Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Үүрцайх: Төр төлөөлсөн түшмэдүүд амьдралын мөн чанарыг хараасай гэж хүсэх байна

ikon.mn
2015 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын Хими, химийн инженерүүдийн холбооны  Гүйцэтгэх захирал Д.Үүрцайхтай ярилцлаа.

-Танай холбоо УИХ-ын гишүүдэд хандаж уул уурхайн ТББ-уудаас гаргасан “Хугацаа алдвал бүхнийг алдана” мэдэгдэлд нэгдэж орсон учир шалтгаан юу вэ?

-Энэ бол улс орны тулгамдсан асуудал болж байна. Тавантолгойн  ордыг хөдөлгөхгүйгээр  лав хэсэг хугацаанд улсын хөгжил хаа хаанаа саарах  бодит төлөв  байдал харагдаж байгаа. Манай холбоо нүүрс, хими, аж үйлдвэрийн салбарыг дэмжих үндсэн зорилготой ажилладаг. Тэр ч утгаараа энэ төслийг хурдан ажил хэрэг болгох ёстой гэдэг байр сууринд хатуу зогсож байгаа тул энэ уриалгад нэгдсэн.

-Нийгэмд эргэлзээ, мэтгэлцээн, хүлээлт үүсгээд байгаа Тавантолгой ордын талаар салбарын мэргэжлийн хүний байр суурийг сонирхьё?

-Шуудхан хэлэхэд миний хувьд энэ төслийг дэмжиж байгаа. Энэ бол монголчууд бидэнд олдож байгаа ховор тохиох боломж, бололцоо. Сайн хөрөнгө оруулагчид сайн технологийг авчирдаг. Дэлхийн хэмжээний тоглогчид болох Японы Сумитомо болон Хятадын Шиньхуа компаниуд энэ төсөлд хамтрах тохиолдолд мэдээж бизнесийнхээ эрсдлийг тооцож, ирээдүйгээ харсан шинэ технологиуд оруулж ирнэ. Сайн технологийн ард чанар, бизнес хоёр зөв хослон бие биенээ нөхөж  явах арга барил амьдрал дээр нэгэнт туршигдсан. Нилээдгүй олон жилийн төлөвтэй, тогтвортой хөгжил рүү чиглэсэн ийм том төсөл бэлэн орж ирж байхад бид энэ завшааныг ашиглах хэрэгтэй. Одоогийн хөрөнгө оруулагчдаа солилоо гэж бодоход бидэнтэйгээ таарсан тааруухан хүмүүс ороод ирвэл яах вэ? Нэг их хол явж чадахгүй л болов уу?

-Тавантолгойн гэрээг үзэглэхийн өмнө УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гээд  14 хоног өглөө. Улстөрчдийн гаргасан энэ шийдвэртэй та санал нийлж байна уу?

-Зарим тохиолдолд манай улстөрчид улс орныхоо хөгжилд саад хийгээд байгаа нь  бидний амьдрал дээр ил тод харагдаж байна. Бидний өмнөөс төрд сууж байгаа та бүхэн ямар нэгэн байдлаар хөгжилд саад, тээг болоод байна шүү гэдгийг шуудхан хэлмээр байна. Төр зохицуулах үүрэгтэй, гэтэл сүүлийн үед бизнесийн харилцаа руу хэтэрхий их орж, бизнестэй хутгалдаж байна. Уг нь улс орноо яаж хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, ямар үйлдвэрлэлийг дэмжих вэ гэдэг үндсэн асуудлуудад төрийн бодлого, зохицуулалт шаардлагатай болохоос биш иймэрхүү маягаар, буруу аргаар хүч түрж орж ирж  болохгүй. 

-Тавантолгой ордыг ашиглахгүй байхын уршгийг та яаж харж байна вэ?

-Нэн түрүүнд эдийн засгийн их хор хохиролтой. Ер нь уул уурхайг дагаж маш олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид сурч, хөгжиж, өөдөлж  байдаг. Энэ олон аж ахуйн нэгжүүд орлогогүй байх нь манай эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Хоёрдугаарт, мэдээж бидний олж болох ашиг орлогыг ихээр хойш нь татна.  Нүүрсний салбар бол өнөөдөр ил гаргаад, маргааш хав дараад байдаг эд зүйл  биш. Бас үйлдвэрлэл дагасан технологи асар их хоцрогдоно. Өнөөдөр дэлхий даяараа сайн технологи, ур чадвар, мэдлэгээрээ уралдаж байна. Энэ бүхнээс хойш сууна гэдэг бол бид ялагдлаа хүлээн зөвшөөрч байгаатай адил.

Энэ төслийг хэрэгжих байх аа гэсэн итгэлээр л хүлээж суугаа. Манай эдийн засаг тийм ч том биш шүү дээ, хэрэв төсөл хэрэгжиж эхэлбэл эдийн засаг маань “өнгө зүс”-ээ засаад дорхноо  сайжирна. Эхлэхгүй бол харин бүгдээрээ мал дээр гарах болох байх даа. Ингэж удаагаад байвал төслийн хөрөнгө оруулагчид маань гараад явчих вий гэсэн нэг зовнил байна. Өмнө нь  ч гэсэн олон хөрөнгө оруулагчаа алдаж байсан гашуун сургамж бидэнд бий. Тэр гашуун сургамжийг давтахгүй байгаасай. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчид ямар цэг дээр очиж ажиллахаа маш сайн мэдэж байгаа. Манайд тодорхой хэмжээний зах зээлийн боломж байгааг хараад орж ирж байгаа. Гэхдээ тэд нэгэнт бие даасан, дэлхийд танигдсан, шилдэг технологитой, дэлхийн хаана ч очоод хөрөнгө босгох боломжтой учраас өнөөдөр биднийг дуудмагц маргааш бэлэн зогсож байна гэж юу байх вэ.  Ер нь манайхан эрдэс баялаг ихтэй гээд биеэ тоосон хандлагатай байгаа нь үнэн, ингэж хэт их биеэ тоож байгаад алдах вий л гэж санаа зовж байна.

Тийм учраас өнөөдрийн ийм амгалан тайван, боломж бололцоотой байгаа үедээ технологио хөгжүүлж, баялгаа зөв ашиглаад дараагийн бат бэх байр сууриа бий болгох, тогтвортой хөгжлийн гарааг эхлүүлж байх нь чухал. Мега төслүүд гэхээр зөвхөн өнөө,  маргааш олох мөнгөний тухай яриад байгаа юм биш, 100 жилийн дараа Монгол Улс оршин тогтнох эсэх тухай асуудал юм.

Ард иргэд, шийдвэр гаргагчид аль аль нь асуудлыг зөвөөр ойлгох, харах, бодох хэрэгтэй. Амар амгалан зүгээр суух, хүн өөрөө бүтээж амьдрах хоёрын хооронд маш их ялгаа бий. Бүтээлч амьдралын төлөө хүн бүр хүчин зүтгэх хэрэгтэй байна. Төр төлөөлсөн түшмэдүүд маань ард түмэндээ хайртай байгаасай, амьдралын мөн чанарыг хараасай  л гэж хүсэх байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

С.Цэцэгмаа