Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Алтанхуяг: Ажлын байр нэмэгдэж, хадгалагдах явдал нь нийгмийн тогтвортой байдлыг хангадаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь бидэнд ямар ашигтай вэ. Тэднийг хэрхэн дэмжих вэ. Хэрхэн бага хүүтэй, урт хугацааны зээлийг хүртээмжтэй олгох вэ гэдэг асуудлууд үеийн үед яригдсаар ирсэн.

Тэгвэл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж буй нэгэн байгууллага үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Үйлдвэрлэгчдийн хамгийн их "бүдэрдэг" банкны зээлийн барьцааны асуудлыг шийдэхийн тулд анх байгуулагдсан Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанхуягтай ярилцлаа.


-Арилжааны банкуудын зээлийн шаардлага өндөр байна гэж аль ч түвшинд яригддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль гаргаад, санг байгуулсан гэж ойлгож болох уу?

-Жижиг, дунд үйлдвэрүүдэд банкнаас зээл авахын тулд хэд хэдэн бэрхшээл тулгардгийн нэг нь барьцаа хөрөнгө дутагдах явдал.

Тухайлбал зээл хүсч буй материалын иж бүрдэл, өөрсдийнх нь бизнес эрхлэх чадвар, эргэн төлөлтийн хангалттай эх үүсвэр гэх мэтчилэн олон шалгуур тавьж байж банк зээлээ олгодог.

Тэдгээрээс хамгийн гол, үндсэн шаардлага бол хангалттай барьцаа хөрөнгө байгаа эсэх байдаг. Энэ шаардлагыг хангахгүй байх тохиолдол жижиг, дунд үйлдвэрүүдэд их тохиолддог. Энэ хүндрэлийг арилгахын тулд төрөөс барьцаа хөрөнгө нь дутагдалтай жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүжих боломжийг нь нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ батлан даалтын санг анх үүсгэн байгуулсан.

Батлан даалт гэдэг энэ ухагдахууныг уншигчдадаа танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна.

Зээлийн батлан даалт гаргана гэдэг нь та банкнаас зээл авахаар барьцаа хөрөнгө тавих гэтэл тэр хөрөнгө чинь дутуу байвал дутуу хэсэгт нь өөр нэг этгээд өөрийнхөө хөрөнгө болон хариуцлагыг барьцаалж, зээл авах боломжийг нь бүрдүүлж буй үйл явц. Батлан дааж байгаа гуравдагч этгээд нь зээлдэгч этгээдийг авсан зээлээ ямар нэгэн байдлаар төлж чадахаа байсан тохиолдолд өмнөөс нь хариуцлагыг нь үүрнэ. Тэр гуравдагч этгээд нь Зээлийн батлан даалтын сан.

-Танайх батлан даалт хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн зээлийн хэдэн хувьд батлан даалт гаргаж өгдөг вэ?

-Хүсэж байгаа зээлийнх нь 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана. Банк барьцаа хөрөнгийг нь үнэлнэ. Үнэлэхдээ зах зээлийн үнээс тодорхой хэмжээнд доогуур үнэлдэг. Тэр үнэлгээнийхээ үндсэн дээр өгөх зээлийнхээ хэмжээг тодорхойлдог. Доогуур үнэллээ ч гэсэн авах гэж байгаа зээлд нь хүрэхгүй байх тохиолдол гардаг.

Тэгэхээр үнэлэгдсэн хөрөнгө, хүсэж байгаа зээл хоёрын хоорондох дутууг л Зээлийн батлан даалтын сан хариуцна. Одоогийн байдлаар нэгдүгээрт батлан даалтын тогтолцоо шинэ байгаа, хоёрдугаарт батлан даалтын өөрийн хөрөнгө харьцангуй бага, дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа, аль болох хүртээмжтэй байлгах зэрэг олон шаардлагын үүднээс дээд хязгаар нь 250 сая төгрөгийн батлан даалт гаргана. Яваандаа үүнийг өсгөх боломжтой.

Үнэлэгдсэн хөрөнгө, хүсэж байгаа зээл хоёрын хоорондох дутууг л Зээлийн батлан даалтын сан хариуцна

Ингэхийн тулд давхар батлан даалтын журам гаргах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, зээлдэгчдийн эргэн төлөлтийн нөхцөл байдал сайжрах, сангийн ажилтнуудын ур чадвар нэмэгдэх гэх мэтчилэн олон нөхцөлүүдийг сайжруулсны үндсэн дээр үүнийг нэмэгдүүлээд явах боломжтой.

