Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Маргад: Казиногийн хууль батлагдсанаар томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтой

Зууны мэдээ
2015 оны 4 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын Хаврын нэгдсэн чуулганаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төслийн талаар Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, БОНХАЖЯ-ны Аялал  жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.

 -Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Олон хүний анхаарлын төвд байгаа энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын туршлагыг судалж үзэв үү?

-Хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, БНСУ, Сингапур, Макао, Франц зэрэг улсуудын хууль эрх зүйн орчныг судалсан.
Эдгээр улс орны туршлагаас харахад казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага, тоглогч  нь хэн байх, тоглогчийн насны хязгаар, казиногийн байршил, тусгай зөвшөөрлийн зохицуулалт, татварын төрөл, хувь хэмжээ, хариуцлага, зөрчлийг хянан шийдвэрлэх гээд олон асуудлуудыг Казиногийн тухай хуулиараа зохицуулдаг.

Харин хэрэгжилттэй нь холбоотой бусад асуудлыг дагалдаж гарах журмаар зохицуулдаг юм байна.

Тухайлбал, Сингапур Улс гэхэд  дотоодын иргэдээ казинод тодорхой хязгаарлалтын үндсэн дээр 24 цагийн турш 100 Сингапур доллар эсвэл жилийн 2,000 доллар төлж гишүүнчлэлийн эрх авч тоглохыг зөвшөөрдөг байхад Солонгос Улсад дотоодын иргэдээ казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрдөггүй.

Солонгост казиногийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль 1967 онд батлагдаж, өнөөдрийн байдлаар нийт 17 казино үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн нэг казинод л иргэдээ тоглохыг зөвшөөрдөг. Энэ хууль нь 1995 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2000 онд ашиглалтад орсон байдаг юм.  

Макао, Солонгос, Сингапурт казиногийн зохицуулах, хянах хороо агентлаг хэлбэрээр ажилладаг. Татварын хувь хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй. Бодит татварын хэмжээ 10-80 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ Макаод жил бүр 3.75 сая ам доллар, Австралид нэг удаа 30 сая доллар, жил бүр 400 мянган ам.доллар хэрэглээний үнийн индексээр шинэчлэгдэн төлөгддөг байх жишээтэй. Насны доод хязгаарын хувьд 18-21 гэж заасан байдаг юм билээ. Гэхдээ  ихэнх оронд  21 наснаас эхэлж тоглохыг зөвшөөрдөг.

-Засгийн газар тогтоосон хоёр байршилд хоёр тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Энэ тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ?

-Хуулийн анхны төслүүдэд чөлөөт бүсэд  казино байгуулъя гэсэн саналыг тусгаж байсан. Замын-Үүдийн чөлөөт бүсийн тухай хуульд ч казино байгуулах гэсэн заалт байгаа учраас бусад хуультай уялдуулах үүднээс боловсруулж байсан л даа. Сайтар судлах явцад ажлын хэсгийн гишүүд чөлөөт бүс гэлгүйгээр байршлыг  нь Засгийн газар тогтоох нь зөв юм байна гэж  үзсэн.

Бид олон улсын хууль болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  гадныхны  туршлагыг  сайтар  судалж байж дээрх тоог гаргаж ирсэн.  

Хуулийн анхны төслүүдэд чөлөөт бүсэд  казино байгуулъя гэсэн саналыг тусгаж байсан. 

Казиногийн үйл ажиллагаа амжилттай эрхэлдэг, казино хөгжсөн  улс орнуудын туршлагаас харахад ихэвчлэн дэд бүтэц хөгжсөн газартаа казиногоо  байгуулдаг юм билээ.

Хоёр байршилд, хоёр тусгай зөвшөөрөл гэсэн тоо заасан үндэслэл нь чанаргүй олон биш, томоохон хөрөнгө оруулагчийг татах  зорилготой юм. Эхний ээлжинд олон улсын жишигт нийцсэн хоёр том казино байгуулж, тэр нь эдийн засгийн бусад салбаруудад үр ашгаа өгч, тэр хэрээрээ төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцоолсон.

