Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 05-ны өдөр хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.
Хуралдаанд үг хэлсэн ихэнх улс орнууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн анхны хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тавьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж, цаашид ололт амжилтаа бататгах, эрх зүйн шинэчлэлээ эрчимжүүлэхийг зөвлөлөө. Тус хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн нийт 68 улсын төлөөлөгчид дараах чиглэлээр зөвлөмж өгсөн байна.
Үүнд цаазаар авах ялыг бүрмөсөн халах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэргээс хасах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд, бичил уурхайчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон малчдын эрхийг хангах, хамгаалах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчлийг таслан зогсоох, энэ хүрээнд бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн боловсролыг бүх түвшинд, ялангуяа төрийн албан хаагчдад олгох, хүний эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудал дэвшүүлж, зөвлөмж өглөө.
Гэр хорооллын иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахыг НҮБ-аас зөвлөлөө
Өмнөх хэлэлцүүлгээр өгч байгаагүй асуудлаас эхийн эндэгдэл, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, насанд хүрээгүй хүмүүсийн шүүхээр хэргээ хянан шийдүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн малчдын эрх, бичил уурхайчдын хүний эрх, хот дахин төлөвлөлтийг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах асуудал, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, “Аюулгүй байдал ба Хүний эрх” олон улсын санаачилгад нэгдэх, Минаматагийн конвенцийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг асуудлыг нэрлэж байна.
Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улсын зүгээс сайшаахын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өгч оролцсон нь ач холбогдолтой байсныг тэмдэглэж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|