Үнэлэгдсэн хөрөнгө, хүсэж байгаа зээл хоёрын хоорондох дутууг л Зээлийн батлан даалтын сан хариуцна

Одоогийн байдлаар эргэн төлөлтийн доголдолд орчихсон, эргэн төлөлтийн график нь хоцорчихсон зээлдэгчид 20 гарчихсан явж байна.

Энэ бол эргээд санд эрсдэл үүсэх магадлал дагуулж байна. Гэхдээ бид ийм явдал гаргахгүйн тулд батлан даалтад хамрагдсан ААН-үүдтэйгээ нягт хамтарч ажиллана. Ингэхийн тулд бид дөрвөн үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэгдүгээрт, Менежментийг нь сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөх,

Хоёрдугаарт, Сургалт явуулах, ингэхдээ удирдагч хүнд зайлшгүй мэдэх шаардлагатай ур чадварыг сургах,

Гуравдугаарт, Бүтээгдэхүүнийг нь сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх, бараа бүтээгдэхүүнээ борлуулж, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь нэгдсэн журмаар зохион байгуулж, арга хэмжээнд оролцох боломжийг нь хангах,

Дөрөвдүгээрт, Хөрш зэргэлдээ орнуудын батлан даалтын санд хамрагдсан жижиг дунд үйлдвэрүүдтэй холбох замаар тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, эсвэл тэднээс ханган нийлүүлэх боломжийг гаргаж өгөх гэсэн үндсэн чиглэлээр ажиллахаар зорилт тавиад явж байна.

Эхний ээлжинд зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сурталчлах ажил явж байна. Дараа дараагийн ажлуудыг энэ жилдээ багтаан зохион байгуулна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ АГУУЛЖ БАЙДАГ ХАМГИЙН ТОМ ХЭСЭГ

-Зээлийн батлан даалтын сан ашгийн бус байгууллага. Дээрээс нь өөрсдөдөө эрсдэл үүрдэг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ингэж дэмжих ямар шаардлага байгаа вэ. Тэдний бизнес ашигтай байх нь манай улсад ямар эерэг нөлөө үзүүлдэг гэж та хардаг вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого улс оронд их чухал, зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой бодлогуудын нэг нь байдаг.

Монголын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь ЖДҮ-т ажиллаж байна

Нэгдүгээрт эдийн засгийн ач холбогдолтой. ЖДҮ нь ДНБ-ий тодорхой хэмжээг үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг, баялаг буюу нэмэгдсэн өртөг бүтээдэг, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгодог, шинэ технологийг нэвтрүүлдэг, эдийн засгийн хүндрэлтэй үед уян хатан ажилладгаараа эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг.

Ялангуяа Монголын хувьд уул уурхайгаас ихээхэн хамааралтай, дагнасан шинжтэй эдийн засгийг солонгоруулахад ЖДҮ томоохон үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт нийгмийн талаасаа ЖДҮ хөдөлмөр эрхлэлтийг агуулж байдаг хамгийн том хэсэг.

Монголын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь ЖДҮ-т ажиллаж байна. Тухайлбал Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад 350 ААН хамрагдаад байна. Ингэснээр 1,200 орчим шинээр бий болж, 2,900 орчим ажлын байр хадгалагдаж үлдэж байгаа юм.

Ингэж ажлын байр нэмэгдэж, хадгалагдах явдал нь эргээд нийгмийн тогтвортой байдлыг хангахад томоохон нөлөө үзүүлдэг. Эдгээр хүмүүс хөдөлмөр эрхэлдэггүй байсан бол архидалт, гэмт хэргийн тоо нэмэгдэнэ. Тийм учраас хөгжингүй орнууд ЖДҮ-ээ нэмэгдүүлэх юм бол нийгмийн тогтвортой байдлыг хамгаална гэдэг утгаараа асар их хөрөнгө оруулж байдаг юм байна л даа.

Тухайлбал Солонгост гэхэд 2008 оны санхүүгийн том хямралын үеэр урьд өмнө нь оруулж байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг батлан даалтынхаа санд гаргасан байдаг юм билээ.

Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрүүд нь банкнаас авах зээлдээ батлан даалтаа гаргуулаад хангалттай хэмжээний зээлээ аваад явчихдаг. Энэ чинээгээрээ хямралтай үед ЖДҮ-үүд нь компани, ажлын байраа хадгалаад үлддэг. Энэ нь эргээд эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлээд явчихдаг.