Байгуулах казиногийн тоог хуульд  тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг дээр тогтож, эхний ээлжинд хоёр байх нь зүйтэй гэж үзсэн. Сингапур улс л гэхэд  хоёр байршилд тухайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг  олон жилийн туршлагатай өөр, өөр аж ахуй нэгжид, зөвшөөрлийг олгосон байдаг.

-Монгол Улсын иргэн тоглохгүй гэж  хуулийн төсөлд тусгасан. Зарим улс оронд иргэд нь тодорхой хэмжээний хураамж төлөөд ордог, тоглох мөнгөн дүнгийн дээд хязгаарыг зааж өгсөн байдаг юм байна. Манайд ийм хязгаар тогтоох боломж бий юу?

-Сингапур Улсаар жишээ татъя л даа. Энэ улсын иргэд нь казиногоор 24 цаг үйлчлүүлэхийн тулд 100 Сингапур ам.доллар төлдөг бол 12 сарын үйлчилгээний эрхийг хоёр мянган Сингапур ам.доллар төлсний үндсэн дээр авдаг. Энэ хязгаарлалтын гол зорилго нь Сингапур  дотоод зах зээл багатай, тасралтгүй үргэлжлэх гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдын урсгал бүхий жижиг хот улсын хувьд казиногийн үйл ажиллагаанаас орох орлогоо гадаад зах зээлээс голчлон бүрдүүлэхээр зорьсон байгаа юм.  

Мөн дотоодын, тодорхой хэмжээний тогтмол орлогын эх үүсвэртэй иргэдийг казиногоор үйлчлүүлэх, тэдгээрийн казиног зорьж байгаа давтамжийг хянах үүднээс энэхүү хязгаарлалтыг тогтоосон. Тиймээс бид хуулийн төслийг боловсруулахдаа хоёр янзаар судалгаа хийж үзсэн. Өөрийн орны иргэдээ тоглуулдаг улс орны хувьд казинод орох гишүүнчлэлийн төлбөр 24 цагт 100 ам.долларын татвар төлж тоглох, донтох хандлагатай бол тухайн хувь хүний болон гэр бүлийнхний саналыг үндэслэн хязгаарлах зэрэг олон заалтууд байдаг юм байна. Нөгөө талаас иргэдээ тоглуулахыг хязгаарладаг орнууд ч байна. 

Солонгосын Кангвондо казинод иргэд сард 15 удаа орох эрхтэй бөгөөд ойролцоох дөрвөн хотын иргэд нь сард нэг удаа нэвтрэх эрхтэй. Мөн ширээний тоглоомын төрөл болоод нэг ширээнд тавих мөрийний дээд хэмжээг Засгийн газраас нь тогтоодог.

Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн 40 орчим хувь нь орлого багатай байна. Дээрээс нь донтох эрсдэлд өртөх магадлал өндөр. Эхлээд зөвхөн гадаад иргэдийг тоглуулдаг казино байгуулаад үзье гэж хуулийн төсөлд тусгасан. Цаашид казиногийн талаар баримтлах төрийн бодлогыг УИХ тодорхойлно гэж оруулж байгаа учраас Монгол Улсын иргэд тоглох эсэхийг дахин хэлэлцэх боломжтой.

- Яагаад зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн тоглуулахаар заасан бэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд казиногоор үйлчлүүлэх насны доод хязгаарыг 18-21 нас байхаар тогтоосон байдаг.

Ялангуяа, казино өндөр хөгжсөн Сингапур, Макао болон Америкийн ихэнх муж улсуудад насны доод хязгаарыг 21 байхаар тогтоосон.  

 Монгол Улсад казиногоор үйлчлүүлэх гадаадын иргэдийн насны доод хязгаарыг 21 байхаар хуулийн төсөлд заасан.

Энэхүү хязгаарыг тогтоохдоо тухайн хувь хүний санхүүгийн хараат бус байдал, өөрийгөө хянах чадвар зэрэг олон үзүүлэлтүүдийг авч үзсэн байгаа юм.

Тиймээс бид казино өндөр хөгжсөн эдгээр улс орнуудын туршлагад үндэслэн Монгол Улсад казиногоор үйлчлүүлэх гадаадын иргэдийн насны доод хязгаарыг 21 байхаар хуулийн төсөлд заасан.

-Өмнө нь батлагдаж байсан казиногийн тухай хуулийг хэр судалсан бэ? 

