Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Асрамжийн газарт хүүхдийн эрх зөрчигдөж буйг илрүүлжээ

Б.Энхзаяа
2015 оны 5 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Хүүхэд. Тэд аав, ээжийнхээ хайр, халамжинд өсч хүмүүжих эрхтэй. Энэ эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг юм. Гэвч өнөөгийн нийгэмд эхээс төрөөд хэдхэн хоносон нялх үрс гудамжинд хаягдах болов.

Хөлд, хэлд орсон багачууд энд тэнд хоног төөрүүлж цагдаагийнханд “баригддаг” болов. Тэдний цаана хариуцлага үүрэхээсээ татгалзсан эцэг, эхийн нэр зүүх төдий хүмүүс бидний дунд олон болжээ. Манай улсад ийн орхигдон /цөөхөн хэсэг нь амьдралын эрхээр аав ээжээсээ өнчирсөн нь бий/ багачуудыг нийгэмшүүлдэг газар нь асрамжийн төв юм. Голдуу гэр бүлийн хүчирхийлэл, ядуу тарчиг орчноос дайжсан, эсвэл эцэг, эхдээ хаягдсан хүүхдүүд тэнд ирдэг. Тийм хүүхдүүдийг нас биенд хүрэхэд нь зөв хүн болгож төлөвшүүлэх нь асрамжийн төвийнхний үүрэг юм.

Ингэснийхээ төлөө тэд улсаас төсөв авдаг, гадаад дотоодын төслүүдэд хамрагдаж санхүүждэг билээ. Гэвч асрамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүд ямар орчинд өсч хүмүүжиж байгаа, эрх нь хангагдаж байгаа эсэх нь хэвлэлийнхэн бидэнд нээлттэй сэдэв мэт боловч хаалттай байсаар ирсэн.

Үүний илрэл бол өнгөрсөн жил Орхон аймгийн “Энэрэл” асрамжийн төвд болсон үйл явдал. Тус төвийн нийгмийн ажилтан хүүхэд зодож эрхийг нь ноцтой зөрчсөн хэрэг одоо шүүхийн шатанд байгаа. Олон нийтэд мэдэгдсэн тохиолдол энэ боловч асрамжийн төвүүдийн хаалганы цаана хүүхдүүд хэрхэн аж төрдөг бол.

“НАРХАН” ХОТХОНЫ ХҮҮХДҮҮД МӨНХ ЦЭВДЭГТЭЙ ГАЗАРТ АМЬДАРДАГ

Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээлснээр 2014 оны байдлаар Улаанбаатар болон орон нутагт хүүхдийн асрамж халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулж байна. 33 асрамжийн төвийн гурав нь улсынх.

Өнөр бүл, Нийслэлийн Хүүхэд, залуучуудын тусгай цогцолбор, Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Хүүхдийн төв сувилал төрийн мэдлийнх бол үлдсэн 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага ажиллуулдаг ажээ.

Тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүүхдийн асрамж үйлчилгээтэй холбоотой хууль журам, стандартаар мөрдөгддөг.

 Асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ. 

Манай улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах норм, стандарттай ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэв. Тэд өнгөрсөн онд асрамжийн газар дахь хүүхдийн эрхийн асуудлыг судалж, хяналт шалгалт хийжээ.

“Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” стандарт, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2013 оны тушаалаар батлагдсан “Хүүхэд, түүний гэр бүлд чиглэсэн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллага аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн баталжээ.

Гэвч эдгээр дүрэм, стандарт амьдрал дээр биеллээ олохгүй байгаагаас асрамжийн төвийн хүүхдийн амьдарч буй орчноос эхлээд хоол унд, эрүүл ахуйн шаардлага хангагдаж чадахгүй байгааг ХЭҮК илрүүлжээ. Тухайлбал, Кристина Нобелийн сангийн санхүүжилтээр ажилладаг “Нархан” төв нь гэр хороололд байдаг бөгөөд тухайн газар нь мөнх цэвдэгтэй ажээ.

Үүнээс болж асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ. Мөн “Манай гэр-1”, "Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг аж. Уг нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоход өөрийн байртай байхыг шаардах ёстой. 

