ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мэндбаяр: Хэдэн жил өнгөрснөөс үл хамаарч иргэн хохирохгүй байхыг хуульд тусгах ёстой

Ч.Болортуяа, Өнөөдөр сонин
2015 оны 5 сарын 20
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг / today.mn /

Хэрэг хуучирдаггүй гэдэг, 10 жилийн өмнө шуугиан тарьсан хадгаламж зээлийн хоршооны хэрэг дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болсон “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр эрх чөлөөтэй болсон явдал. Түүнтэй ярилцсан юм. Тэрбээр шоронгоос суллагдаад cap орчим болж буй.

-Ярилцлагаа 2006 оны тэр шөнө буюу таны баривчлагдсан цагаас эхэлье гэж боддоо. 10 жилийн ял сонсгоход танд юу бодогдож байсан бэ?

-2006 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ажлынхаа байранд сууж байлаа. “UB палас”-ын зүүн талд Монголд анхны 26 давхар зочид буудал барихаар талбайн зургаа Хятад түншүүдтэй хамт хянаад сууж байхад цагдаа нар орж ирсэн. 60-аад мянган ам метр талбайтай том цогцолбор барихаар төлөвлөж байсан юм.

Анх “Нэг зүйл тодруулна” гээд л намайг дагуулаад явсан. Тэгтэл 10 жил тодруулдаг юм байна. Тэгээд Ганц худагт хорьсон. Хуулиараа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шөнө хийж болдоггүй юм билээ. Бас хүний эрхийн конвенцид “Шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх чөлөөг хязгаарлахыг хориглоно” гэж заасан байдаг. Манай улс тэр конвенцид нэгдсэн.

Гэтэл намайг прокурор нь батлаагүй, шүүхийн шийдвэргүйгээр татвар болон албан тушаалын зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж хорьсон. Дараа нь гэрээсээ дулаан хувцсаа авчир гэсэн.

 Хуулиараа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шөнө хийж болдоггүй юм билээ. 

Эхнэр минь намайг Ганц худагийн хашаа хүртэл дагаж явсан. Эхэндээ би сүйдтэй юм бодоогүй, учир нь олдох байх гэж найдсан. 72 цаг хорьдог юм байна.

Тэгээд хоёр долоо хоног хорьсны дараа батлан даалтад гаргасан. Асуудлыг 14 хоног судлаад батлан даалтад гаргасан жирийн шүүгчийн захирамжийг энэ хэргийн талаар судлаагүй, мэдээгүй ерөнхий шүүгч нь цуцлаад “хорьсугай” гэсэн шийдвэр гаргачихсан. Ердөө хоёрхон цаг л батлан даалтад гарсан. Буцааж аваачиж хорьсон шалтгаан нь хохирогчийг хүчээр бий болгох гэсэн санаа байж л дээ.

- Дараа нь та дахин батлан даалтад гарсан байх аа?

-Арваннэгдүгээр сард батлан даалтаар гарсан. Гэхдээ бас долоо бил үү, 10 хонуулаад буцаагаад хорьсон. Тэр болтол хохирогч нар намайг батлан даалтад гаргахыг хүсэж таван ч удаа өргөдөл өгсөн байдаг. Глоб”-ын хохирогчид өргөдлөө өгч, мөнгөө авна уу гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй цацсан.

Гэртээ халамцуу сууж байсан хүний гарыг нь мушгиж авчраад хохирогч болгосон байх жишээтэй. Замын цагдаа нар  хүртэл залилангийн хэрэг дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хийгээд явж байсан.

Айлын хаалга тогшоод л “Мэндбаярт залилуулсан хүн байна уу” гээд хохирогч олж тогтоох гэж байгаа нь тэр. Хэрэг бүртгэх газрынхныг хүртэл дайчилсан. Тэд хүнд гэмт хэрэгтэй ажилладаггүй шүү дээ. Ингэж хуулиа зөрчөөд л, намайг бушуухан шоронд хийхээр яарч байсан. Хохирогчид нь “Батлан даалтад гаргая” гээд гүйж явдаг ялтан Монголд надаас өөр байгаагүй. Ингээд 2007 оны нэгдүгээр сарын 11-нд шүүх хурал боллоо.

