Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Гудамжны зан"-гаа тавьдаггүй улстөрчид

С.Туул
2015 оны 5 сарын 4
ӨНӨӨДӨР
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт Чингисийн талбайд “суулт” хийлээ. Сэдэв нь Таван Толгой. Тэр уг ордын хувьцаа эзэмшигч ард түмний төлөөллөөс санал авсан юм. Уг ордын хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах боломжийг гэрээний төсөлд тусгай бүлэг болгон оруулах зорилготой гэнэ. Хоёр өдөр 6,000 гаруй иргэн санал өгсөн бололтой юм.

Иргэдээс цуглуулсан саналаа тэр Л.Эрдэнэчимэг ахлагчтай Ажлын хэсэгт өнөөдөр гардуулж өгөх гэнэ. Асуудлын агуулга биш, хэлбэрийг энэ удаа онцлох гэсэн юм. Эрхэм гишүүн бороо шороог ч үл хайхран, Чингисийн талбайдаа шүхэр барин сууж иргэдийн саналыг сонссон байна. Төрийн тэргүүнийхээ “зааж сургадгаар” ард түмэнтэйгээ ойр байгаа нь тэр. Энгийн иргэдэд бол сайхан л санагдсан байх.

Гэхдээ УИХ-ын өндөр босгыг давсан, бүрэн эрхтэй гишүүн хүнд үүнээс өөрөөр caнал авах боломж олдоогүй гэвэл итгэх хүн байхгүй. Тэр зүгээр л шоу хийжээ. Нөгөө талаар гудамжинд жагсаж, суулт хийж явсан “гэгээн” цагаа санагалздаг бололтой юм. Тэр үеэ үе үе дурсаж, “гэр”-ээ эргэдэг түшээ манай УИХ-д хэд хэд бий.

2012 оны сонгуулиар УИХ-д иргэний хөдөлгөөнийхний төлөөлөл, эрх баригчдын эсрэг өлсөж, жагсаж явсан С.Ганбаатар, Ж.Батзандан, Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог, З.Баянсэлэнгэ тэргүүтэн орж ирсэн юм. Гудамжнаас тэмцээд үр дун гарахгүй нь. Өөрсдөө дотор нь ороод үзүүлээд өгье” гэцгээсэн. Гэвч бүрэн эрхийнх нь хугацааны бараг гурван жил нь өнгөрчихөөд байхад “үзүүлээд өгсөн” юм алга. Тэд ер нь юу хийгээд байна

Г.Уянга, Д.Батцогт: Тэд Амлалт нэхэх ард түмний холбооны удирдлага байлаа. АН, МАН-аас эх орны хишиг хэмээн ард түмэнд амласан мөнгийг өгүүлэх гэж тэд хүйтэн өвөл өлсгөлөн зарлаж явсан.

Г.Уянга гишүүн ер нь нэг сенсаацлаг сэдэв барьж авах дуртай хүн бололтой.

Одоо хууль тогтоогч, бүр эрх баригч болчихоод өнөө мөнгөө өгүүлж чадсан вд уу. Эх орны хишгийг оюутан, axмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан.

Ажилчин ангийнхан үлдсэн. Тэдэнд Таван Толгойн ордоос тус бүр 1,072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болоод л одоо энэ асуудал нэг гацсан байдалтай байна. Эрхэм түшээд жагсаж явсан ажлаа хууль тогтоогчийн түвшинд гүйцээсэнгүй. Зүгээр л мартчихсан. Д.Батцогт нь хаа очиж намбатай юм. Энд тэнд жагслаа, суулаа гэж сонсогдохгүй байна. Харин Г.Уянга бол зангаа тавихгүй нь. Сүхбаатарын талбай дээр хуучнаа дурсан жагсаж, С.Баярцогтыг огцруулах, Төрийн тэргүүнийг Цэцэд өгөх мэтийн “сенсаац” хөөсөн шиг л явж байна.

Гацууртыг стратегийн ордод оруулах асуудлыг ярих үед Ноён уулаа хамгаалах хөдөлгөөнд эрхэм гишүүн нэгдсэн. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д олон сая долларын үнэтэй долоон байшинтай тухай мэдээлэл цацлаа. Гэм нь үүнийхээ араас АТГ-т мэдүүлэг өгөөд явж байгаа гэсэн.

