ЗХУ ялалт байгуулсан Аугаа Эх орны дайн буюу Барууныхны нэрлэдгээр Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг нүсэр хэмжээнд тэмдэглэхээр бэлдэж байгаа ч түүнд оролцох олон улсын зочдын тоо хорогдсоор байгаа гэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-нд Москвад болох арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 70 удирдагчийг урьсан ч Украйны асуудлаас болоод зочдын тоо буураад байгаа юм.
Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “дотоод ажилтай“ гэсэн шалтгаанаар урилгаас татгалзаад байгаа.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песковын мэдэгдсэнээр 30 улсын төрийн тэргүүн, ерөнхий сайд, ОУ-ын байгууллагын тэргүүн нар оролцохоо илэрхийлээд байгаа гэнэ.
Уг нь Оросын талын гаргасан жагсаалтад 68 зочин байсан юм.
Одоогоор BRICS-ын орнуудаас (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф хариугаа ирүүлээгүй байна.
Босни Герцеговина, Исланд, Македон, Монтенегро, Серби, Норвеги улсуудаас янз бүрийн түвшний зочид ирнэ гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров гуравдугаар сард мэдэгдсэн.
Тэр мөн Словакийн ерөнхий сайд Роберт Фиког ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Кипр улс төлөөлөгчөө илгээхээ мэдэгдсэн бол Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос өөрийн биеэр Москвад очино гэдгээ баталгаажуулжээ.
Чехийн ерөнхийлөгч Милош Земан урилгыг эхлээд хүлээж авсан боловч Чехийн олон нийтийн эсэргүүцлээс болоод больсон гэнэ.
Бусад бүх Европын орнууд татгалзсан эсвэл хариу өгөөгүй байгаа юм.
Оросын тал АНУ-ыг Европын орнуудад дарамт үзүүлж урилгаас татгалзуулж байна хэмээн буруутгаж байгаа юм.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн нийслэл Минскэд болох парадад оролцохоор болж урилгаас татгалзсан гэнэ.
Харин Оросын тал Беларусийн арга хэмжээнд оролцуулахаар өөрийн цэрэг, зэвсгийг илгээх болсон ажээ.
Хэдийгээр урилгаас татгалзсан ч Лукашенко Оросын эсрэг Барууны орнуудын авч байгаа арга хэмжээг тууштай шүүмжилж байгаа юм.
Өмнөд Африкаас гадна долоон Африкийн улс төлөөлөгчөө ялалтын баярт илгээх болсон нь Танзани, Сомали, Либери, Гвиней, Буркина Фасо, Лесото, Мавритани юм байна.
Харин Евразийн бүсээс Армени, Азербайжан, Тажикистан, Узбекистан, Киргизстан зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх орнуудын төрийн тэргүүнүүд ирэхээр болжээ. Эдгээрээс гадна Вьетнам, Монголын төрийн тэргүүнүүд мөн оролцох нь тодорхой болсон байна.
Америк тивээс ганцхан Куба улс оролцох болсон нь тийм ч гайхах зүйл биш. ЗХУ-ын үед найрсаг харилцаатай байсан тэд одоо ч Оростой харилцаагаа үргэлжлүүлж байгаа.
Эдгээрээс гадна С.Лавров Европын Зөвлөл, ЮНЕСКО-гийн удирдлагуудыг оролцоно гэж гуравдугаар сард мэдэгдэж байсан юм. Зочдын бүрэн жагсаалт удахгүй нийтэд ил болно.
Эх сурвалж: International Business Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|