-1998 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдаж байсан Монгол Улсын казиногийн тухай хууль, тухайн үед казиногийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан туршлага, мөн өмнө нь УИХ-ын гишүүдийн зүгээс өргөн барьж байсан казиногийн тухай хуулийн төслүүдийг сайтар судалж, дүн шинжилгээ хийн, тухайн үед хууль боловсруулж хэрэгжүүлж байсан хүмүүстэй уулзаж, тэдний санал, зөвлөмжийг сонссон. Бид зөвхөн гадны туршлагыг авахын хажуугаар өргөн барьсан болон боловсруулж байсан хуулийн төслүүдийг харсан.

-Тусгай зөвшөөрлийн хураамжийг 35 тэрбум гэж оруулжээ. Зарим хүмүүс энэ заалтыг хэт өндөр байна гэж шүүмжилж байна. Ажлын хэсгийн байр суурийг тайлбарлана уу?

-Казиногийн зөвшөөрлийг тусгай зөвшөөрлөөр нэг удаа 10 жилийн хугацаатай олгоно. Олгосноос хойш сунгахдаа тухайн олгосон хугацаатай тэнцэхүйц хэмжээгээр сунгана гэсэн заалтыг оруулсан. Бусад улсуудын туршлагаас харж байгаад дундаж жишиг 35 тэрбум төгрөг гэж тавьсан. Олон улсын жишиг хамгийн багадаа 10 жилд 20 тэрбум түүнээс дээш 75 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлздэг юм билээ.

Тиймээс 35 тэрбум байвал зохистой юм байна гэж үзсэн. Сангийн яам энэ талаар харьцуулсан судалгааг нэлээн чамбай хийсэн. Тэмдэгтийн хураамжуудад ийм өндөр хэмжээний тэмдэгтийн хураамж байхгүй.

Казиногийн зөвшөөрлийг тусгай зөвшөөрлөөр нэг удаа 10 жилийн хугацаатай олгоно. 

2010 онд Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд 25 сая төгрөг хүртэл гэсэн нь  хамгийн өндөр нь байсан.  

Хуулиараа татвар ногдох зардлаас хасагдахаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 12 дугаар  зүйлд байгаа. Тэгэхээр эхний жилүүдэд хасагдана ирээдүйд ашиг олохоор нөхөгдөнө гэсэн ойлголттой байна.

Татвар болон хураамжийн хэмжээг тогтоохдоо ч Макао,Сингапур, Австрали, АНУ зэрэг улсын Казиногийн үйл ажиллагаанд тавьдаг татварын орчныг судалж үзсэн. Тухайлбал, Макао Улс нийт борлуулалтын орлогын 35 хувийн тоглоомын татвараар хурааж, дахин борлуулалтын орлогын 4-5 хувийн төлбөрийг Макаогийн санд төвлөрүүлдэг. Мөн тоглоомын ширээнээс татвар аваад зогсохгүй, жил бүр 3.75 сая ам.долларын тусгай зөвшөөрлийн төлбөрийг ногдуулдаг байх жишээтэй.

Харин Сингапур улсын хувьд нийт орлогын 5-15 хувийн казиногийн татвар ногдуулж, тохирсон хэмжээнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлдөг.  Австралид нийт орлогын 15 хувиар казиногийн татвар ногдуулж, жил бүр 400 мянган долларын тусгай зөвшөөрлийн төлбөр, 1.0 сая долларын зөвлөлд төлөх төлбөрийг ногдуулдаг.

Мөн Баруун Австралид казино байгуулах зөвшөөрөл авахад нэг удаагийн 30  сая австрали долларыг ногдуулсан байдаг. Эдгээр улсуудын туршлагаас харахад хуулийн төсөлд тусгасан Казиногийн үйл ажиллагаанд ногдуулах татварын хэмжээ харьцангуй боломжийн төвшинд гэж үзэж байгаа.

