Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сержио Канаверо: Дэлхийд анх удаа толгой шилжүүлэн суулгана

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Италийн мэс засалч Сержио Канаверо дэлхийн сэтгүүлчдийн хувьд хамгийн их эрэлттэй хүний нэг болоод байна. Түүнийг шинжлэх ухааны түүхэнд анх удаа толгой шилжүүлэн суулгана гэж мэдэгдэл хийн, энэ мэс засалд орохоор зөвшөөрсөн хүн гарсан нь дэлхий дахинд шуугиан тариад байгаа учраас тэр.

Харин тэрбээр Оросын иргэний толгойг шилжүүлэн суулгахаар болсон тул “Комсомольская правда” сонинд ярилцлага өгчээ. 

- Сайн байна уу Сержио. Юуны өмнө Валерий мэнд хүргэснийг дамжуулъя. 

-Сайн байна уу. Би оросоор бага зэрэг ярьж байгаа. Би Орос руу явах хэрэгтэй болбол явна. 

- Та яагаад чухамхүү Валерийг сонгосон юм бэ. Өөр хүмүүс байсан байх даа? 

-Олон өвчтөнүүдийн нэг нь Валерий байсан юм. Манай нарийн бичгийн дарга дэлхийн өнцөг булан бүрээс хүсэлт хүлээн авдаг. Өөр ямар хүмүүс байсан талаар нэрийг нь хэлж болохгүй. Учир нь эдгээр хүмүүс нэрээ нууцлахыг хүссэн. Харин Валерийг бол хоёр шалтгаанаар сонгосон.

Нэгдүгээрт, тэр маш зоригтой, эцсээ хүртэл явахад бэлэн байгаа.

Хоёрдугаарт, түүний зориг зүрх нь түүний мэдлэгээс үүдэлтэй, тэр энэ салбарт хийгдсэн эрдэмтдийн нээлтүүдийг бүгдийг нь судалсан байсан. Тиймээс түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хүн нь Валерий байх болно гэж түүнийг сонгосон юм. Харин түүний араас  хувь тавилангаа өөрчлөх завшаан олон хүнд тохионо гэдэгт итгэлтэй байна.  

-Таны өвчтөн орос хүн, тэгэхээр та Орост мэс заслаа хийх үү? 

-Тэгвэл үнэхээр гайхалтай хэрэг болно. Учир нь танай оронд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах ухааны эцэг гэгддэг Владимир Демиров амьдарч байсан шүү дээ. Чухамхүү Оросоос л энэ бүх зүйл үүдэлтэй. Би орос хэлийг зүгээр ч нэг жил тойрон сураагүй юм шүү. Би Орост мэс засал хийхэд бэлэн. Гэхдээ оросууд үүнд бэлэн байгаа юу? 

-Та үнэхээр өөдрөг үзэлтэй хүн юм. Гэхдээ таны эмчилгээний аргыг ямар ч эрүүл мэндийн яам баталгаажуулаагүй ийм үед таныг хагалгаа хийсний дараа аль ч оронд байсан баривчилж шоронд суулгаж болно шүү дээ?

-Энэ асуудал биш ээ. Европ болон Орос улс татгалзвал мэс заслыг Хятадад хийнэ. Би үүнд бэлэн байгаа, хэдэн жил хятад хэл сурч байна. Энэ зүгээр ч нэг анагаахын ажилбар биш гэдгийг ойлгоорой. Энэ мэс засал улс төрийн ач холбогдолтой. Зөвлөлт Холбоот Улс хамгийн анх сансарт Гагариныг нисгэсэн. Америк анх саран дээр хүнээ буулгасан. Харин хүний толгойг шилжүүлэн суулгасан орон эдгээр улс орнуудтай зэрэгцэн зогсох юм. 

-Мэс заслын ямар үр дүнг та амжилттай гэж тооцох вэ. Янз бүрийн л хувилбар байгаа шүү дээ. Валерий амьд үлдсэн ч хөдөлгөөнгүй, эсвэл зөвхөн биеэ мэдэрнэ гэдэг ч юм уу, хэвийн амьдралд орох боломж бий юу? 

-Хүний биеийг шилжүүлэн суулгаад, саажсан байдалтай үлдээх гээгүй байна. Миний эцсийн зорилго бол бүрэн сэргээх явдал. Мэдээж хялбар байхгүй. 1967 онд анх удаа зүрх шилжүүлэн суулгахад 30 эмч олон цагийн турш ажилласан. Харин өнөөдөр энэ төрлийн мэс ажилбарыг 3-4 мэс засалч хэдхэн цагийн дотор хийчихэж байна. Миний тооцоолж байгаагаар Валерий ухаан орсны дараа хэдэн сарын туршид эрчимтэй физик эмчилгээнд хамрагдах шаардлагатай болно. Харин жилийн дараа гэхэд бүрэн сэргэнэ гэж тооцоолж байгаа. 

 

-Толгой цусны эргэлтгүйгээр хэдхэн минут амьдарна. Та үүнийг мэдэж байж яаж хагалгаа хийх гэж байгаа юм бэ? 

-Валерийгийн толгойг цельсийн 10-15 градус хүртэл хөргөнө. Бидэнд толгойг өөр биед суулгах цаг байгаа. Цусны судаснуудыг холбоход хэдхэн минут шаардлагатай. Валерийгийн толгойг биеэс нь салгаж, шинэ биед суулгахад хэдхэн секунд болно, харин тархины цусан хангамж 15 минутын дараа тархины цусны эргэлт сэргэх юм.

Гэхдээ техникийн нарийн ширийнийг зургаадугаар сарын 12-ны өдөр Аннаполист болох мэдрэлийн мэс засалчдын олон улсын хурал дээр тайлбарлана. Энэ хурал дээр би үл итгэгчдэд ийм зүйл байх боломжтой гэдгийг батална. 

-Анагаахын салбарын олон мэргэжилтнүүд таны төсөлд үл итгэсэн байдлаар хандаж байгаа. Ийм үед мэс засал хийхэд шаардлагатай эмч нарыг цуглуулж чадах уу? 

-Энэ мэс заслыг хийхэд оролцох хүсэлтээ дэлхийн өнцөг булан бүрээс эмч нар илгээж байгаа. Би өөрөө хүсвэл маргааш гэхэд л дээд зэргийн 50 эмчээс бүрдсэн олон улсын баг бүрдүүлж чадна. Олон эмч байгаагийн шалтгаан нь мэс засал маш удаан явагдана, 18-24 цаг шаардлагатай байж мэдэх юм. Эмч нарыг ядраахгүйн тулд ээлжээр ажиллах юм. 

- Төсөл хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа вэ? 

- Та хөлбөмбөгт дуртай юу. Би бол ёстой дургүй. Тэр тусмаа танай Орост, талбайгаар утга учиргүй гүйлдээд байдаг “ажилгүй юмнуудад” жилд 20-30 сая доллар төлдөг. Харин надад 15 сая доллар л хэрэгтэй. Энэ бол асар олон хүмүүсийн аз жаргал, эрүүл мэндийн үнэ цэнэ. Гэвч ивээн тэтгэгчид бөмбөгөө ч оночихож чаддаггүй эрүүл саруул хүмүүст л мөнгөө зарцуулахыг хүсдэг. 

-Энэ мэс засал шинэ залуу биетэй болох боломжийг хөгшин баячуудад олгох юм биш үү. Баян хүмүүс таны судалгааг сонирхож байна уу? 

-Сонирхохоор барах уу. Насжилтыг уртасгах тал дээр ажилладаг сангууд санхүүжилт сайтай байдаг юм билээ. Тэд над дээр ирээд мөнгө өгье, гэхдээ мэс ажилбар нууц байх ёстой гэж хэлсэн. Гэвч би миний бүх зүйл нээлттэй байгаасай гэж хүсч байна. Нууц газар, нууц арал дээр мэс засал хийх нь надад тохирох зүйл биш. 

-Туринд тантай хамт ажиллаж байсан хүмүүс таныг ажлаасаа халагдсан гэж байсан. Энэ үнэн үү. Яагаад ? 

-Үнэндээ би тэр эмнэлэгт 2002 он хүртэл орон тооны ажилтан болсон. Дараа нь гарахаас аргагүй болсон. Ер нь Италид ямар нэг зүйл зохион байгуулахад маш хүнд л дээ. Сар руу нисэхээр төлөвлөлөө гэхэд заавал дайснууд гарч ирнэ. Миний өмнөх үеийнхэн ч ийм л байсан. Хоёр толгойтой нохой бүтээж байсан Демиховыг санаж байна уу? 

-Түүний туршилтыг зогсоосон.

-Тиймээ, гэхдээ түүний амьдрал яаж дууссан гээч. Орос түүнээс нүүрээ бууруулсан. Түүнийг бүгд мартаж, тэр тарчиг амьдрал дунд амьсгал хураасан. Сармагчин дээр туршилт хийсэн Америкийн эрдэмтэн Уайтын хувьд нөхцөл байдал арай дээр байсан л даа, гэхдээ түүнийг ад үзсэн хүн олон байсан. Би юу хийж байгаа, ямар цохилтыг сөрөх гэж байгаагаа сайн мэдэж байна. Надад аль хэдийн дайсагнагч хүмүүс бий болсон. 

-Та одоо хаана ажиллаж байгаа вэ? 

-Сүүлийн арван жил Америкийн компаниудад мэдрэлийн мэс засалчийн зөвлөгөө өгч, туршилтын мэс заслуудыг хийж байна. 

-Энэ мэс засал амжилттай болбол хүн мөнх амьдарч чадах уу? 

-Тиймээ, эцсийн зорилго бол мөнх нас. 

-Яг энэ тал дээр л үнэн алдартны сүмүүд эсэргүүцээд байгаа юм даа? 

-Би католик, христийн алийг нь ч шүтдэггүй. Гэхдээ бусдын үзэл бодлыг хүндэлнэ. Харин Ази болон Хятадад шашны томоохон зүтгэлтнүүд энэ тал дээр дургүйцлээ илэрхийлээгүй. Тиймээс үүнд шашны хүчин зүйл нэг их үүрэг гүйцэтгэхгүй гэж бодож байна. 

 

Жич: Оросын программист Валерий Спиридонов гэх өдгөө 30 настай эр толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарт орохоор болсон тухай мэдээлэл дэлхий дахинаа шуугиан тарьсан хэвээр байна. Спиридонов мэс ажилбарт орсноор толгойгоо өөр биед суулгуулах анхны хүн болох юм.

Спиродонов төрөлхийн нуруу нугасны эмгэгтэй тул булчин болон араг ясных нь хөгжил  бага насанд нь зогссон гэнэ. Өвчин нь жил бүр даамжирч, одоо Спиридонов биеэ хянахад тун хүндрэлтэй болж, урт наслах боломж байхгүйтэй адил учраас програмист залуу аз туршихаар шийдэн эрүүл биед толгойг нь шилжүүлэн суулгах мэс ажилбарт орохоор болжээ. 

Энэ мэс ажилбарт тархиндаа гэмтэл авч нас барсан эсвэл цаазын ял авсан гэмт хэрэгтний биеийг донор болох юм байна. Одоогоор мэс ажилбар хийх тов нь гараагүй байгаа ч Сержио Канаверо ирэх зун Америкт болох мэдрэлийн мэс засалчдын хуралд төслөө танилцуулахаар болсон байна.

Энд дуулгахад дэлхийн тэргүүлэгч судалгааны төвүүдэд толгой шилжүүлэн суулгах ажлыг маш нууц нөхцөлд хийж байсан талаар өмнө нь Америкийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.