Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ аюулд оруулсан эцэг, эхчүүдийг торгоно

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
http://babyseatreview.org

Зам тээврийн ослын улмаас 2013 онд 37, 2014 онд 48, 2015 оны эхний гурван сарын байдлаар 11 хүүхэд амь насаа алджээ. 

Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар байхдаа зам тээврийн осолд өртдөг байна.

Бага насны хүүхдүүд анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн урдуур гүйх, замын хөдөлгөөний мэдлэг дутуу зэргээс үүдэн зам тээврийн осолд орж байна.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байгаагийн бас нэгэн шалтгаан бол эцэг эхчүүдийн буруу үлгэр дуурайлал, хариуцлагагүй үйлдэл. Эцэг, эх бүр хүүхдэдээ хайртай ч замын хөдөлгөөнд оролцож байхдаа аюулгүй байдалд нь анхаарах анхаарал жил ирэх тутам буурсаар байгааг дээрх статистик дүнгээс харж болох юм.

Осолд орсон хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа гэмтэж, амь насаа алдаж байгааг Замын Цагдаагийн Газраас мэдээлж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зориулалтын суудалд хүүхдээ тээвэрлэхийг уриалсаар ирсэн.

Одоогийн хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд "Сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй, мөн гурав хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хүнгүй авч явж болохгүй" гэж заасан байгаа. 

Тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байна. Хэрвээ хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэсэн бол тэр хүүхдүүдийг аврах боломжтой байж.

Гэсэн ч улаан гэрлээр, гарцгүй газраар хүүхдээ чирээд зам хөндлөн гүйдэг, машин дотроо хаа хамаагүй суулгаад явдаг тохиолдол байсаар байгаа. Энэ байдал нь хүүхдийг зам тээврийн осолд орж хүнд, хөнгөн байдлаар гэмтэх цаашлаад амь насаа алдахад хүргэсээр байна.

 

10 хүртэлх насны хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 48,000 төгрөгөөр торгоно

 

УИХ-д өргөн бариад байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах чиглэлээр ямар заалт орсныг хуулийн төслийг боловсруулах явцад санал өгч ажилласан ЦЕГ-ын НХЖХГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батбаяраас тодрууллаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулах чиглэлээр ямар заалтууд орсон бэ?

- Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр хуулийн дагуу 6 настай хүүхэд замын хөдөлгөөнд ганцаараа оролцож болно гэсэн үг.

УИХ-д өргөн бариад байгаа хуулийн шинэчилсэн найруулгад 10 нас хүрсэн хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцох боломжтой гэж оруулсан. 10 нас хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулж тухайн хүүхэд ямар нэгэн байдлаар зам тээрийн осолд өртвөл  эцэг, эхэд нь торгууль ногдуулахаар зохицуулалтыг хийсэн. 

- Торгууль нь хэр хэмжээтэй байх вэ?

- Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар тогтоосон. Ерөнхийдөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зөрчил гаргасан толхиолдолд торгуулийн хэмжээ хамгийн багадаа 9,800 төгрөг байх бол хамгийн их нь 700,000 орчим төгрөг байх тооцоо гараад байгаа.

Өмнөх хуулиудад торгуулийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байсан. Инфляцитай холбоотойгоор хэдэн жилийн дараа торгуулийн хэмжээний мөнгөн дүн дүрэм зөрчигчдөд нөлөөлөх чадвар буурчихдаг. Энэ байдал нь нь жолоочийн хариуцлага, сахилга батыг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байгаа юм. 

10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж тухайн хүүхэд ямар нэгэн байдлаар зам тээрийн осолд өртвөл эцэг, эхийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 48,000 төгрөгөөр торгох заалт оруулаад байна.

- Хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх асуудлыг шинэчилсэн найруулгад оруулж өгсөн үү?

- Хуулийн төсөлд нарийвчилсан байдлаар хүүхдээ зориулалтын суудалд суулгаагүй бол тэдэн төгрөгөөр торгоно гэсэн заалт одоогийн байдлаар ороогүй байна. Энэ асуудал дээр судалгааны ажил үргэлжилж байна.

Гадны орнуудад хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхдээ хүүхдийн нас, биеийн жин, өндөр гэх мэт үзүүлэлтүүдийг үндэслэдэг юм билээ. Бидний хувьд хүүхдийн биеийн жинг харгалзан зориулалтын суудалд тээвэрлэх хязгаарыг тогтоох шийдэлд хүрээд байгаа.

Ер нь бол хүүхдийн зориулалтын суудлыг үйлдвэрлэхдээ хамгийн дээд тал нь 30 кг жинтэй хүүхэд суухаар тооцож хийдэг юм билээ. 

- Хуулийн төслийг ямар хугацаанд боловсруулсан бэ. Боловсруулах явцад гадны орнуудын туршлагаас судалсан уу?

- Өнөөдөр дэлхий нийтээрэй зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилт тавьж НҮБ-аас 2011-2020 оныг зам тээврийн ослыг бууруулах, тэглэх зорилтын хүрээнд улс орнуудын эрх барих дээд байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

Тус зөвлөмжид хурдыг хязгаарлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох, суудлын бүс тогтмол хэрэглэх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх гэсэн хэд хэдэн зүйлийг заавал хэвшүүлэхийг тусгасан. Ингэж чадвал дэлхий нийтээр зам тээврийн ослыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

Үүний дагуу 2011 оноос хойш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэдэг асуудал нэлээд хүчтэй яригдаж эхэлсэн.
 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах чиглэлээр орсон заалт болон зөрчсөн тохиолдол хүлээлгэх хариуцлага

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

13.2.7. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтанд үүрэг болгох;

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгах хариуцлага

35.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

51.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.2. Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.1, 13.2.4, 13.2.7-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

 


Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд байгаа хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон заалтуудад хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаагүй эцэг эхэд хариуцлага тооцох механизм байхгүй байна.

Харин гадны орнуудад зөвхөн замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулахаас гадна хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдалд оруулсан тохиолдол бүрт  нь эцэг, эх, асран хамгаалагч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Хариуцлага тооцохдоо ихэвчлэн торгуулийн арга хэмжээ авдаг.

Тухайлбал, ОХУ-д л гэхэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүс зүүгээгүй тохиолдолд 500 рубль, 12 хүртэлх насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлээгүй бол 3,000 рубль хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг. Иймэрхүү торгуулийн систем дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд зам тээврийн ослын улмаас нас барах тохиолдлыг тэглэх зорилт тавиад буй орнууд замын хөдөлгөөний дүрэм болон зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагаа чангатгасаар байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас гадна хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүй эцэг эх, асран хамгаалагчид ногдуулах хариуцлагыг зайлшгүй оруулах шаардлагатай байна.