Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Автомашины дугуйн талаарх ойлголт

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 5 сарын 14
Cardoctor
Зураг зураг

Машины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ?

Энэ бол мэдээж дугуй. Тэгвэл дугуйн онцлог, хэрхэн удаан хэрэглэх, ямар тохиолдолд солих, өвөл зуны дугуйн ялгаа зэрэг мэдээллийг бэлтгэн орууллаа.

Дугуйн үүрэг:

  1. Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,
  2. Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,
  3. Автомашины тогтворжилтыг сайжруулах,
  4. Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.

Өвлийн дугуй:
Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.
Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдөснөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Өвлийн дугуйг сонгохдоо бид бас нэгэн зүйлийг анхаарах шаардлага гардаг. Энэ нь юу вэ гэвэл дугуйн хээ болон хийгдсэн материал байдаг.
Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан авах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм.
Хийгдсэн материалын хувьд та хамгийн амарханаар мэдэх боломж бол дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах явдал юм.

Энэхүү тэмдэглэгээнүүдээс бид хамгийн гол анхаарах зүйл нь М+S гэсэн тэмдэглэгээг анхаарах шаардлагатай юм. Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл бүх улирлын дугуй гэж ойлгоход болох юм.

 

Мөн энэхүү дугуйн дээр tire2 тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй юм байна гэж ойлгож болно. Мөн ганц тэмдэглэгээ бус тухайн дугуйн хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн буй нь тухайн дугуй мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинжийг авч явах нь тохиомжтой юм. Энэхүү гинж нь их цастай үед дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.

 

Дугуйгаа хэрхэн хамгаалах вэ?

 

Зуны аагим халууны улирал эхэллээ. Автомашины дугуй нь нарны хэт ягаан туяа, замын хэт халалтын улмаас хатаж, хатсан хэсгээрээ хагарч гэмтэх явдал олонтаа тохиолддог. Ийм тохиолдолд жолооч танд хэрхэн дугуйгаа хамгаалах талаар бид танд энэ удаагийн зөвөлгөөг өгч байна.
Резин дугуйн ашиглалт, арчлалт, хамгаалалтыг техникийн зохих заавар, дүрмийн дагуу гүйцэтгэснээр түүний элэгдэх хугацааг үлэмж нэмэгдүүлж болдог.

Автомашины дугуйн элэгдэл нь түүний ашиглалтын нөхцөл, дугуйн доторхи даралт, урд дугуйн тавилтын өнцөг, дугуйн буруу угсралт, тормосны жигд бус ажиллагаа, холхивчийн гэмтэл, мөөр /обод/-ийн сэнсрэлтээс төдийгүй ачсан ачааны байдал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамаарна.

Иймээс автомашины дугуй, түүний бусад эд ангийн техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь тогтоосон горимын дагуу хийх явдал, тухайн иргэд байгууллагын эдийн засгийн хэмнэлтэнд ч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ч чухал үүрэгтэй.

 

Дугуйн тавилтын өнцөг
Дугуйн тавилтын өнцөг хэвийн хэмжээнээс хэтэрсэнээс болж автомашины түлш зарцуулалт нэмэгдэж эд ангийн элэгдэл жигд бус болох мөн автомашины хөдөлгөөний үеийн тогтворшилт алдагдах үндэс шалтгаан болно.


Дугуйн тавилтын өнцгийн тухай үндсэн ойлголт

Урд дугуй залах дугуй байх тул хөдөлгөөний явцад байрлал нь байнга өөрчлөгддөг. Залах дугуйн байрлалаас автомашиныг жолоодоход хялбар байх чанар, мөн тогтворшилт дугуйн элэгдэл ихээхэн хамаардаг. Урд дугуй өөрийн анхны хэвийн байдлаас гарлаа ч гэсэн /жишээ нь автомашиныг тойргоор эргүүлсэний улмаас/ түүндээ буцаж ороход нэмэр болох түлхээсийг залах дугуйн тогтворшилт гэнэ.
Залах дугуйн тогтворшилтыг нэмэгдүүлэхийн тулд түүний эргэх тэнхлэгийг хөндлөн ба налуу хавтгайд тодорхой өнцгөөр байрлуулдаг. Дугуйн эргэх тэнхлэг нь жолооны хүрдийг эргүүлэхэд залах дугуйн эргэлтийг тойрох байдлаар эргүүлэх үүрэгтэй.

