Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: 1966 оных шиг үер болох хэмжээний бороо орвол Туул гол үерлэх аюултай

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2015 чуулганы завсарлагаагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй товч ярилцлаа.

-Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулганаас ямар шийдэл гарч байгаа вэ?

-Өнөөдрийн чуулган ажил хэрэгч болж байгаагийн нэг тод илрэл нь хувийн хэвшил олон саналуудыг хотод санал болголоо, хот ч бас хувийн хэвшилд санал болголоо. 

Үдээс хойших салбар хуралдаануудаа бид ярилцаад салбар хуралдаанаар сонгогдсон төслүүд дээр ажлын хэсэг байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл тодорхой төсөл хөтөлбөрүүдийг явуулах ажил хэрэгч хуралдаанууд болж байна. 

-Улаанбаатар хот үерийн аюулд өртөх магадлалтай гэсэн мэдээлэл байсан. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-1966 онд их хэмжээний үер болсон юм. Тэр үерийг манай усны хүрээлэнгийнхэн 30-40 жил болоод давтагдах шинжтэй гэсэн. Энэ давтамжаар харах юм бол ойртож байна гэж мэргэжлийн улсууд хэлсэн. Би ямар ч байсан хаширлаад, урьдчилж сануулаад байгаа юм. Учир нь 1966 оны үерээс өмнө манайд үерийн байгууламж байгаагүй юм. Бид хаширлаад ийм том том далангууд барьсан. 

Зарим хүмүүс Туулын ус багасчихсан гэж андуураад байдаг юм. Усны хүрээлэнгийнхэн Туулын ус ерөөсөө багасаагүй, 1936 оноос хойш тогтмол хэмжиж байгаа гэсэн. 1966 оны үерээр маш их хайрга уулнаас урсаж орж ирээд Туулын доод биеэр нь дэвсчихсэн. Өөрөөр хэлбэл Туул гол хайргаар дүүрчихсэн. Хэрэв 1966 онынх шиг үер болох хэмжээний бороо орох юм бол Туул үерлэх аюултай. 

1966 оны үерийн дараа далан байгууламжуудаа эвдээд барилга бариад эхэлсэн. Тийм учраас бид үүнийг анхааруулж, сэрэмжлүүлж байгаа юм. 

-Үерийн далан ихэнхдээ хог шороогоор дүүрсэн байдаг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар нэгтгэл үерийн даланг цэвэрлэж байдаг. Гэхдээ том голын эрэг дагуу эх байгууламжийг цэвэрлэхэд хүн хүч дутагдах явдал гараад байна. Цаашид гол дагуу байрлаж байгаа иргэд, хувийн хэвшлийг дайчилна.