Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Өргөтгөсөн хуралдааны үеэр хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, Хөдөө Аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн шинэчлэлд ашиглах, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг тухайн импортлогч улсуудын хорио цээрийн байгууллагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх, малчны лавлах шуурхай утсыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХАА-н сайд Р.Бурмаад даалгалаа.
Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр мэдээлэв.
Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө хүргэж байх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!