Олон улсын энхийг сахиулагчийн өдөр маргааш болох гэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6,700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4,500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний бүрэлдэхүүнтэй мото буудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч болох бригадын генерал цолтой цэргийн алба хаагч хүртэл байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11,500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1,200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 950 цэргийн алба хаагч оролцож байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхыг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байна.
2011 - 2013 онд жилдээ 20 цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын болон холбогч, зөвлөх офицероор үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр нэг ээлжиндээ 31 цэргийн алба хаагч НҮБ-ын цэргийн ажиглагч, цэргийн зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб болон секторын штабуудад штабын офицер, бүсийн командлагч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Эх сурвалж: БХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!