Прокурор 15 жил хорих ялаар шийтгэх санал гаргасан. Надад сонсгосон зүйл ангийн санкц нь 5-10 жил. Гэтэл 15 жил суулгахыг хүсэж байна. Хуульд хяналт тавих ёстой хүн хуулиа мартчихсан байгаа биз. Шүүгч нь хүртэл гайхаад “Ямар хуульд үндэслэж 15 жил гэж байгаа юм бэ” гэхэд Мөнх-Очир гэх прокурор “Надад хууль хамаагүй” гэж байсан.

Миний эхнэрийг бас яллаж, Ганцхудагт дөрвөн cap хорьсон. Дөрвөн хүүхэд минь гудамжинд үлдэж байлаа. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг манай эхнэрт хамаагүй болох нь тогтоогдож, шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ бондын хэрэг гэж гаргаж ирээд эхнэрт маань долоон жилийн ял оноосон. Түүнийг нь Нийслэлийн шүүх 21 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилсөн юм. Яллах нь тодорхой учраас миний хувьд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан л даа. Эхнэртээ хүртэл “Чамд ял өгч магадгүй байна, бэлтгэлтэй байгаарай” гэж хэлж л суулаа.

-Таны яриагаар бол дампуураагүй байсан “Глоб”-ыг хүчээр татан буулгаж, хохирогч бий болгосон гэж ойлгогдож байна. Ингэх шалтгаан нь юу юм бэ?

-Удахгүй тодрох байлгүй дээ.

-Одоо та эрх чөлөөтэй болсон. Шоронгоос гараад хамгийн түрүүнд юу хийсэн бэ. Шоронд байхдаа өгсөн ярилцлагадаа “Эхлээд ээжийнхээ шарил дээр очно” гэсэн байсан?

-Хамгийн түрүүнд лам дээр очсон. Лам багшид хандах ёстой л юм гэсэн. Тэрнээс биш би шүтлэггүй. Одоо л шүтлэгтэй болж байгаа. Тэр үед ээжийнхээ шарил дээр очно гэж ярьсан. Түүнээс хойш аав минь өнгөрсөн. Манай гэрийнхэн “Аавынх нь бие тааруу байна, чөлөө олгооч” гэж шоронгийн гадаа гурав хоносон. Чанга дэглэмтэй учраас чөлөө олгохгүй, дэглэм буувал олгоно гэсэн. Прокурорын байгууллагаас дэглэм буух хуулийн хугацаа нь болсон байна, буулга гэсэн албан шаардлага очсон. Хорих ангийн удирдлагууд хуралдаад дэглэм буулгасан.

Тэгтэл ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга байсан, одоо Төрийн албаны зөвлөлд ажиллаж байгаа Даваа-Очир гэдэг нөхөр “Прокурорын шаардлага ямар хамаатай юм. Мэндбаярыг дэглэм битгий буулга, би өөрөө хянана” гээд материалыг маань хот руу ШШГЕГ руу татаж аваад дэглэм буулгаагүй.

Дэглэм буулгах эсэх нь уг нь хуулиараа ангийн даргын бүрэн эрхийн асуудал. Манай дүү нар “Анги нь дэглэм буулгачихлаа, удахгүй хүүг нь аваад очно” гээд аавд хэлчихсэн. Аав минь үүд рүүгээ харсаар өөд болсон гэнэ лээ.

-10 жил гэдэг багагүй хугацаа. Мэдээж их зүйл өөрчлөгдсөн байх. Танд хамгийн их мэдрэгдэж байгаа зүйл юу байна вэ?