Тэгэхээр Г.Уянга гишүүн ер нь нэг сенсаацлаг сэдэв барьж авах дуртай хүн бололтой. Харин түүний санаачилсан, тэгээд батлуулсан дорвитой хууль гээд нэрлэчих юм ховор.

Эрүүл мэндийн даатгалын, Түрээсийн тухай зэрэг хуулийн төсөл дээр, мөн эмэгтэй гишүүдийн бүлгээрээ архи, тамхины эсрэг хууль батлуулахад хувь нэмрээ оруулж ажилласан байх.

С.Ганбаатар: Тэр гишүүн болоод Оюу толгой гэдэг сэдэв сонгож авсан. Одоо тэр энэ сэдвээ гурван жилийн турш “мөлжиж” байгаа. Байсхийгээд л нэг хүнийг халз мэтгэлцээнд дууддаг зуршилтай боллоо. Эхлээд гэрээ байгуулалцсан гурван сайдын нэг байсан С.Баярцогтыг мэтгэлцээнд дуудсан.

Байнга л “үглээд” байдаг атлаа түүний мэдээлэл, мэдлэг хангалттай байж чадаагүй. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-нд тэр өнөөх л “үндсэн сэдэв”-ээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз ярилцлагад дуудсан сурагтай. Ерөнхий сайдад тийм зав хаанаас байв гэж. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилсан, хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Оюу толгойгоос гадна анхаарч байгаа нийгмийн ганц сэдэв нь энэ.

Ж.Батзандан: Эрхэм гишүүн Чингисийн талбайд суулт зарлахаас гадна ганц нэг хуулийн төсөл санаачилсан. Төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл нь дэмжлэг авалгүй уначихсан л болохоос. Бас гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаал хашуулахгүй байх, жаахан ардчилсан бус заалт зүтгүүлээд шуугиан дэгдээгээд авсан.

УИХ дотор л гэхэд орос эхнэр, америк нөхөртэй гишүүд бий. Тэд тун их эмзэглэсэн сурагтай. С.Баярцогт гишүүн оффшор бүс дэх дансныхаа мөнгийг “мартсан” хэрэг мандсаны дараа энэ асуудлаар нэг хэсэг хөөцөлдсөн. Бас л газар авч чадсангүй. Нэг иймэрхүү дуулиантай хууль санаачилдаг ч батлуулж завдаагүй л явна.

Л.Цог: Тэр бас л “гудамжнаас сонгогдсон” эрхмүүдийн нэг. “Шударга ёс” эвслээс Г.Уянга тэр хоёр л үе үе “эсэргүү” ажиллагаа өрнүүлдэг юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад бүлгийнхээ эсрэг санал дарсан, шүүмжлэлтэй ханддаг гэх мэт.

Бас “элэг нэг” учраас УИХ-д суудалгүй намуудын төлөөллөө хүлээн авч уулзахаас эхлээд тэдэндээ арай нааштай ханддаг. Нөгөөдүүл нь ч магтаад байдаг юм билээ. УИХ-ын дэд даргын албатай энэ эрхэм элдэв шуугиантай мэдэгдлийн ард нэр холбогддог ч залуусаа бодвол намбатай байхаас яах вэ.

Тэд юм л бол шүүмжилж, хэн нэгнийг огцруулах тухай ярьж, эсвэл гудамжинд гарч жагсана” хэмээн “айлгадаг”. Уг нь өөрсдөө хууль тогтоогч болчихсон. Гадаа байхдаа шүүмжлээд байсан зүйлсээ одоо хийх бүрэн боломжтой байгаа юм. Болохгүй байгаа асуудлыг өөрчлөх сайн, даацтай хууль боловсруулаад түүнийгээ батлуулахын төлөө элдэв шоугаа хий л дээ.

Гэтэл гудамжинд тэмцэж явсан сэтгэхүйгээсээ салах дургүй, хууль тогтоогч болчихсоноо ойлгож өгөхгүй байх шиг. Үргэлж л “Нэг л юм дутуу” гэсэн байр сууринаас аливаад хандах аж.

Уг нь өөлж гоочлох, элдэв сенсаац хөөцөлд гэж биш, ажил хий, амлалтаа биелүүл л гэж тэднийг олон нийт сонгосон. Улс төрийг Төрийн ордонд, хууль баталж хийх ёстой болохоос дотор нь орчихоод гадагш шагайгаад буй нь нэг л биш байна.

Зураг