Хөвсгөл аймгийн Бүрэнхааны стратегийн орд дахь “Талстмаргад” компанийн эзэмшиж буй ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг хууль зөрчин олгосныг Дээд шүүх 2013 оны зургадугаар сард эцэслэн тогтоож, цуцлах шийдвэр гаргасан.
Харамсалтай нь, бүтэн гурван жилийн турш бүх шатны шүүхийг дамжин шийдэгдсэн энэ маргааныг Улсын Дээд шүүх “Талстмаргад” компанийн нэхэмжлэлийн дагуу шинэ нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр жилийн дараа буюу 2014 оны долдугаар сард дахин сэргээн, анхан шатны шүүхэд ердийн журмаар шийдүүлэхээр буцаасан юм.
Энэ нь маш хурдтайгаар буюу аравхан сарын дотор бүх шатны шүүхээр хэлэлцсэний эцэст сая Дээд шүүхийн хуралдаанаар “Талстмаргад” компанид Бүрэнхааны стратегийн орд дахь лицензүүдийг эргүүлэн олгох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай уулзан, энэ талаар тодрууллаа.
Тэрбээр фосфоритын ордыг ашиглах нь далай ээжийг бохирдуулах аюултай хэмээн үзэж, Бүрэнхааны стратегийн ордод хамгийн олон лиценз эзэмшигч тус компанийн лицензийг цуцлуулахаар 2011 оноос хойш тэмцэж буй нэгэн юм.
-“Талстмаргад” компанийн Бүрэнхааны стратегийн орд дахь лицензүүдийг эргүүлэн олгох шийдвэрийг Дээд шүүх гаргасан байна.
-Бүрэнхааны стратегийн ордод “Талстмаргад” компани лиценз эзэмшсэнийг хууль бус гэдгийг Монгол Улсын бүх шатны шүүхээр гурван жил хэлэлцсэний эцэст тогтоож, бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргасан. Энэ дагуу тус компанийн хайгуул, ашиглалтын найман лиценз цуцлагдсан байсан.
Гэтэл жилийн дараа Дээд шүүх шинэ нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр асуудлыг анхан шатны шүүхэд буцаасан. Энэ маргаан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн дахин үргэлжилсээр Дээд шүүх саяхан “Талстмаргад” компанид лицензийг нь буцаан олгох шийдвэр гаргалаа.
Дээд шүүх саяхан “Талстмаргад” компанид лицензийг нь буцаан олгох шийдвэр гаргалаа.
-Өмнөх бүх шатны шүүх болон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн гэсэн үг үү. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гарав?
-“Хөвсгөл далайн эзэд” ТББ байгууллага болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн дөрвөн иргэнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр шүүх ийм шийдвэр гаргалаа. Энэ бол цаашид байгаль орчныг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага болон уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй нутгийн иргэд өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь шууд болон шууд бусаар хөндөж байгаа хууль бус үйлдэл, эл үйлдлийг таслан зогсоохоор Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болгосон маш муу жишиг тогтоолоо. Уул уурхайн компаниуд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа ашиглалтын лиценз авах ёстой.
Гэтэл нутгийн баялгаа эзний ёсоор мэдэж байх, хяналт тавих бүрэн эрхтэй ард иргэд, төрийн бус байгууллагуудын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг илт үгүйсгэж, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө дарангуйлан нийтийн баялагт маань хуваарьгүй эзэн сууж, хяналтгүй зарцуулж, хязгааргүй хөлжихийг санаархсан энэ компанийн хууль бус үйлдлийг шүүх хамгаалж, хаацайлсан явдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
-Дээд шүүх шинэ нөхцөл илэрсэн гэсэн үндэслэлээр энэ хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл сая болж өнгөрсөн шүүх хурлууд шинэ гэх энэ нөхцөл байдлыг үнэлэх биш, харин огт өөр үндэслэлээр шийдвэр гаргажээ гэж ойлгож болох уу?
-2010-2013 онд үргэлжилсэн шүүх хурлуудаар “Талстмаргад” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүйг өөрсдөө болон хариуцагч болох Ашигт малтмалын газар нь хүлээн зөвшөөрдөг байсан. БОЯ ч үнэлгээ хийлгэж байгаагүйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.
Гэтэл “Талстмаргад” ХХК 2014 онд Дээд шүүхэд хандаж “Манай компанийн хийл-гэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаж өгөхийг холбогдох яам, агентлагуудаас удаа дараа шаардсан.