-Хүмүүс их л өрөвдсөн харцаар хардаг юм байна. Би өрөвдүүлэх дургүй.

-Таныг эрх чөлөөтэй болчихоор хүмүүс айж, үймэлдэж эхэллээ гэсэн мэдээлэл гараад байна. Танаас айх ёстой хүн тийм олон юм уу?
-Бүр цайрсан хүмүүс ч байдаг юм байна. Хэргийг буруу шийдсэн хүмүүс “Энэ нөхөр үймүүлж хаях байх” гэж бодож байгаа. Цагдаа, прокурор, шат шатны шүүгч гээд маш олон хүн үүнд хамаатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолд “Мэндбаяр хэрэг хийгээгүй ээ” гээд биччихсэн мөртлөө араас нь шийтгэчихсэн байдаг.

Хөрөнгө шамшигдуулсан нөхдүүдийн зүрх нэлээд түргэн цохилж байгаа байх. Өнөөдрийн ханшаар 27 тэрбум төгрөгийн хөрөнгө шамшигдуулсан хүмүүс шүү дээ. Тухайн үед ‘Тлоб”-ын хөрөнгийг 9.7 тэрбум төгрөг гэж үнэлсэн. Энэ ньявсаар байгааддөрөв, бүр сүүлдээ хоёр тэрбум төгрөг болсон. 27 тэрбум гэдэг намайг хорьсон үеийн биш зарсан үеийн үнэлгээ шүү. 2008 оны үед байрны үнэ яаж "галзуурч" байлаа даа. Ийм байхад нөхдүүд айдасгүй байна гэж юу байх вэ.

-Тэр нөхдүүдтэй уулзав уу?

-Уулзаж байна. Буруу аргаар бусдын б хөрөнгийг худалдаж авсан хүмүүстэй нь уулзаж эхэлж байна. Ганданд барьсан барилгыг авсан нөхөртэй уулзсан. Тэр шүүх, цагдаадаа өг гээд тоохгүй байна лээ. Цайрчихсан байдаг юм байна.

-Та АТГ-т хандсан юм уу?

-Үгүй ээ. Харин УИХ-д өргөдөл өгсөн. Хохирогчид гурван жилийн өмнө АТГ-т хандсан. Хэрэгсэхгүй болгочихдог юм билээ. Шат шатны прокурорт хандсан. Одоо Ерөнхий прокурорын газарт хянагдаж байгаа гэсэн. Миний үл хөдлөх зургаан хөрөнгийг худалдсан байдаг. Бүгд хууль бус худалдаа. Ганц жишээ хэлэхэд Гандангийн дэнжид барьсан 1,180 ам метр талбай бүхий барилгыг 254 ам метр гэж бичээд зарсан.

Энэ асуудлыг хохирогчид АТГ-т өгсөн. Мөн ШШГЕГ-ыг “Энэ хэргээ дахин хянаач ээ” гэсэн өргөдөл өгсөн байдаг. Хохирогч нарт “Объект зарагдаад зургаан жил өнгөрч, гомдол гаргах хуулийн хугацаа нь дууссан, хоёрт бусдын өмчлөлд шилжсэн. Тиймээс дахин хянаж шалгах боломжгүй” гэсэн хариу өгсөн гэсэн. Хэдэн жил өнгөрснөөс үл хамаарч иргэн хүн хохирч үлдэхгүй байх боломжийг хууль олгосон байх ёстой.

Очоод тэр байшинг хэмжээд үз. 1,180 ам метр уу, 254 ам метр байна уу. Тиймээс би УИХ-д “Ажлын хэсэг гаргаад шалгаад өгөөч” гэж хандсан. Өөр хаана хандах юм бэ. УИХ-ыг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Төр 50 хувийг нь олгосон.