Ингэж гүйцэтгэхийн тулд гүүшингийн эргэх тулгуурын төв эсвэл бөмбөлгөн тулгуурын төвийг дайран өнгөрсөн байх хэрэгтэй. Дугуйн тавилтын өнцөг дэрвийлтийн өнцөг, хоймолтыг өнцөг, босоо хурууны хөндлөн налалтын өнцөг ба дагуу налалтын өнцөг орно.

Автомашин эргэх үед төвөөс зугтах хүчний үйлчлэлээс болж зам дугуй хоёрын хооронд үүсэх реакцын хүчний үйлчлэлээр дугуйг анхны байдалд буцааж оруулахыг эрмэлзсэн моментыг үүсгэдэг.

Мөн шулуун чиглэлээс автомашиныг гаргахгүй байх ч гэсэн нөлөөг үзүүлнэ. Босоо хурууны хөндлөн налалтыг өнцөг бета нь дугуйг залж эргүүлэх үед урд тэнхлэгийг автомашины урд хэсгийн хамт ялимгүй өргөж дээшлүүлдэг.

Энэ нь дугуйн эргэх нудрага болон дугуйн босоо хурууг тойрог эргэхдээ түүнд перпендикуляр хавтгайн дагуу шилждэгтэй холбоотой. Жолоочоос жолооны хүрдэнд эргүүлэх хүчийг зосгоомогц хүндийн хүчний үйлчлэлээр автомашины дугуй шулуун явах байрлалдаа буцаж орно.

Ийнхүү босоо хурууны хөндлөн налалтын өнцөг нь дугуйг залж эргүүлэхэд хялбар болгохоос гадна автомашины шулуун чиглэлд тогтворжилттой байна гэдэг нь шулуун болон муруй замын хөдөлгөөний үед төвийн байрлалаа жолоочийн оролцоогүйгээр хадгалахын нэр юм. Дэрвийлтийн өнцөг нь жолооны хүрдийн эргүүлэх моментыг багасгадаг. Урд дугуйг дагуу босоо хавтгайд альфа өнцгөөр гадагш налуулсаныг эерэг утгаар, дотогш налуулсныг сөрөг утгаар, давхцаж байвал тэг утгаар авч үздэг.

 

Дугуйн хомойлт а,в /ф өнцөг/ нь дугуйн дэрвийлтээс болж сөрөг үр дагаварын арилгахад чиглэгддэг. Дугуй гадагш налсан байх нь түүнийг автомашинаас холдсон тойргийн нумаар өнхрөх болгодог.

Энэхүү нумын төв нь дугуйн тэнхлэгийн үргэлжүүлж замын гадаргуутай огтлолцсон цэгт оршино. Залах дугуйг автомашины хөдөлгөөний дагуу зэрэгцээ шулуунаар өнхрүүлэхийн тулд хомойлгож /B>A/ тавьдаг. Энэ нь дугуйг гулсаж өнхрүүлэхгүй болгож элэгдлийг багасгадаг. Дугуйн дэрвийлт болон хомойлт нь эргэх нударганы домбон холхивчинд үүсэх зайг мөн бага байлгахад нөлөөтэй.

Зөвхөн суудлын автомашины урд дугуйн тавилтын өнцгийг тохируулдаг. Ачааны автомашин болон автобусанд зөвхөн хомойлтыг жолооны хөндлөн татуурганы уртыг өөрчлөн тохируулна.

 

Дугуйн элэгдэл ба гэмтэл

 

Дугуйг буруу ашиглах, дугуйн гүйлтийн нормыг их хэмжээгээр хэтрүүлэх, техник үйлчилгээ, засварыг цаг тухайд нь хийхгүй байх жолоочийн ур чадвар муу зэргээс шалтгаалж дугуй хурдан элэгддэг ба гэмтдэг.
Автомашины дугуй элэгдлийнхээ норм хэмжээнд хүрэлгүй урьдаж элэгдэх явдал нь үнэгүй зардал ихсэхийн нэг нөхцөл болдог. Дугуйн элэгдэлд ашиглалт хэрхэн нөлөөлөхийг дараахь хүснэгтээр үзүүлье.

