Улс төрч, бизнесмен хэн бүхэн өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх нь “моод” болоод цөөнгүй оныг үджээ. Хэн хэнийх нь хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж өөрсдийгөө хуяглах олон шалтгаан бий. Юуны өмнө энэ нь тэдэнд өөрсдийн үзэл бодол, байр сууриа нийгэмд хүргэх, өөрийн нөлөөллөө бэхжүүлэх, сонгуулийн PR-аа хийх хэрэгсэл гэж хардаг бололтой.
Түүнчлэн өрсөлдөгчөө давж гарах, нэр нүүрийг нь унагах, эсвэл өөрийн хүнээ өөд нь гаргах боломжийг хэвлэл мэдээлэл олгодог болохоор ийм ид шидэнд нь эрхгүй татагддаг биз.
Ардчилсан улсын амин сүнс нь хараат бус чөлөөт, ёс зүйтэй сэтгүүл зүй гэлцдэг.
Монголд сүүлийн 20 гаруй жил сонин сэтгүүл, телевиз, сайтуудын тоо борооны дараах мөөг шиг л олширсоор байгаа.
Тоо баримтаар, Улаанбаатар хотод 350 орчим, орон нутагт 160 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Харин эдгээрийн ихэнх нь хэн нэг улс төрч, бизнесийн бүлэглэлд харьяалагдаж ар талыг нь дааж, нэр хүндийг нь ниргэх “аюул”-аас сэргийлж байх үүрэгтэй гэх.
Монголын энэ олон мэдээллийн хэрэгслээс хуруу дарам цөөн нь харьяалалгүй бизнесийн зарчмаараа амьдарч буй.
Өөрөөр хэлбэл хараат бусаар оршин байгаа гэсэн үг. Хэрэв энэ өнцгөөс нь харвал Ардчилсан Монгол Улсад ардчилсан хараат бус чөлөөт, ёс зүй бүхий сэтгүүл зүй байна уу гэж эргэлзмээр.
Мэдээллийн хэрэгслүүд ихэнхдээ эзнийхээ захиалга заавраар дуугарч, шударга үнэний дуу хоолой байж, баримт, зөвхөн баримтанд тулгуурлах сэтгүүл зүйн үндсэн зарчмаа шилгээж сэгсэрчих гээд байдаг гэм буй.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас “Монголын хэвлэл- Өнөөдөр” судалгааг 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2014 оны тавдугаар сар хүртэл хийж, товхимол болгон хэвлүүлсэн юм. Судалгаагаар 1999 онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 197 байсан бол 2013 онд 506 болж өсчээ. Энэ нь жилд дунджаар 50 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр нээгдэж байна гэсэн үг.
Өнгөрсөн жил 44 мэдээллийн хэрэгсэл шинээр нээгдсэн бол 57 нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Монгол Улсад 2013 онд 135 сонин, 99 сэтгүүл, 199 телевиз, 84 радио, 68 цахим хэвлэл үйл ажиллагаа явуулж байжээ. Гурван сая хүн амтай улсад энэ яахын аргагүй том тоо.
Хүн ам нь үзээд ханачихсан, зах зээлээсээ хэд дахин давсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгаа нь энэ салбарыг цэгцлэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг болсныг харуулж байна.
Манай улс 1998 оны наймдугаар сард анх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль баталсан. Түүнээс хойш энэ хуулиар л сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаа зохицуулагдан явж буй. Гэсэн ч цаг үе өөрчлөгдөж, шинээр үүссэн нөхцөл байдал, нийгмийн харилцаа энэ хуулийг илүү төгөлдөржүүлж сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм. Нэг үгээр үеэ өнгөрөөж, орчин үеийн шаардлагыг хангахгүй хуульд бүхнийг даатгасаар өнөөдрийг хүрсэн.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан боловч хэлэлцүүлгийн явцад буцаан татсан. Дараа нь УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү хуулийн төслийг дахин шинэчлэн боловсруулж өргөн барьсан нь энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй.
