Хайр бол мөнхийн сэдэв. Яг үүнтэй адил мөнхийн сэдэв болчихсон, шийдэл гардаггүй асуудал улс төрд бас бий. Эдгээрийн нэг нь Үндсэн хуулийг өөрчлөх. Сүүлийн гурван ч парламент “эцэг” хуульд өөрчлөлт оруулахаар оролдож байна. Ажлын хэсэг байгуулна, баахан судалгаа хийнэ, санал авна. Тэгсээр байтал бүрэн эрхийнх нь хугацаа дуусчихдаг юм.
Энэ УИХ ч иймэрхүү л хурдаар ажиллаж буй. Гэхдээ “хүрд эргүүлэх” боломж шавхагдаагүй учраас зөв өөрчлөлт хийчихээсэй гэсэн найдлага тасраагүй байна.
Сүүлийн гурван ч парламент “эцэг” хуульд өөрчлөлт оруулахаар оролдож байна.
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулсан эхний Ажлын хэсгийг гишүүн Л.Цог ахалсан. Бас хамгийн муу, удаан ажилласан гэсэн үнэлгээ авсан юмдаг. Тэд хоёр жил гаруйн турш ажиллахдаа энэ хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг тодруулжээ.
Эцэст нь “Шаардлага байна” гэсэн дүгнэлт гаргаад өөрчлөх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулав. Эрхэм гишүүн Н.Батбаяр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, АН-аас С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, МАН-аас Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАХН-аас Л.Цог, ИЗНН-аас С.Оюун нар багтсан. Тэд эдүгээ бямба гариг бүр хуралдаж буй сурагтай. Гэвч гарт баригдах төсөл бэлэн болоогүй байна.
Л.Цогийн үед ч, одоо ч, өмнө нь ч Үндсэн хууль тойрсон олон санал хөвөрч буй. Тэд 15 санал дэвшүүлж дараагийн багтаа үлдээсэн юм байна. 2000 онд оруулсан “дордохын долоо”-н заалтыг цуцлах санал хамгийн түрүүнд явна. Эдгээрээс УИХ-ын гишүүн сайдаар ажиллах эрх нээсэн заалт өнөөгийн засаглалын хямралын гол буруутан болдог юм.
Үүнийг цуцлах оролдлого хийсэн хэд хэдэн ч хуулийн төслийг өмнөх УИХ-ын үед гишүүд өргөн барьж үзсэн. Зөвхөн Ерөнхий сайдыг, эсвэл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг УИХ-аас томилох гэх мэтээр харьцангуй зөөлрүүлсэн санал ч их.
Хамгийн сүүлд гишүүн Ц.Даваасүрэн “давхар дээл”-ийг тайлах агуулгатай төсөл боловсруулсан юм билээ.
“Давхар дээл”-ийг тайлах энэ зохицуулалт дараа дараагийн сайн жишгийн эхлэл болно.
Зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл” өмсөнө гэдэг санал дээр дөрөөлөөд “Сайд нараа ч бас тэр өөрөө сонгох нь зөв” гэдэг байр суурь ажиглагдаж буй юм. УИХ-ын гишүүн сайдад шаардлага тавих хэцүү.
“Загнаж” бүр барахгүй. Учир нь тэр яг адилхан эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүн. Тиймээс зэрэгцээд л “томорчихдог” зовлон бий. “Давхар дээл”-ийг тайлах энэ зохицуулалт дараа дараагийн сайн жишгийн эхлэл болно. Ерөнхий сайд танхимаа өөрийн хүсэл, сонголтоор бүрдүүлнэ, дараа нь хариуцлагаа хүлээнэ.
Гэхдээ УИХ дахь “мангуу”-нуудын тоог нэмэхийг олон нийт лав хүсэхгүй. Хоёр танхимтай болгох санал сүүлийн үед нэлээд эрч авах шинжтэй. Манай улс АИХ, УБХ гээд үндсэндээ ийм хувилбартай байж үзсэн. Яг энэ хоёр саналыг тусгасан төслийг гишүүн Су.Батболд тэргүүтэн өмнөх УИХ-ын төгсгөл хавиар санаачилсан байдаг. Гэвч ганц танхимаа төгс ажиллуулчихаж чадахгүй байгаа манай улсад “идэж уух” хүмүүсийн тоог нэмээд нэг их үр дүн гарах болов уу.
Бас нэг ийм санал бий. Төрийн тогтолцоог илүү боловсронгуй болгох, эрх мэдлийн хуваарилалтын зааг ялгааг тодруулах нь өөрчлөлтийн зорилго. Тэгвэл зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл” өмсөнө гэдэг санал дээр дөрөөлөөд “Сайд нараа ч бас тэр өөрөө сонгох нь зөв” гэдэг байр суурь ажиглагдаж буй юм. УИХ-ын гишүүн сайдад шаардлага тавих хэцүү. “Загнаж” бүр барахгүй. Учир нь тэр яг адилхан эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүн. Тиймээс зэрэгцээд л “томорчихдог” зовлон бий.
“Давхар дээл”-ийг тайлах энэ зохицуулалт дараа дараагийн сайн жишгийн эхлэл болно. Ерөнхий сайд танхимаа өөрийн хүсэл, сонголтоор бүрдүүлнэ, дараа нь хариуцлагаа хүлээнэ. МАН-ын зүгээс энэ саналыг нэлээд дэмжиж буй сурагтай. Ерөнхий сайд болох марафон арай гэж дуусмагц сайдын төлөөх тохиролцоо, наймаа үргэлжилж, хууль тогтоох үндсэн ажлыг алдагдуулдаг.
Тэгвэл танхимынхаа асуудлыг Ерөнхий сайд нь шийддэг болчихвол ийм байдал гарахгүй. “Зөвхөн Ерөнхий сайд гэдэг ганц хүний эрх мэдэл гаарах нь” гэсэн хардлага бас бий. Гэхдээ нөгөө талд нь хариуцлагаар үүнийг тэнцүүлэх сайн зохицуулалт хийж болно. Үндсэн хууль бол Монголын ард түмний аж амьдралыг чиглүүлсэн том хөтөлбөр.
2008-2012 оны УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үүгээр бол хөндөж болохгүй, суурь хэсгүүд бий. Түүнээс бусдыг нь өөрчлөх бол 76 гишүүний гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй. Зөвхөн энэ 76-гийн хүрээнд асуудлыг шийдчихвэл 2000 оных шиг будлиан үүсэхгүй гэх газаргүй. Тиймээс ард түмнээсээ асуух учиртай. Үнэхээр л “давхар дээл” тайлах, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох хүсэл сонирхол байгаа бол асуух ажлаа яаравчлах ёстой.
Учир нь энэ УИХ-ын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх хүчинтэй хугацаа 2015 оноор дуусгавар болно. Сонгуулиас зургаан сарын өмнө өөрчилж болохгүй хуулиудын нэг нь энэ учраас тэр. “Нэг л болохгүй байна даа” гэж бүгд яриад, мэдээд буй атлаа энэ хуулиас “гайтай” заалтуудыг аваад хаячих “зүрх” үе үеийн УИХ-д байгаагүй.
УИХ-д суудалтай бүх нам хамтарч Засгийн газрыг байгуулахдаа хийхээр төлөвлөсөн томоохон ажлын нэг нь энэ “хуягт хууль”- ийн өөрчлөлт. Тэгэхээр тэднээс өмнөх улстөрчдөөс гараагүй зориг гарах болов уу. Ажлын хэсэг байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн атал цаасан дээр буусан төсөл алга. Зөвхөн энэ мэт “задгай” саналууд л хийсэж явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!