Дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөрөнгө оруулалтын газрын дарга.
-Гэрээ хийгдэснээр эхний ээлжинд манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ?
-Үүнд хөрөнгө оруулалт болон мөнгөн урсгал хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 650 сая долларын мөнгөн урсгал манай улсад орж ирнэ.
Үүнд Чалкогийн өр, Монголын төмөр зам компанийн зарцуулсан хөрөнгө, Засгийн газрын урьдчилгаа төлбөрийг багтааж байгаа юм. Ер нь дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эхний таван жилд бүрэн гүйцэд хийгдэнэ. Эхний гурван жилд 80-90 хувь нь хийгдэх төлөвлөгөөтэй төсөл.
-Нүүрсний үнээс хамаарч ашиг орлого яригдах байх. Энэ талаар гэрээнд хэрхэн заасан бэ?
-Нүүрсний үнээс хамаарч хоёр тал хамтын ажиллагааны төлбөр дээр ашиг хувиа ярих ёстой гэсэн үндсэн зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, үнэ өсөх тусам орлого нэмэгдэнэ, ашиг нэмэгдэнэ. Энэ ашгийг “Эрдэнэс Таван толгой” компани хүртэх ёстой гэдэг зарчмаар явж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны төлбөрийн хамгийн доод хувь нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох таван хувь. Таван хувийн 40 хувь гэдэг нь хоёр хувь гэсэн үг. Хоёр хувь дээшээ өсөөд найман хувь болох хувилбартай.
Тэгэхдээ нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалж найман хуваагдал хийсэн. Үндсэндээ 15 долларын зөрүүтэй нэмэгдэх тусам тодорхой хэмжээгээр хувь хэмжээ нэмэгдэх тооцоолол байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн доод тал нь 85-аас доош байсан 2 хувь гэсэн үг. 85-100 болоход 2.6 хувь, 100-120 боллоо гэхэд гурван хувь, ингээд дээшээ найм хүртэл явна. паралель явж байгаа нь өсөн нэмэгдэх роялти давхар явж байгаа.
-Борлуулалтын хэмжээг гэрээнд хэрхэн заасан бэ?
-Төсөлд 30 сая тоннын хүчин чадалтай угаах үйлдвэрийг барих ёстой. Одоогийн техник эдийн засгийн үндэслэлээр 20 сая гаруй тонныг төмөр замаар тээвэрлээд гадаад зах зээлд гаргана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид дотоод гадаад борлуулалтын аль алинаас нь хамтын ажиллагааны төлбөрийн хувийг тооцно. Хамтын ажиллагааны борлуулалтын механизмыг бид бусад хуулиар хянаж байгаа юм. Одоогийн төсөл Сангийн яамнаас гаргасан журмын дагуу хяналтаа хийнэ. Ер нь одоогийн хуулийн тогтолцоогоор хяналтын систем олон чиглэлээр орж ирж байгаа.
-Таван толгойн гэрээний төсөл нь Оюу толгойн алдааг давтах гээд байна. Ашиг орлого нь гадаадад гарах гээд байна гэж зарим гишүүд ярьж байгаа?
-Гэрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар “Та Монголд үйл ажиллагаа явуулаад бүх татвараа төлсний дараа гадаадад ашиг орлогоо шилжүүлэх шаардлагатай бол чөлөөтэй шилжүүлэх эрхийг баталгаажуулж байна” гэсэн заалттай. Энэ зүйлийг баримтална. Монголын аж ахуйн нэгж 51 хувиас дээш энэ менежментээр орж ирж байгаа нь Монгол руу мөнгө орж ирнэ гэдгийг ойлгох ёстой.
-Төмөр замыг барихад консерциум ямар үүрэг хүлээж байгаа вэ?
-Нэгдүгээрт хөрөнгө оруулагч тал төмөр замыг 2.5 жилд барьж дуусах гэсэн шаардлага бий. Хоёрдугаарт далайн боомт дээр Монголын нүүрсийг үнэ хүргэж өрсөлдөх чадвартай болгож зарах. Хятадаар нэвтрэх төмөр зам дээр зөвхөн төслийн компани хичээж ажиллах нь гэрээгээр заагдсан.
Дээр нь хоёр улсын Засгийн газар гэрээ хэлэлцүүлээд дэмжлэг үзүүлэхээр заасан. Одоогийн байгуулсан төмөр замын гэрээ хэлэлцээрээр бүрэн боломжтой харагдаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!