М.Батчимэг нарын гишүүдийн шинэчлэн боловсруулсан Хэвлэлийнх эрх чөлөөний тухай хуульд (Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой зүйл заалт)
Энэ парламентад сэтгүүлч мэргэжилтэй хэд хэдэн гишүүн бий.Түүний нэг нь TV5 телевизээр овоглогддог Д.Сарангэрэл гишүүн. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан хүний хувьд тус хуулийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхвол “Манай улс 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа баталсан. Сэтгүүл зүйн салбарынхан энэ хуулиараа бахархдаг. Нэг үгээр хэлбэл бидний үйл ажиллагааг зохицуулах хэмжээнд байж чадаж байгаа. Өөрчилж, шинэчлэх гэж олон удаа оролдож байсан ч тэр бүрт унаж байсан. Энэ нь 1998 оны хуулийг давсан шинэчлэл, өөрчлөлтийг оруулж ирж чадахгүй байгаатай холбоотой гэж үздэг. Тунхгийн шинж чанартай гэж хэлдэг нэг хэсэг бий.
Харин шинэчлэн найруулан өргөн бариад буй хуульд манай салбарынхан ихэнх нь таагүй хандаж байна. Би энэ салбарт 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн байгууллага удирдаж байсан хүний хувьд УИХ-ын бусад гишүүнээс илүү мэднэ. Энэ хуулийн талаар би М.Батчимэг гишүүнтэй хэд хэдэн удаа ярилцсан. 10-аад асуудлыг энэ хуулийн төсөлд өөрчилсөн. Би хувь гишүүнийхээ хувьд энэ хуулийг нэлээн сайжруулсан гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хуулийн төслийг явуулсан. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн салбарынхан энэ хуулийн төслийг хүлээж авахгүй байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжтэй ижил авч үзэхгүй, ялгаварлан илүү үзээд байна гэдэг дээр үгээ хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, захирал өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэсэнд санал нийлэхгүй байгаа юм.
Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө оруулсан бүх хүнийг ил тод зарла гэсэн заалт орсон. Хэрвээ тэгвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй мянган аж ахуйн нэгжийг бүгдийг нь зарлах хэрэгтэй. Мөн мэдээллийн хөтөлбөрөөр төлбөртэй мэдээ оруулж болохгүй гэх мэт олон хязгаарлалт орсон. Ялангуяа эдийн засгийн хөшүүргийг боомилсон заалтууд бий.
Бид өөрсдийнхөө үйл ажиллагаагаар мөнгө олж, гэдсээ тэжээдэг улс. Энэ мэтчилэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүлээж авах боломжгүй олон заалт орсон. Өнөөдөр төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй. Үндсэн хуульд заасан Төрийн ард түмнээ мэдээллээр хангах үүргийг биелүүлж яваа салбар. Гэтэл УИХ-д орж байгаа хуулийн төсөл бүрт сэтгүүл зүйг боомилох гэсэн зүйл заалт орж ирж байна. Гэхдээ энэ хуульд хэвлэлийн зөвлөлтэй байх зүйл заалтыг оруулж өгсөн. Бид хэвлэлийн зөвлөлийн асуудлыг 25 жил яриад өнөөдөр болтол манай сэтгүүлчид хийж чадаагүй юм. Хэрвээ хуулиар баталгаажсан хэвлэлийн зөвлөлтэй болвол сэтгүүлчтэй холбоотой асуудал шууд шүүх рүү очихгүй хэвлэлийн зөвлөл дээрээ шийдэгддэг болох юм. Би үүнийг зөв зүйтэй гэж харж байгаа” гэсэн юм.
Урьд нь өргөн баригдсан хуулиар хэвлэлийн эздийг ил тод болгож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зах зээлийн зарчмаар амьдрах ёстой болох учраас тус хуулийг хэлэлцүүлгийн шатанд эргүүлэн татсан гэх хардлага нийгэмд байсан билээ.
Учир нь хууль баталдаг эрхэм гишүүдийн олонх нь өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Байгуулан ажиллуулж үзээгүй хүн ч бараг үгүй. Тиймээс өөрсдийнх нь эрх ашигт халдах тус хуулийн төслийг буцаасан гэх. Харин хоёр дахь удаагаа өргөн баригдаж байгаа одоогийн төслийг хэрхэхийг хүлээх л үлдлээ.
Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ардчиллын нэг чухал шалгуур үзүүлэлт гэдгийг дээр дурдсан.
Эргэлзээ тээнэгэлзээгээ хойш тавьж, ардчилагчид олонх болсон энэ парламент хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай шинэ хуулиа эх барьж авна гэдэгт итгээд үзье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!