Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эдийн засаг хүнд үеэ давчихсан уу

Д.Мөнхчимэг
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

-Эсвэл зүгээр л хүнд үетэйгээ эвлэрчихсэн үү?-

АНУ болон Барууны орнуудын хориг, нефтийн үнийн уналт “давхар цохилт” үзүүлсэн ч Оросын эдийн засаг хүнд үеэ хэдийнэ давсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийнхэнд хэлсэн байна. Рублийн ханш сүүлийн гурван сарын турш чангарсан, инфляцийн өсөлт саарч эхэлсэн зэргээс үзэхэд Путиний зөв ч юм шиг. Гэвч түүнийг ийн ярьсны маргааш буюу өнгөрсөн Лхагва гарагт гарсан статистикийн үзүүлэлтүүд маруухан байв. Эдийн засгаа дэмжихийн тулд ОХУ-ын Төвбанк бодлогын хүүгээ 14-өөс 12.5 хувь болгож бууруулснаа мэдэгдлээ.   

ДНБ-ий уналт хурдаа авав

Хойд хөршид эдийн засгийн хямрал гүнзгийрч байгааг илтгэх мэдээлэл хөвөрсөөр. Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын ДНБ жилийн өмнөхтэй харьцуулахад 3.4 хувиар унажээ. Хөрөнгө оруулалт жилийн өмнөхөөс 5.3 хувиар хумигдсан байна. Харин импортын хоригоос шалтгаалан хүнс, химийн салбарын үйлдвэрлэл харьцангуй бага буюу 0.6 хувиар багассан дүнтэй гарав.

Хамгийн муу мэдээ гэвэл, жижиглэн худалдааны борлуулалт өнгөрсөн гуравдугаар сард 8.7 хувиар огцом буурчээ. Хэрэглэгчдийн хүлээлтийн индекс энэ оны эхний улиралд өмнөх улиралтай харьцуулахад 14 хувиар навс унаж, 2009 оны санхүүгийн хямралаас хойших доод түвшинд хүрсэн байна. ДНБ улирлын дүнгээр 2.2 хувиар агшсан тухай Оросын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээлжээ. 

Гэсэн ч Путиний багийнхан өөдрөг хэвээр үлдэв. Эдийн засаг нь хамгийн хүнд үеэ энэ оны эхний улиралд үлдээсэн бөгөөд цаашдаа тогтворжихыг тэд хэлсээр байна. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны таамаглаж буйгаар энэ онд ДНБ нь гурван хувиар хумигдах юм. Харин Олон улсын валютын сан 3.8 хувийн, “Morgan Stanley” банк таван хувийн уналт “зөгнөөд” буй билээ. 

Рубль сэргэсэн шалтгаан 

Оросын рубль он гарсаар ам.долларын эсрэг 18 хувиар чангарч, “Bloomberg”-ийн тооцдог 170 валют дундаас хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Эдийн засгийн төлөв сайжирч байгаа нь рублийн ханшид эергээр нөлөөлснийг Путин тайлбарлажээ. Өнгөрсөн онд хөрөнгийн гарах урсгал хоёр дахин нэмэгдэж, 160 тэрбум ам.долларт хүрсэн бол Оросын аж ахуйн нэгжүүд болон банкууд 130 тэрбум ам.долларын гадаад өрөө барагдуулах бэрхшээлтэй тулгарсныг тэрбээр сануулсан юм.

Үүнийгээ ч түвэггүй шийдвэрлэснийг Путин онцлоод, энэ онд мөн 60 тэрбум ам.долларын өр төлөхийн ихэнхийг нь эхний улиралд багтааж барагдуулсныг хэлсэн. Ийнхүү оросуудын өр төлбөрөө шилжүүлэх үе ард хоцорч, улмаар гадаад валютын эрэлт буурч, рубль чангарчээ. 

Харин барууны шинжээчид рублийн ханшийн өсөлтийг дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ сэргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Өнгөрсөн оны сүүлчээр газрын тосны үнэ 50 орчим хувиар хямдарсны улмаас рублийн ханш 60 хувиар унаж байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 43 рубль байсан ам.доллар энэ оны эхний сар гэхэд 69 рубльд хүрч цойлсон удаатай.

Тэгвэл эдүгээ нэг ам.доллар 51 рубльтэй тэнцэж байгаа юм. Брент маркийн нефтийн үнэ сүүлийн хоёр сард тогтвортой өсөж, баррель нь 55 ам.доллар байснаа 66-д хүрээд буй. Энэ нь эрчим хүчний экспортоор дэлхийд тэргүүлэх ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтэд сайнаар нөлөөлсөн нь гарцаагүй. 

Инфляцийн дарамт

Рублийн ханш сэргэсэн учраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ч тогтворжих хандлагатай болжээ. Гадаад валютын ханшийн өсөлт, хүнсний импортын хоригтой холбоотойгоор ОХУ-д инфляци гаарч, өнгөрсөн гуравдугаар сард 16.9 хувьд хүрсэн. Харин сүүлийн нэг сарын хугацаанд энэ үзүүлэлт тогтворжиж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

Тиймээс ч Төвбанк нь бодлогын хүүгээ эргэлзэх зүйлгүйгээр бууруулсан биз. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид зээл авахад арай хялбар бөгөөд хямд болох ч инфляцийг эргээд өсгөх эрсдэл ч бий болж байна. Тэгвэл орлогынхоо тэн хагасыг хүнсэнд зарцуулж буй энгийн иргэдэд хүндээр тусаж мэдэх нь. 

