Улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарч, нийт түймрийн 50 орчим хувь болоод байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван том түймрийг унтраахаар албан хаагчид ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд гурван том түймэр унтраагүй байгаа юм.
Гал, түймэрт өртөөд байгаа аймаг орон нутагт тусламжийн гараа сунгаж байна.Тодруулбал, “Мах импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, дэд захирал Б.Бадамаа, “Том бат жигнэмэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дандар, “Милл Хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт ирж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
Тус компаниудын нийт 2000 гаруй ажилчдын нэг өдрийн цалинтай тэнцэх буюу 50 сая төгрөгийн бараа бүтээгдхүүнийг эхний ээлжинд байдал хүнд байгаа зүүн гурван аймагт явуулахаар болсон байна. Үүнээс гадна хүн хүч, машин, техник хэрэгсэл гэсэн хоёр чиглэлээр туслахаар цуваа гарч байгаа аж. Энэхүү бараа бүтээгдхүүн, тусламжийг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, нэрвэгдсэн ард иргэдэд хуваарилах, эдгээр компаниас очиж буй техник хэрэгсэл, хүн хүчийг зохион байгуулж хамтран ажиллахыг ОБЕГ-аас хүслээ.
Мөн Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өчигдөр Жүдо бөхийн холбоог төлөөлөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд туслах аяныг эхлүүлжээ. Тэд шигшээ багийн тамирчдын шагналт цалингаас 10 сая төгрөгийг түймэрт өртсөн нутгийн ард иргэдэд хандивлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!