Би үүний эсрэг байсан. “Төр олгож болохгүй ээ, би өөрөө төлье” гэсэн. Надад тийм чадал байсан. Тэгтэл төр хөндлөнгөөс оролцоод, Монголын ард түмний 5.9 тэрбумыг хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод өгсөн. Өгснийг буруу гээгүй. Хэн нэгэн өгөх ёстой. Гэхдээ төр биш.

-Чанга дэглэмтэй хорих ангид та хэдэн жил боллоо?

-10 жилийн ялтай хүн таван жил болоод дэглэм буух ёстой. Гэхдээ намайг зургаан жил хагас чанга дэглэмд хорьсон. Дэглэмийн ялгаа гэдэг маш том өөрчлөлт. Чангаас жирийн дэглэмтэй ангид очиход бараг л гэртээ харьсан юм шиг л санагддаг.

Дэглэмийн ялгаа гэдэг маш том өөрчлөлт. 

Зүүнхараагаас Багануурын хорих руу шилжээд, дараа нь Тахир соёот, тэгээд буцаад Багануур, Амгалан гээд нийт найман хорих анги дамжсан байна.

-Монголын шоронгийн нөхцөл байдал ямар байх юм. Тэнд байхдаа хууль сайн судалдаг гэсэн. “Цоорхой” хууль их байх юм уу?

-Мэдээж шорон юм чинь нөхцөл байдлыг сайн байлгах албагүй, гэхдээ муу байлгах ч ёсгүй. Хүнд юм мэдрүүлэх гэж байгаа учраас зочид буудал шиг юм байна гэж юу байх вэ.

Анх намайг очсоноос хойш, ялангуяа сүүлийн гурван жилд шоронгийн байдал сайжирсан. Хуулийн зарим заалт нь хүйсээр гадуурхсан байх жишээтэй. Чанга дэглэмтэй ангид хоригдож байгаа эмэгтэй ялтан хоёр сард нэг удаа, эрэгтэй нь гурван сард нэг удаа хоногийн эргэлт, харин түр уулзалтыг эмэгтэй нь нэг, эрэгтэй нь хоёр сард нэг удаа авах эрхтэй байдаг. Ингэж хүйсээр ялгаварлаж болохгүй. Үүнийг засаж байгаа байлгүй. Эрүүгийн хуулийг шинэчлэн байгаа гэсэн.

-“Нарс”-ны цаана ч гэсэн амьдралынх шиг зэрэг зиндаа гэж байх уу?

-Байна. Гайгүй хулгайч гэж байна. засгийн чадавх сайтай, эсвэл шийртэй нөхдүүд гайгүй хулгайчийн тоонд орно. Надад нэг ч төгрөг байхгүй ч намайг их баян гэж боддог учраас би гайгүй хулгайчийн нэг. Нинжа гэж бас бий. Ядарсан нөхдийг хэлж байна л даа.

-Шоронд суусан хүн засардаг, нэг бол эвдэрдэг гэдэг. Таны зан байдал, үйл хөдлөлд өөрчлөлт орж уу. Ойр тойрны тань хүмүүс юу гэж байх юм?

-Тэвчиж, хүлээж сурсан. Хүн хүмүүжээд ирэхээрээ шоронгоос гаръя гэж боддог. Би хүмүүжээгүй гарч ирсэн. Ер нь яасан гэж хүмүүжих юм бэ. Ингэж хэлэхээр хүмүүс дахиад луйвар залилан хийх нь гэж бодож магадгүй. Хэрэг хийгээгүй хүнд хүмүүжих шаардлага байхгүй. 

-Таны тухай бичсэн мэдээллийн дор "Энэ луйварчныг буцаагаад хорь. Ял нь багадсан байна" гэх зэрэг сөрөг сэтгэгдэл багагүй байна лээ. 

-Байсан. Эхний мэдээлэл гарч байхад сөрөг сэтгэгдэл 30 хувийг эзэлж байна. Одоо бол гурван хувийг эзэлж байна гэсэн. Үүнийг өнөө айсан хүмүүс бичиж байгаалдаа. хэдэнд намайг буцаагаад шоронд хийх сонирхол байна.

