан жимснээс гадна хуурамч архи, согтууруулах ундааг манай иргэд их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 5-ны өдөр их хэмжээний архи, согтууруулах ундаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна.
Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй “Шарадоне” нэрийн гурван литрээр савлагдсан вино 12 ширхэг, “Гродьз” нэрийн гурван литрээр савлагдсан вино хоёр ширхэг, “Грушева” нэрийн хоёр литрээр савлагдсан вино хоёр ширхэг, нэг литрээр савлагдсан “Зелёная марка" нэрийн 14 ширхэг архи хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Иргэн Д.Байгальмаагийн хууль бусаар импортлохыг завдсан архи, согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна.
Улмаар гуравдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид хими, хор судлалын шинжилгээнд хамруулж дээж авахад, “Пишеничная”, “Бялая берёзка”, “Водка выбор” зэрэг нэр төрлийн архи Монгол Улсад мөрдөгдөж буй “Согтууруулах ундаа, цагаан болон өвөрмөц архинд тавигдах техникийн ерөнхий шаардлага” MNS 179:2014 стандартын нэгдүгээр хүснэгтийн Архины мэдрэхүйн үзүүлэлтийн 1, 2, 3, 4 дэх үзүүлэлт, 2 дугаар хүснэгтийн физик химийн үзүүлэлтийн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Алтанбулаг хилийн боомтоор зорчиж буй иргэдэд доорх зөвлөмжийг хүргүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|