Гэвч улс төрийн шалтгаанаар гаргаж өгдөггүй байсан. Харин бид сая шинэчлэлийн Засгийн газрын үед БОНХЯ-д хандаж ийм үнэлгээ хийлгэсэн байснаа мэдлээ” гээд “хуулбар үнэн” гэсэн дардас даруулсан баримт гаргаж өгсөн. Үүнийг Дээд шүүх үнэн бодитой, эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шүүрэн авч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үнэлэн өмнө нь гаргасан 117 дугаар тогтоолоо хүчингүй болгосон. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй шийдвэр.
Учир нь тус компанийнхны ирүүлсэн баримт нь хуурамч болохыг анхан шатны шүүхэд гэрчээр тайлбар өгсөн БОЯ-ны шинжээч нотолдог юм. Өөрөөр хэлбэл, “Талстмаргад” компани лицензийг нь цуцлах Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш жилийн дараа мэдэх ёстой, мэдэж байсан зүйлээ “Бид мэдээгүй байсан” гэж мэлзсээр Дээд шүүхэд авчирч өгснийг үндэслэн шүүх өмнө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан.
-Уг нь шинээр үүссэн гэх энэ нөхцөл байдлыг л хэлэлцэх гэж буцаасан биз дээ?
-Тийм. Гэвч үүнийг ер авч хэлэлцээгүй. Харин огт өөр буюу биднийг нэхэмжлэл гаргах эрхтэй, эсэх гэсэн асуудлыг хэлэлцээд эхлэхэд бүх зүйл буруугаар эргэж байгааг бид ойлгосон. Уг нь бид нэхэмжлэл гаргах эрхтэй, эсэхийг 4-5 жилийн дараа биш, анх нэхэмжлэл гаргах үед хянан үздэг асуудал.
Тэр үед л нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн бол бидний нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалздаг хуультай. Гэтэл бүхэл бүтэн дөрөв, таван жил анхан шатны шүүхээсээ эхлээд Дээд шүүх хүртлээ хоёронтоо эргэн хэлэлцэхдээ “нэхэмжлэх эрхтэй, эрхгүй” гэсэн асуудлыг одоо ярьж, энэ үндэслэлээрээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын шүүх иргэдийг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд давхар хохироон хүний эрхийг зөрчсөн явдал болж байна.
-Шүүгчдийг ийм эргэж буцсан шийдвэр гаргахад ашиг сонирхлын болон өөр бусад зүйл нөлөөлсөн юм биш биз?
-Сая болж өнгөрсөн Дээд шүүхийн хуралдаанд таван шүүгч оролцсон. Тэдний олонх нь анх энэ маргааныг хэлэлцэж "Талстмаргад” компанийг хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, цуцлах шийдвэр гаргасан шүүгч байсан. Гэтэл тэд яг нэг асуудал, адилхан нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтуудад хоёр өөр шийдвэр гаргасанд бид үнэхээр гайхсан.
Өмнө тэд “Хөвсгөл далайн эзэн” ТББ нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй хэмээн үзэж, харин ч зөвтгөж байсан. Туяа багийн малчдын өвөлжөө, хаваржаанд лиценз олгосон нь тэдний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироосон гэж дүгнэж байсан шүүгчид шүү дээ. Гэтэл сая үүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь шүүгчдэд эргэлзэх, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна. Нэг нэхэмжлэлийн яг ижил шаардлагад нөгөө шүүгчид хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь шүүхэд нөлөөлөл орсон, шүүх бие даасан хараат бус шийдвэр гаргаж чадаагүй гэсэн хардлага төрүүлсэн.
-Шүүх бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид орсон гэх гомдлоор Дээд шүүхийн хуралдаан хоёр ч удаа хойшилсон байх аа.
-Бид хардсан. Захиргааны танхимын тэргүүн шүүгч Батсуурь тухайн компанийн өмгөөлөгч шиг л шүүх хуралд нэг талыг барьсан хандлагаар өмнө нь оролцож байсан. Тиймээс бид Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж, ёс зүйн дүрмээ зөрчсөн гэж үзсэн.
Гэвч үүнд Ерөнхий зөвлөл “ёс зүйгээ зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгсөн. Батсуурь шүүгчээс татгалзсан ч хүлээж аваагүй учир тэр шүүх хурлаа даргалж оролцсон. Мөн АМГ-ын экс даргын эхнэр шүүх бүрэлдэхүүнд байсныг бид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгалзсан. Тэр шүүгч оролцоогүй.
-АМГ шүүх хуралд хариуцагчаар оролцсон байх аа. Тэд шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?
-Сүүлийн хоёр шатны шүүх хуралд АМГ хариуцагчаар оролцоогүй. Гуравдагч тал буюу “Талстмаргад” компани бидэнтэй хамт шүүх хуралд эцсээ хүртэл оролцсон.
-АМГ яагаад оролцоогүй юм бэ. Гол хариуцагч тал биз дээ?
