Маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Google-ын мобайл хайлтын системд томоохон өөрчлөлт орно.
Хайлтын шинэ алгоритмаар ухаалаг утас, таблет дээрээс хайлт хийхэд үр дүнд харуулах сайтын жагсаалтыг мобайл төхөөрөмжинд хэр нийцтэй ажилдгаар нь эрэмбэлнэ.
Өөрөөр хэлбэл мобайл орчинд зохицож ажиллаж чаддаг (дэлгэцний хэмжээнд тааруулан текстээ томруулдаг, линкээ хуруугаар дарахад хялбар болгосон, ямар ч хэмжээний дэлгэцэн дээр хялбар уншигдах) сайтууд хамгийн эхэнд гарч ирэх юм.
Ингэж чадахгүй сайтууд үр дүнгийн жагсаалтын сүүл рүү эрэмблэгдэнэ.
Бүх интернэт урсгалын ойролцоогоор 60 хувь нь мобайл төхөөрөмжөөс үүсдэг болсон тул Google ийм алхам хийж байгаа гэнэ.
Энэ өөрчлөлтийн талаар Google бүр хоёрдугаар сард мэдэгдэж, компаниудыг сайтаа мобайлд зохицдог болгоход нь хоёр сар орчим хугацаа өгсөн.
Гэсэн хэдий ч энэ өөрчлөлт маш олон бизнесүүдэд том цохилт болно гэж үзэж байгаа юм.
Үүнээс үүдэлтэй бизнесүүдийн хохирлыг галав юүлэхтэй зүйрлүүлж “Mobile-geddon” хэмээх нэр хүртэл гарсан байна.
Өндөр хөгжилтэй орнуудад ихэнх жижиг, дунд бизнесийнхэн Google-ын хайлтаас хамааралтай байдаг. Тухайлбал хаа нэгтээ яваа хэрэглэгч утсан дээрээсээ өөрийн байгаа газарт хамгийн ойр кофе шопыг хайхад л аль нэг жижигхэн шопын хаяг мэдээллийг олж өгдөг юм.
Эх сурвалж: Google
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!