Резин дугуйн элэгдэл Нөлөөлөх хүчин зүйл
Дугуйн хээ жигд биш элэгдэх
  • Их хурдтай удаан явсан. 
  • Дугуйн хий ихэдсэн буюу багадсан.
  • Тормос хэвийн бус ажиллагаатайгаас.
  • Огцом тормослосноос.
Дугуйн хээ энд тэндээ хурдан элэгдэх
  • Урд дугуйн тохируулга буруу.
  • Эргэх нударганы цөн ба холхивч элэгдсэн.
  • Дугуйн обуд гэмтсэн, сэнсэрсэн.
  • Булны холхивчны тохируулга алдагдан сул хөдөлгөөн ихтэй болсон.
Дугуйн хээ нэг талдаа элэгдэх
  • Урд дугуйн босоо өнцгийн тохируулга алдагдсан байх.
  • Хойд дугуйн тохируулга алдагдсан.
Хэрлэг тасрах
  • Их хурдтайгаар зам дээрх хатуу зүйлийг дайрах.
  • Дугуйн доторх даралт их байх.
  • Хөдөлгөөний үед дугуйн дээрх даралтын хэмжээнээс огцом хэтрүүлэх.
Дугуйн амсар гэмтэх
  • Дугуйг буруу задалж угсарснаас.
Дугуйн хэрлэг эргэн тойрон язрах
  • Хэмжээнээс их ачаатай буюу бага хийтэй явснаас.
Дугуйн дотор тал хэсэгчилэн гэмтэх
  • Дугуйн хооронд хатуу зүйл хавчуулагдсан.
  • Гадны зүйлд үрэгдсэнээс.
Дугуй рамд хавирах
  • Мөөр буюу дугуйн булны холхивч гэмтсэнээс
 

Дугуйг буруу задалж угсрах нь маш их хор уршигтай байдаг.

Хэмжээ маягаараа харилцан үл тохирох дугуй ба дотуур хаймар, мөөрийг хэрэглэх нь дугуйн элэгдлийг мэдэгдэхүйц ихэсгэдэг. Мөөрний диаметрээс их диаметртэй дугуйг хэрэглэвэл ашиглалтын үед өөрөө задарч болох учир аюултай байдаг.


Мөн түүнчлэн том диаметртэй дотуур хаймрыг хэрэглэхэд түүнд атираа нугалаас сууж амархан үрэгдэж цоорхоос гадна угсралтын үед багаж түлхүүрэнд буюу дугуйн сүвээ, мөөр хоёрын хооронд хавчуулж урагдаж болно. Харин бага хэмжээтэй хаймрыг гүйцэд хийлж тавихад түүний резин хэт сунаснаас амархан урагддаг.

Хэрэв мөөрний элгэвч лент нь хэмжээгээрээ ихдэж байвал нугараа гарч үрэгдэж нэмгэрэхээс гадна тийм элгэвч лент анх тохируулж тавьсан байрнаасаа хөдлөж дотуур хаймрыг хучиж хамгаалах үүргээ алддаг дугуйг олон удаа задлаж угсрах нь түүний эдэлгээний хэм хэмжээнд муугаар нөлөөлөх учир шинэ дугуйнд хуучин дотуур хаймар угсрахыг аль болох хориглох нь зүйтэй. Үүний нэг адилаар хуучин дугуйнд шинэ дотуур хаймар угсрах нь тийм ч сайн биш байдаг.

Цуг тавигдах хоёр дугуйг сонгож авахдаа тэдгээрийн диаметр, хээ зураасны элэгдэл зэргийг адил байхаар авдаг. Хүйтэн газар хадгалагдаж байсан дотуур хаймар догшин хатуу болдог учраас их хүйтэн хаймрыг урьдчилан халаалгүй угсрахад язрах, цуурах гэмтэл гардаг.

Дотуур хаймрын золотникийг олон удаа авч тавьсанаас түүний толгой ба эрээс нь хурдан элэгдэж ажилгүй болдог. Дугуйн хийний даралт нь зохих хэмжээнээсээ бага байвал түүнд үүсэх гажилт ихсэж анхны хэлбэр байдлыг эрс өөрчлөх учир доторх ба гаднах үрэлт халалт улам бүр нэмэгдэж эдэлэгээний хэмжээг багасгадаг. Ер нь дугуйн хийн даралтын хэмжээ тохирох нормоосоо ялимгүй боловч бага болоход тэдгээрийн эргэлтийн эсэргүүцэл нэмэгдэж өнхрөх боломжийг муутгах тул автомашины хөдөлгөөнийг удаашруулаад зогсохгүй шатах, тослох материалын зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Жишээ нь: Дугуйн хийн даралт нормоосоо 20%-р багасгахад бензиний зарцуулалт 10%-р ихэсдэг. Дугуйг зохих хэмжээнээс бага зэрэг илүү даралттай хийлж ашиглахад төдий л их хор хохирол учруулахгүй боловч дугуйн хэвийн ажиллагаанд муугаар нөлөөлнө.

