Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өглөө.
Мөн нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан түймэрт өртөөд буй аймгийнханд туслахыг уриаллаа.
Төрийн тэргүүн гал түймэр унтрааж байгаа ОБЕГ-ын ажилтнууд, гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.
Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр орой түймэр гарч байгаа газруудад ажиллахаар Сүхбаатар аймгийг зорьсон юм.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан ой хээрийн түймрийн улмаас 18 малчин өрхийн гэр хороо шатаж 1000 гаруй мал хорогдсон байна. Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд түймэрийн тойрог 200 км орчим байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!