Төлбөрийн хэмжээг ингэж тогтоосон нь томоохон хэмжээний хөрөнгө оруулагчийг татах, казиногийн үйл ажиллагаа хэт хавтгайрахаас сэргийлэх юм.  Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэг удаа ногдуулж, бөөн дүнгээр нь хураах нь хураамжийн орлогын бодит хэмжээ үнийн өсөлттэй уялдан жил бүр буурахгүй байх,казиногийн үйл ажиллагааг хязгаарлах, зөвхөн томоохон хөрөнгө оруулагч зөвшөөрөл авах боломжтой байх, казиногийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хөшүүрэг болж өгөх,төсвийн орлого нэмэгдэх гээд олон давуу талтай.

-Казино байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэрэг өснө гэж үзэх  хүмүүс байна. Казиног дагаад нийгэмд гарсан сөрөг болон эерэг нөлөөлөл нь бусад улс орнуудад ямар байдаг юм бэ?

-Олон улсын судлаачдын тайлангуудад казино нь орон нутгийн иргэд болон тэдний амьдралд эерэг болон сөрөг үр дагаваруудыг бий болгосоор ирсэн талаар дурьдсан байдаг. Зарим судлаачид казино байгуулагдсанаар гэмт хэргийн гаралтад ямар нэгэн байдлаар шууд нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй гэж үздэг бол зарим нь банкны дээрэм, мансууруулах бодисын хэрэглээ, мө¬рийтэй тоглоомын донтолт тодорхой хэмжээгээр нэмэгддэг гэж үзсэн байдаг.

АНУ-ын Аризона, Нью Мэхикод шинээр казино нээгдэх үед 128 хүны дунд  судалгаа явуулсан байгаа юм. Судалгаанд оролцогчдын 59 хувь нь казино байгуулагдсан нь зүйтэй, 65 хувь нь казино тэдний амьдралын чанарт эергээр нөлөөлж байна, 77 хувь нь казино орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна гэж үзсэн.

Тус судалгаагаагаар казино байгуулагдсанаар Аризона болон Нью Мехикогийн иргэдийн нийгмийн болон эдийн засгийн амьдрал дээшилж байна гэсэн үр дүн гарсан.

АНУ-ын Луизана мужид байгуулсан  гурван казино 5,100 шинэ ажлын байр бий болгож байсан бол Миссиссиппи мужийн 10 казино 11,200, Иллиноиз мужийн хоёр казино  дөрвөн мянган  шинэ ажлын байрыг бий болгосон байгаа юм. Гэхдээ ихэнх тохиолдолд казиногийн хүрээнд бий болсон ажлын байр нь туршлагатай, мэргэшсэн ажилчдыг эрэлхийлдэг тул тухайн орон нутгийн иргэдийг мэргэшүүлэх шаардлага тулгардаг. Мөн Луизана мужид казино байгуулагдсаны дараа жижиглэн худалдаа сүүлийн 10 жилийн хамгийн өндөр төвшин буюу 10 хувиар өссөн дүнтэй гарсан.  Зарим судлаачид казино нь тээврийн үйлчилгээг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог гэж үздэг.  

Томоохон казиног даган олон улсын нислэгийн тоо, давтамж нэмэгддэг бол жуулчдын урсгалыг даган дотоодын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, нэр төрөл нэмэгддэг.

Монгол Улс олон улсын туршлагад суурилсан, үндэсний онцлогт тохируулсан казиногийн үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүйн орчинг бий болгосноор улсын татварын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, улмаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжтой юм.  Казино байгуулахтай холбогдон гарах нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг холбогдох хууль, дүрэм, журмаар зохицуулах боломжтой гэж үзэж байна.

-Казиногийн зохицуулах хороог байгуулах бодит шаардлага нь юу байна вэ?

-Сингапур, Макао, Солонгос зэрэг улсуудад казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг салбарын яамд нь эсвэл Засгийн газраас нь олгодог.

Казиногийн үйл ажиллагаа, түүнд мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, үзлэг, шалгалт хийх эрх, үүрэг бүхий казиногийн зохицуулах газар, бооцоот тоглоомыг зохицуулах болон хянах товчоо, үндэсний бооцоот тоглоомыг хянах хороо зэрэг бүтэц бүх орнуудад ажилладаг. 

Тухайлбал, Макао, Сингапурт казиногийн зохицуулах газар, товчоо дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс бид  казино хөгжсөн орнуудын туршлагад үндэслэн Казиногийн зохицуулах хороо байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

 

Зураг