Их даралттай дугуйн замтай холбогдох тулгуур талбайн хэмжээ багасаж замын гадаргууд учруулах хувийн даралт ихэсдэг. Үүнээс шалтгаалж их даралттай дугуйн замтай холбогдох дугуйн хэсгийн хээний тоо цөөрч нэгж талбайд ноогдох дугуйн даралтын хэмжээ нэмэгдэх учраас дугуйн хээ тэгш бусаар ихэнхдээ хээний дунд хэсэг нь ухагдаж түргэн элэгддэг.

Зохих хэмжээнээс илүү хийлэгдсэн дугуй нь донсолгоо цохилтыг муу дарж автомашины хөдөлгөөнийг хатуу ширүүн болгох учир агрегат, механизмуудын холбоо бэхэлгээг сулруулдаг байна.

Хэрэв дугуйн хийн даралтыг нормоос нь 10%-р нэмэгдүүлэн ашиглахад түүний эдэлгээний хугацаа 5-20%-р багасдаг.


Автомашины дугуйн дээрх тооны учир

 

205/65/R15 95H

  • 205 – Дугуйны өргөнийг мм-р хэмжин заажээ.
  • 65 – Дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулж хувилж гаргасан хувь.
  • – Хүмүүсийн боддог шиг радиус биш бөгөөд дугуйн араг яс нь Радиал хийцтэй гэдгийг заажээ. Радиал дугуй нь хөндлөн бүслүүрээр бэхлэгдсэн байдаг ба дотуур хаймаргүй байдаг. Мөн энэ дугуй нь эргэлтийн үед хүндийн жингээс хамааран түүний хэлбэр харьцангуй бага өөрчлөгддөгөөс өнхрөлтийн эсэргүүцэл бага байдаг. Дугуйны өнхрөлтийн эсэргүүцэл хэдий чинээ бага байна түлш зарцуулалт мөн төдий чинээ буурдаг.
  • Түүнээс гадна Диагналь хийц гэж байдаг бөгөөд энэ нь дотуур хаймартай төрөл юм.
  • 15 – Обудны диаметрийг дюймээр хэмжин гаргажээ.
  • 95 H – Энэ заалт нь аюулгүйгээр хурдлах дээд хязгаар юм. Өөрөөр хэлбэл тухайн дугйуг зөв тавьсан тохиолдолд аюулгүй дээд хурд ямар байхыг харуулна. Мөн том 1 дугуй ачаа ачих чадварыг харуулж байна.
  • Хэрэв 81 гэсэн тоо байвал 1 дугуй 462 кг ачааг даана гэсэн үг. Энэ маягаар харуулбал: 82 – 475 кг, 85 – 515 кг, 86 – 530 кг, 87 – 545 кг, 90 – 600 кг, 92 – 630 кг, 95 – 690 кг, 96 – 710 кг,
  • Харин латин үсэг нь тухайн дугуйны аюулгүй дээд хурдыг заадаг.

Зүүн өмнөд азийн орнууд болон халуун орны зарим улсуудад дугуйнд тэжээл өгч хамгаалах дугуй өнгөлөгчүүдийг нэлээд түгээмэл хэрэглэдэг юм байна. Дугуй өнгөлөгч нь доорхи үзүүлэлтийг хангасан байхад тохиромжтой байдаг.

Үүнд:

  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүрхэвчийг дугуйны гадаргуу дээр үүсгэдэг байх
  • Хаталт гандалтаас хамгаалж дугуйнд тэжээл өгдөг байх
  • Дугуйнд тэжээл өгч хамгаалахаас гадна дугуйг өнгөлөх үйлчилгээтэй байх
  • Автомашины гадаад үзэмжинд хамгийн их нөлөөлдөг зүйлийн нэг нь дугуй юм. Гялтганасан, сайхан хар дугуйтай байвал таны автомашин ч бас шинэ юм шиг харагдах болно гэдгийг та ойлгож байгаа биз ээ.

CarDoctor - Холбоотой бусад материалыг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Зураг