Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх орны дайнд оролцсон 350 ахмад дайчин бий”

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Батлан Хамгаалах Яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсдод хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэлийг хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцааг хөгжүүлэхэд түлхэц болохуйц цогц арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон байна.

Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Болдбаатарыг томилсон бөгөөд 456 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг үүрэг болгосон байна.

Эх орны дайны 70 жилийн ойн хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдаа сурталчилах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх , Монголын ахмад дайчдад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн Монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулах аж. 

Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга Ч.Самбуу “Манай хорооноос дайнд оролцсон ахмад дайчдынхаа тоог гаргахаар ажиллаж байна. 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон 17 хүн, 1945 оны дайнд оролцсон 3,333 хүн байдгаас өнөөдрийн байдлаар 350 хүн амьд сэрүүн байна. Ойг Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорнод аймагт тэмдэглэнэ” гэлээ.