Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа.
Уг хуулийг зарим хуульчид "Хар" хууль буюу хэтэрхий хатуу хууль гэж үзэж байгаагаа илэрхийлэн зөөллөх шаардлагатай гэдэг.
Нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэн нэлээд хугацаанд яригдаж хүлээлт үүсгээд буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалт, нэмэлтүүдийг хүргэж байна.
Тайлбарыг: Хууль Зүйн Яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд
5.2 дугаар зүйл.Ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял оногдуулна:
1.1.торгох;
1.2.нийтэд тустай ажил хийлгэх;
1.3.гэрийн хорионд байлгах;
1.4.хорих;
1.5.эрх хасах.
5.5 дугаар зүйл.Гэрийн хорионд байлгах
1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахыг гэрийн хорионд байлгах ял гэнэ.
Тайлбар: Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих зэрэг ялын төрлийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд түгээмэл ашигладаг бөгөөд эрх хасах нь зөвхөн автомашин жолоодох эрхээр хэрэглэгдэж хэвшсэн. Энэ заалтыг өргөжүүлж мэргэжлийн эрх хасах /жишээ нь: багшлах, эмчлэх, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах/ хэлбэрээр хэрэглэх юм.
Гэрийн хорионд байлгах ялын төрлийг гадаадын орнуудад түгээмэл хэрэглэдэг бөгөөд ялын төрөл зүйлийг олон болгох, хэрэгтний хийсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл эдлүүлэх зорилгоор нэмж оруулсан.
6.7 дугаар зүйл. Гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах
1.Хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ял оногдуулж болно.
Тайлбар: Гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхийг илэрхийлсэн, эсхүл хохирогчтой эвлэрсэн бол үйлдсэн гэмт хэрэгт заасан ялын хэмжээнээс хоёрны нэг, гуравны хоёр, дөрөвний гурваас бага ял оногдуулахгүй байхаар заасан.
Одоогийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогч талын хохирлыг барагдуулсан эсэхийг үл хамааран ял оноодог учир хохирлыг барагдуулахгүй хохирогч хохирсон хэвээр үлддэг. Дээрх заалт орсноор гэм буруугаа хүлээж ухамсарласнаар эдлэх ялын хэмжээ багасаж, хохирогчид ч хохирлоо барагдуулах боломжтой болох юм.
7.2 дугаар зүйл.Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд доор дурдсан ял оногдуулна:
1.1.нийтэд тустай ажил хийлгэх;
1.2.гэрийн хорионд байлгах;
1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих;
7.3 дугаар зүйл.Нийтэд тустай ажил хийлгэх
1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна.
7.4 дүгээр зүйл. Гэрийн хорионд байлгах
1.Шүүх энэ хуулийн тусгай ангид гэрийн хорионд байлгах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан гэрийн хорионд байлгах ялыг хоёр дахин багасгаж оногдуулна.
7.5 дугаар зүйл. Хорих
1.Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж жинхэнэ эдлэх ялыг хоёр дахин багасгана.
2.Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.
3.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хүнд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулна. Хорих ял эдэлж буй өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхгүй.
Тайлбар: Одоогийн Эрүүгийн хуульд хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямар ял оногдуулах талаар зааж өгөөгүй. Хүүхэд, том хүн хоёр нэг хуулиар яллуулдаг.
Шинэчилсэн найруулгаар хүүхдийн хорих ангийн хэлбэр өөрчлөгдөж сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болно гэсэн үг. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдүүд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалтад хамрагдана.
Хорих ял эдэлж буй өсвөр насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй бөгөөд жинхэнэ эдлэх ялыг хоёр дахин багасгаж эдлүүлнэ.
Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд ял оногдуулахдаа хорих ялыг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэглэнэ.
8.2 дугаар зүйл.Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд доор дурдсан ял оногдуулна:
1.1.торгох;
1.2.эрх хасах;
1.3.татан буулгах.
8.3 дугаар зүйл.Торгох
1.Энэ хуульд заасан тохиолдолд арван мянган тооцооны нэгжээс зургаан сая зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулна.
8.4 дүгээр зүйл.Эрх хасах
1.Энэ хуульд заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах ял оногдуулна.
8.5 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.
2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг Хохирлын санд шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Тайлбар: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хамгийн том өөрчлөлт бол хуулийн этгээдэд ял оногдуулах юм.
Одоогийн хуулиар хуулийн этгээд гэмт хэрэгт холбогдоход эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээдэг. Компаниуд ихэвчлэн залилан, байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийдэг. Гэмт хэрэгт хүргэсэн шийдвэрийг захирал гаргаагүй ТУЗ гаргасан байхад хариуцлага тооцоход төвөгтэй. Тиймээс хуулийн этгээдэд ял оногдуулахыг шинээр оруулж ирсэн.
9.2 дугаар зүйл.Тэнсэх
1.Ердийн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.
Хууль боловсруулагчийн тайлбар: Ердийн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол тухайн гэмт хэрэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг ялыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад оруулж ирсэн.
Дэлхий дахинд хорих ялыг багасгах зорилгоор тэнсэх ялыг хэрэглэдэг. Манайд 10 мянган төгрөг хулгайлаад 10 жил хоригдох тохилдол байдаг. Үүнийг болиулах гэж, хийсэн хэрэгт нь тохирсон ял эдлүүлэхээр тэнсэх ялыг шинэчилсэн найруулгад оруулаад байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!