Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр толгойн асуудлаар гадны хэвлэлд хэрхэн бичив

Х. Батсайхан
2015 оны 4 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар стратегийн хоёр чухал ордоо ашиглахын тулд маш их хичээл чармайлт гаргаж байгаа билээ. Хэдийгээр зарим нэг саад бартаа бай­гаа ч гэсэн ард иргэдийн зүгээс асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хүлээлт хэвээрээ байна.

Бид Засгийн газраас гаргасан шийдвэр, түүний дараа болсон үйл явцуудын талаар гадны хэвлэлд хэрхэн мэдээлснийг уншигчиддаа хүргэж байна.  

Fitchratings: Оюу Толгойн гэрээ Монголын одоогийн байр суурийг тогтворжуулна

Зээлжих зэрэглэл тогтоодог гурван том агентлагийн нэг Fitchratings өнөөдөр (өчигдөр) гаргасан мэдээлэлдээ Монгол Улс Рио Тинтотой тохиролцоонд хүрч, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь сөрөг үнэлгээг баталгаажуулах үр дүн үзүүлсэн хэмээн бичжээ.

Далд уурхайн бүтээн байгуулалт хийхэд зарцуулагдах олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засгийн байдалд таатай нөлөө үзүүлээд зогсохгүй урт хугацаандаа хөгжил дэвшилд тодорхой үүрэг гүйцэтгэнэ, дотоодын зээлд тавигдаад байгаа олон хязгаарлалтыг ч зөөлрүүлэх ач холбогдолтой хэмээсэн бай­на.

Эндээс харахад манай улсын эдийн засгийн байдал үнэ­хээр мууджээ. Оюу Толгойн бүтээн байгуулалт үргэлжилсэн ч зэрэглэл ахихгүй. Харин ч бүр уруудах байсныг нь тогтоолоо гэжээ.

Fitchratings-ийн чансаанд манай улс одоогоор В гэсэн үнэлгээтэй байгаа бөгөөд энэ нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ойр, ойрхон өөрчлөгддөг, өөрөөр хэлбэл, эрсдэлтэй гэсэн үг. Бас болоогүй, ард нь negative, stable гэсэн тодотголтой.

Negative байвал цаашдаа ССС ангилал руу уруудах магадлал өндөр байгааг, stable байвал үнэлгээндээ тогтвортой бай­на, цаашид ВВ ангилал руу өгсөх магадлалтайг заадаг аж. Тиймээс Оюу Толгойн гэрээ манай үнэлгээнд эергээр нөлөөлжээ.

Mineweb: Түүхэн гэрээг Парламент саатууллаа

Таван Толгойн аварга уурхайг ашиг­лах асуудлаар гадны хөрөнгө оруулагчидтай хийх гэж байсан түүхэн гэрээг Монголын Парламент эцсийн мөчид саатууллаа. Парламентаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас ингэжээ.  

Эрх баригчид таван Толгой, Оюу Толгой зэрэг томоохон төслүүдээ удаа дараа саатуулсны уршигаар тус улсад орж ирэх гадны хөрөнгө оруулалт өн­гөр­сөн онд 74 хувиар буураад байна. 

Тэд БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы “Сумитомо корп”-оос дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалт­тай төсөл хамтран хэрэгжүүлэх гэ­рээнд гарын үсэг зурах гэж байсан юм. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн Ням гарагт Үндэснийхээ телевизээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Дөрвөн сарын турш үргэлжилсэн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орсон, гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа” талаар мэдээлсэн.

Гэвч Парламентын дарга З.Энхболд уг гэрээ нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөн байж магадгүй учир заавал хууль тогтоогчдын дэмжлэгийг авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 1.8 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрстэй уг орд нь дэлхий дээр ашиглагдаагүй хамгийн том нөөцийн нэг юм. 

Ройтерс: Монголчууд Таван Толгойг ашиглахад төмөр зам хамгийн чухал гэж үзэж байна

Дөрвөн тэрбум ам.долларын хө­рөнгө оруулалттай Таван Толгойн ордыг ашиглахад БНХАУ руу тавигдах төмөр замын хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын эрх баригчид үзэж байна. Хурдацтай өсөн нэмэгдэж байсан олборлолт сүүлийн жилүүдэд буурсан нь зарим талаар хяналтыг БНХАУ-д алдах вий гэсэн болгоомжлолтой холбоотой байсан. 

Тус улсын уул уурхайн нийт экспортын 90 хувийг өмнөд хөрш нь эзэлсээр байгаа юм. УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй гэрээнд зааснаар Шенхуа болон хамтрагчид нь Таван Толгойн ордоос өмнийг чиглэсэн 264 километр төмөр за­мыг тавихаар төлөвлөж байгаа юм.  

bne.eu: Рио Тинтотой тохиролцоонд хүрсэн ч татварын маргаанаа цаг алдалгүй шийдэх шаардлагатай

Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг энэ цахим сонинд Монгол Улс Рио Тинто хоёр ямар нэгэн асуудлыг дутуу орхилгүйгээр тухайн цаг үед нь бүрэн гүйцэд шийдээд явахгүй бол “сонгуулийн шоу”-нд орж ажил удаашрах, цаашлаад олон улсад нөлөөлөх асуудал үүсч ч болох юм гэсэн утгатай нийтлэл тавигдсан байна.

 “Монголын Засгийн газар Оюу Толгой төслийг ашиглах тал дээр маш том дэвшил гаргаж, хамтрагч Рио Тинтотой зөвшилцөлд хүрсэн билээ. Гэвч 2016 оны сонгууль хоног хоногоор ойртож байгаа энэ үед хэлэлцээрийг нэгмөсөн батлах, шийдэгдээгүй байгаа асуудлаа хурдхан нэг тийш болгохгүй бол төслийн хэрэгжилтэд саад учрах магадлал байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 4-ний өдөр “Хоёр тал ойл­голцохгүй байсан асуудлууд дээрээ са­нал бодлоо нэгтгэсэн. Тиймээс төслийн хоёр дахь шатыг эхлүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд дуус­гаж, үр дүнгээ дэлхий нийтэд зар­лана” гэсэн билээ. 

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш ч гэсэн Оюу Толгойн сая тонн баяжмалын баярын арга хэмжээнд өнгөрсөн сарын 28-нд Монголд ирэхдээ “Миний Монголд ирсэн нь Рио Тинто төслийг урагшлуулахын тулд хичээл чармайлт гаргаж байгаа, ач холбогдол өгч байгаа гэдгийг харуулж байгаа” гэж мэдэгдэл хийж байсан.

Гэхдээ, хэдийгээр хоёр тал аль, аль нь эерэг байр суурь илэрхийлж байгаа ч гэсэн эхлээд 127 сая ам.доллар байгаад сүүлд 30 сая ам.доллар болж буурсан татварын маргаанаа нэг тийш нь шийдэхгүйгээр хоёрдугаар үе шатыг эхлүүлэх боломжгүй” гэжээ.

Зураг