Хүн хүмүүжээд ирэхээрээ шоронгоос гаръя гэж боддог. 

-Бужигнаан эхлэх нь гэж илүү үгэнд дурлагсад цөөнгүй ажиглагдсан.

-Уг нь бужигнуулаад байх сонирхол алга. Яг үнэнийг олбол нэлээд хэдэн хүн шоронд орно. Шорон гэдэг хүсэх зүйл биш.

-Та шоронд байх хугацаандаа зүгээр суугаагүй юм билээ. Шүлэг, дууны үг бичихээс эхлээд юм оёж байсан гэл үү?

-Зүгээр сууж болохгүй газар шүү дээ. Үзэг цаастай ноцолдож, 3,000 орчим шүлэг, 50 гаруй дуу бичжээ. Кино зохиолууд ч бичлээ. Гэтэл нэг өдөр миний компьютерийг цагдаагийнхан аваад бүх бичсэн зүйлийг устгачихсан. Дахиад шинээр бичсэн ч хуучин шигээ сэргээж чадаагүй.

Багануурын чанга дэглэмтэй хорих ангид байхдаа 24 хоног өлсгөлөн зарлаж байж дэглэм буулгаж, компьютер хэрэглэх, эрүүл мэнддээ анхаарал тавиулах эрхтэй болсон. Шоронгийн эмч үзээд эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гээд байхад ангийн дарга нь явуулдаггүй. Хүний эрүүл мэндийг эмч л мэдэх ёстой биз дээ

-Компьютер хэрэглэж болдог юм уу?

-Би анхнаасаа л компьютерээ бариад орсон. Хориглосон зүйлийн жагсаалтад компьютер гэж байдаггүй юм. Ялтанг шинжлэх ухааны болон уран бүтээл туурвих эрхээр хангаж өгсөн байдаг. Гэхдээ энэ бүхнийг ангийн даргын үзэмжээр л шийднэ. Уг нь бол нэг хууль үйлчлэх ёстой ч тогтоодог өөрсдөө хоолоо нь үүнийг хориглодог. Найман шоронд найман өөр хууль үйлчилнэ. Үүнийг дээд дарга нар нь анзаардаггүй, мэддэггүй л байхгүй юу.

-Таныг суллагдсаны дараа хүмүүс мөнгөө авъя гэж хандсан уу?

-Нэг ч хүн хандаагүй. Харин ч шоронгоос гарчихлаа гэж баяр хүргэж, амжилт хүссэн. Хойноос хуйлраад “Мөнгөө авъя” гээд гүйгээд байгаа юм байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс хэн хохирогч болгосныг ойлгодог, хохирол яагаад бий болсныг мэдэрдэг байхгүй юу. Тэд надад итгэж хүлээж байсан. Одоо ч итгэж хүлээж байгаа.

-10 тэрбумын хохирол барагдуулах заалт одоо хүртэл хүчинтэй хэвээрээ юү. Та хүмүүсийн хохирлыг барагдуулна гэж сэн. Яаж барагдуулах юм бэ хийх үү?

-Хэвээрээ. Өр төлөхийн тулд эхлээд хөрөнгөнийхөө учрыг олох хэрэгтэй байна. Бизнес хийгээд ашигтай ажиллавал 10 тэрбумыг төлөхөд юу байх вэ дээ. Яг одоо зах зээлээ судалж байна. Хямралд зориулсан бизнес хийж болох юм шиг байна. 

-Уучлаарай, танд дахиад шоронд хоригдох вий гэсэн айдас төрдөг үү? 

-Яасан гэж намайг хорих юм. Олз болох юм хийхгүй л  байх хэрэгтэй. Одоо яаж хөдлөхөө мэдэх болсон.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг