Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Чинзориг сайдын тушаалуудыг хүчингүй болгохгүй бол огцруулах асуудлыг өргөн барина"

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

Л.Эрхэмбаяр “АН фракцгүй нам болж байгаа. Намынхаа гишүүдийн захиалга, даалгавраар хийгдсэн энэ шийдвэрийг аймаг орон нутгийн намын байгууллагууд дэмжиж, фракцгүй Ардчилсан намтай болохыг уриалсан уриалгууд ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд гэх мэт 12 аймгийн намын байгууллагууд фракцгүй Ардчилсан намыг дэмжиж уриалга ирүүллээ.

Намын удирдлагуудын зүгээс фракцгүй, хүчтэй Ардчилсан намын төлөө явах чиг хандлагыг барьж ажиллах болно. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн “Аймгийн чуулган 2015” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэ аяны зорилго нь орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлуудыг тогтоосон. 

МАН-аас төрийн жинхэнэ албан хаагчдыг халж байгаагаа таслан зогсоохыг шаардаж байна

АН парламентад суудалтай бүх намуудтай, хамтран Засгийн газраа байгуулж, ажиллаж байгаа. Засгийн газраа хамтран байгуулсан олон намын дотроос МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.

Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүнд томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна.

МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппаратынхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан.

МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ  харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна.

Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд С.Чинзориг сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдлээ. Мөн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ж.Батболдыг эргүүлэн ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ. 

-Фракцгүй АН болох нь улс оронд ямар ашигтай вэ?

-Улс орны хэмжээнд фракцуудад албан тушаал хуваарилдаг байсан нь үнэн. Өмнөх Засгийн газрын нэг алдаа энэ байсан. Одоо бол бид АН-аас албан тушаалтныг томилохдоо хэн ямар фракцад байна гэдгээс хамаарахгүйгээр чадвар, мэдлэгтэй, төрийн албыг хашиж чадах хүн сонгодог тогтолцоо руу шилжинэ. Энэ манай намын мянга мянган гишүүдийн захиалга хүсэлт гэж ойлгож болно. Тиймээс фракц толгойлж байсан УИХ-ын гишүүд, намын удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж үзэж байгаа. 

-Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсээс хэд нь АН-ын гишүүн байгаа вэ?

-Халагдсан төрийн албан хаагчдыг бид аль нам бэ гэдгээр хандахгүй байгаа. Төрийн албан хаагчийн тогтвор, суурьшилтай, нам солигдохоор хоморголон халдаг байдлыг таслан зогсоох ёстой. Цаашид бид төрийн албанд өгөө аваа шиг ханддаг байдлыг эцэслэх ёстой гэж үзэж байгаа.