Түрээсийн, зориулалтын бус орчинд асрамжийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах эсэх нь эргэлзээтэй. Наад зах нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин бий болох боломжгүй юм байна. Асрамжийн газрын үйл ажиллагааны гол чиглэл бол хүүхдийг нийгэмшүүлэх. Ингэхийн тулд тэднийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээн ирээдүйгээ баталгаажуулах иргэн болгох ёстой ч үүнийг хууль эрхзүйн орчноор зохицуулаагүй нь томоохон зөрчил болж буйг албаныхан дуулгалаа.

ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ АШИГЛАЖ БАЙЖЭЭ

Үүнээс гадна асрамжийн төвийн хүүхдүүдийн эрүүл мэнд сүүлийн үед анхаарах ёстой асуудлын нэг болжээ. Тэд энгийн хүүхдийн адил нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах ёстой. ХЭҮК-оос хийсэн шалгалтын үеэр төвүүд хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг гэсэн ч бодит байдал өөр байгааг тогтоожээ.

Асрамжийн зарим төв нь яаралтай тусламжийн цүнх болон эмийн санд зайлшгүй байх эм, эмнэлгийн хэрэгсэл, тариа огт байхгүй байжээ. Бүр хүүхдэд үзлэг хийж эм олгосон талаарх тэмдэглэлийг карт нээж хөтөлдөггүй аж. Хүүхдийн мэндэд хамгийн аюул заналхийлж болох өөр нэг зөрчил бол төвүүдийн эмийн санд хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал юм.

Шалгалтаар хугацаа нь дууссан Clotri denk, Assure platinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Ket-totifen, нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрчээ.

Төрөлжсөн асрамжийн газруудад хүний нөөцийн мэргэжилтэн хамгийн хүндрэлтэй байдаг юм байна. Ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, байгаа багш, нийгмийн ажилтны ажлын ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Тухайлбал, “Нархан” төв, “Бадамлянхуа” гэх төвүүд мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй ажээ.

Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар боловсон хүчинд тавигдах шаардлагыг 69 хувиар хангаж байна гэж үзжээ. Энэ нь асрамжийн газрын бусад үзүүлэлттэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт гэж хүний эрхийн байгууллагынхан онцолж байна. 

ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТӨВД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ БУЙГ БУРУУТГАЖЭЭ

Үйл ажиллагааны орчин таагүй, эрүүл ахуй, хоол хүнсний чанар хангалтгүй төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ явуулахад эрсдэлтэй байгаа асрамжийн төвүүд одоо хэр нь яагаад ажилласаар байна вэ.

Тэдэнд хэн хэрхэн зөвшөөрөл олгоод байгаа судлахад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар энэ асуудал зохицуулагддаг аж.

Асрамжийн газрын үйл ажиллагааны гол чиглэл бол хүүхдийг нийгэмшүүлэх. 

Уг хуулиар Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхдийн асрамж, халамжийн чиглэлээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог юм байна.

Энэ зөвшөөрөл авахад тавих шаардлагыг хангаагүй олон байгууллага байгааг дээрх зөрчлүүд харуулж байна. Хүний эрхийн байгууллагаас ч ингэж дүгнэжээ. Үйлчилгээний шаардлага хангаагүй байхад зөвшөөрөл олгодог албан тушаалтантай хариуцлага тооцох нь зүйтэй гэж УИХ-д зөвлөмж хүргүүлжээ.

Дээр өгүүлсэнчлэн асрамжийн төвүүд төрөөс болон олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрөөс санхүүждэг. Манай улсад хүүхдийн эрүүл мэнд, сурах орчин, хүмүүжилд зориулж маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг.

Үүний цаана мэдээж маш их хөрөнгө эргэлдэж буй хэрэг. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө чин сэтгэлээр ажиллаж байгаа нэгэн байхад зөвхөн ашгийн төлөө ажилладаг хэсэг ч бас асрамжийн төвүүдийн дунд байна гэж харж болохоор ажээ.

Зураг