Барууны орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосонтой холбоотойгоор үнэ өсөж эхэлсэн билээ. Энэ оны эхний гурван сард л гэхэд жимс, ногооны үнэ 32.5 хувиар нэмэгдсэн байна. Загасны үнэ 33, тахианы махных 28.6, гахайн махных 24.7 хувиар, бяслагных 24.5 хувиар өссөн байх жишээтэй. Мөн хоригт багтаагүй хэрнээ үр тариа, элсэн чихэр, талхны үнэ ч талийжээ. Хойд хөршийн эрх баригчид үнийн энэ галзуу өсөлтийг зогсоохын тулд дэлгүүрийн эздийг “сүрдүүлэх”-ээс эхлээд лангуун дээрх бараа, бүтээгдэхүүний ханшид хяналт, зохицуулалт хийхийг ч завдсан. Аз болж инфляцийн өсөлт одоо л нэг юм саарах төлөвтэй болов.   

Хямралаас хожсон нь

“Newsweek” сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт хэвлэгдсэн “Юун хориг? Оросын эдийн засаг эргээд өсөх нь” гарчиг бүхий нийтлэл олны анхаарлыг татсан юм. Хоригоос Барууны хүлээсэн үр дүн гараагүйг нийтлэлч Билл Повелл онцлоод, ОХУ-ын рублийн ханш болон хөрөнгийн зах зээл сэргэж, зээлийн хүү буурч, төсвийн орлого нь төлөвлөгөөгөө давуулж эхэлснийг тэмдэглэжээ.

Үүний шалтгаан нь ердөө л рублийн үнэгүйдэл. Өнгөрсөн жил тус валютын ханш навс унаснаар экспортлогч компаниудын ашиг суга өссөн байна. “Роснефть”-ийн орлого өнгөрсөн онд 18 хувиар нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотойг Повелл бичжээ. 1998 онд үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн бөгөөд Оросын эдийн засаг нүд ирмэх зуур сэргэснийг тэрбээр сануулсан байв. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжиж ядаж байсан оросуудыг бүгд дэмжиж байлаа. Харин одоо хойд хөршийг бүтэлгүйтэхийг, сүйрэхийг хүлээж байгаа нь олон байх шиг. Гэвч тэдний хүлээлт талаар болсныг Путин өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хэлээд, “Ямар ч сүйрэл болсонгүй. Оросын эдийн засаг хоригтой холбоотой зохиомол бэрхшээлүүдийг хялбархан даваад гарчихлаа” гэжээ.    

Нөгөө талаас, хойд хөршийн ДНБ-ий уналт хурдаа авч, хэзээ өсөж эхлэх нь тодорхойгүй хэвээр. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эргээд унавал рублийн ханш ч дагаад сулрах эрсдэл байсаар байна. Мөнгөний зөөлөн бодлого арай хийж тогтворжиж эхэлсэн инфляцид ямар нөлөө үзүүлэх нь анхаарал татаж буй. Энэ бүхнээс үзэхэд, оросууд хүнд үеэ даваад гарсандаа ч биш, түүнтэйгээ эвлэрч, дасан зохицож эхэлсэн шиг байна.

1998 онд үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн бөгөөд Оросын эдийн засаг нүд ирмэх зуур сэргэсэн

Барууны хоригоос болж Оросын компаниуд гадаад зээл босгоход хэцүү болсон учраас тэд энэ бүхэнтэй эвлэрч, зардлаа танаж эхэлснийг тус улсын Сангийн дэд сайд Аркадий Дворкович тайлбарлаж байсан удаатай. Харин Барууны шинжээчид, сэтгүүлчдийн хувьд ОХУ-ын эдийн засаг санаж байснаас нь “зөөлөн газардсан” нь сонин санагдсан бололтой. Гэсэн ч уналт л бол уналт, хямрал л бол хямрал шүү дээ. Ямар ч байсан 350 гаруй тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй хүчирхэг гүрний хувьд хойд хөрш маань энэ удаагийн хямралыг ажралгүй давах бололтой. 

Эцэст нь, энэ бүхнээс оросууд маш том хожоотой үлдлээ. Нэгдүгээрт, эдийн засгаа “солонгоруулах” тухай олон жил ярьсныгаа ажил хэрэг болгохоор ханцуй шамлалаа. Тэд хүнс, химийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, импортыг орлох чиглэлд асар их анхаарч байна. Хоёрдугаарт, зах зээлээ төрөлжүүлэх зорилго руугаа ч хурдтай явж байна. ОХУ экспортынхоо 50 хувийг евро бүс рүү гаргаж, Хятад, Япон мэтийн зах зээлтэй хангалттай худалдаа хийж чаддаггүй байв. Харин одоо Барууны орнууд нэгэнт нүүр буруулсан учир Хятадтай дотносох болсон. Энэ онд л гэхэд хоёр орны худалдаа 4.7 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 100 тэрбумд хүрэх төлөвтэйг ОХУ дахь Хятадын Элчин сайд Ли Хуй хэлжээ. 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө бий. 

 

Өгүүллийг

Даваашаравын Мөнхчимэг