-Шүүхийн товыг тэдэнд бичгээр мэдэгдсэн боловч ямар ч тайлбар, шалтгаангүйгээр ирээгүй, оролцоогүй. Уг нь хариуцагч тал хариуцлагатай хандаж, өөрсдийн тайлбарыг шүүх хуралд өгсөн бол шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлөх байсан. Харамсалтай нь, тэд оролцоогүй, энэ асуудлыг хаясан.
Бидний зүгээс шүүхэд “Талстмаргад” компанид стратегийн ордыг хууль бусаар олгосныг нотлох хангалттай баримт гаргаж өгсөн.
Бидний зүгээс шүүхэд “Талстмаргад” компанид стратегийн ордыг хууль бусаар олгосныг нотлох хангалттай баримт гаргаж өгсөн. Гэвч бидний энэ баримт, нотолгоог энэ удаагийн гурван шатны шүүх огт үнэлээгүй, авч хэлэлцээгүй. Гэхдээ баримт бол баримт. Үүнийг шүүх үнэлдэггүй юм гэхэд бусад хууль хяналтын холбогдох байгууллага анхааралдаа авч, шалгана гэдэгт итгэж байна.
-“Талстмаргад” компани лицензээ хүчээр авч, буцаан эзэмших нь бараг л тодорхой болчихлоо. Яг адилхан асуудлаар шүүхийг, шүүгчдийг хоёр өөр шийдвэр гаргуулж чадаж байгаа нь Бүрэнхааны стратегийн орд дахь эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол ямар хэмжээнд хүчтэй нөлөөтэй болсныг харуулж байна. Тиймээс төрийн бус байгууллага, жирийн иргэд, малчид эрхээ цаашид яаж хамгаалах вэ?
-Монголын шүүхэд үнэхээр эргэлзэж, итгэл алдарч байна. Жирийн иргэд, бай-галь орчны асуудлаар эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй, энэ эрх нь хаалттай байгаа талаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. НҮБ-д хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар Монгол Улс хоёр удаа тайлан тавьсан. ТББ-ууд НҮБ-д гаргадаг сөрөг тайландаа шүүхэд нийтийн эрх ашгийг нэхэмжлэх эрх хязгаарлагдаж байгаа талаар тусгаж, энэ эрхийг хангах талаар НҮБ Засгийн газарт зөвлөмж өгсөн байдаг. Гэтэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд энэ зөвлөмжийг манай Засгийн газар хэрэгжүүлээгүй.
Энэ жил манай улс НҮБ-д хоёр дахь тайлангаа тавьсан. Манай ТББ-ууд “Хү-ний эрхийн төлөв байдлын мэдээлэл”-д Бүрэнхааны фосфоритын ордыг нэр заан оруулж, малчин иргэд шүүхээр эрхээ хамгаалуулах боломжгүй байгааг мөн мэдээлсэн. Тиймээс НҮБ манай Засгийн газарт хоёр дахь удаагаа зөвлөмж өгөх байх.
-“Талстмаргад” компани Бүрэнхааны фосфоритын ордод өнгөрсөн оны байдлаар 70 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэж тайлбар өгч байсан. Үнэхээр ийм зардал гаргасан, эсэх нь эргэлзээтэй байдаг?
-Энэ талаар өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Үнэхээр үнэн бол Татварын ерөнхий газраас эхлээд холбогдох төрийн байгууллагуудад тайлан бүх юм нь байх ёстой. Зөвхөн байгаль орчны үнэлгээ хийлгэхэд “Шинчи баян” гэдэг компанитай 450 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл БОАЖЯ-ны байгаль орчны үнэлгээ хийх зөвшөөрөлтэй компаниудын жагсалтад ийм нэртэй компани байдаггүй. Энэ жагсаалт БОАЖЯ-ны веб сайтад нийтэд ил байдаг. Хэн ч ороод үзэж болно.
“Талстмаргад” компани иймэрхүү хуурамч гэж хэлж болох их хэмжээний зардлууд болон 450 сая төгрөгийн их хэмжээний үнийн дүнтэй гэрээнүүдээ нотариатаар баталгаажуулсан байсан.
Үүнийг нь баталсан нотариатын баталгаа, нотариатчийг нь ч татвар, хууль хяналт, холбогдох байгууллагууд шалгах хэрэгтэй. Ер нь шалгуулна гэж бодож байгаа. Бидний шүүхэд гаргаж өгсөн баримтууд дотор энэ мэт шалгах ёстой маш ноцтой олон баримт бий. АТГ, Татварын ерөнхий газар, хууль хяналтынхан үүнийг анхааралдаа авч шалгах ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!