-Солонгосын жишээтэй адилхан Монголд эдийн засгийн хүндрэл болж байна. Үүнд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь бизнесийнхэн, ЖДҮ эрхлэгчид. Энэ үед Зээлийн батлан даалтын сангийн санхүүжилтийг нэмэх шаардлага байна уу. Ер нь танай санхүүжилт ямар байдаг вэ?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жил бүр батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд санхүүжилт хийнэ гэж заасан хэдий ч одоогийн байдлаар үүсгэн байгуулагдсанаас хойш санхүүжилт хийгдээгүй байна. Энэ үед нэмэгдүүлсэн бол илүү үр дүнтэй байх байсан. Гэхдээ одоо муудчихаагүй байна.

Ямар ч байсан бидэнд батлан даалт гаргах нөөц бололцоо байна. Гагцхүү бидний санаа зовоож байгаа зүйл бол эрсдэл гараад, тэндээсээ эргэн төлөлт хийгдэх юм бол манай сангийн өөрийн хөрөнгөний зохистой харьцаа алдагдаж, үйл ажиллагаа зогсохыг үгүйсгэхгүй. Бусад чиглэлээр бол гайгүй.

Он гарснаас хойш бид  21 батлан даалтад 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Энэ нь 4.1 тэрбум төгрөгийн зээл авах бололцоог хангасан байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дүнгийн хувьд харьцангуй өндөр байгаа боловч батлан даалтын тооны хувьд бага байна. Гэхдээ улирлынхаа хэмжээгээр бага. Энэ нь банк зээлийнхээ хэмжээг хумьж байгааг илэрхийлж байна.

-Банкууд зээлээ хумьж байгаа учраас танайд батлан даалт гаргуулах хүсэлт багасч байгаа хэрэг үү?

-Тийм. Өөрөөр хэлбэл батлан даалт гаргахын тулд заавал банкаар дамжиж хүсэлтээ ирүүлдэг.  Тийм болохоор банкнаас хүсэлт бага ирвэл бидний батлан даалтын тоо багасна гэсэн үг.

-Батлан даалт гаргуулах нь нэг талаараа зээл авагчдад ашигтай. Нөгөө талаараа эрсдэлээ хаалгаж байгаа гэдэг утгаараа арилжааны банкуудад ашигтай юм шиг санагдаж байна л даа. Банкууд ер нь танай санд хэрхэн ханддаг вэ?

-Банкуудтай их идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар есөн банк, зургаан банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч байна. Хэдийгээр батлан даалт нь ЖДҮ-дэд зээл авахад нь тусалж байгаа боловч өгөөж нь банканд багагүй ирдэг гэж үздэг.

Есөн банк, зургаан банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч байна

Яагаад гэвэл банк ямар ч тохиолдолд эрсдэлээ хаалгуулаад авна. Мөн батлан даалт гаргасны үр дүнд өөрсдийнх нь эргэлтгүй байсан мөнгөн хөрөнгө нь гүйлгээнд орох боломжтой. Ингэж гүйлгээнд оруулснаар хүүгийн орлого нь нэмэгдэж байгаа.

-Олон Улсад танайхтай адил Зээлийн батлан даалтын сангууд байдаг гэсэн. Дэлхийн жижиг ямар байдаг вэ. Танайх тэр жишигт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Бид байгуулагдаад гурав дахь жилдээ орж байна. Зээлийн батлан даалтын сан Японд 80, Солонгос, Малайзад 40 жилийн өмнө байгуулагдсан. ОХУ-д гэхэд 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Тэдний үнэлгээний аргачлал, эрсдэлээс хамгаалах, давхар даатгах, батлан даах чиглэлийн тогтолцоо нэлээн хөгжчихсөн байдаг юм байна. Европт бол 120 жилийн түүхтэй байх жишээтэй.

Европт батлан даалтын сангийн холбоо AECM гэж байгууллага байна, Азид ACSIC гээд байгууллага байгаа. Хоёулантай нь бид нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна. Азийн батлан даалтын сангийн холбоонд элсэхэд бүрэн бэлтгэлээ хангачихсан, арваннэгдүгээр сард элсэхээр төлөвлөж байна.

АЕCM-ийнхэн бол хэзээ ч элсэж болно гэж мэдэгдсэн байгаа. Ноднин бид Европын батлан даалтын сангийн холбооны ээлжит хуралд очиж, анх байгуулагдаж байхад тулгарч байсан бэрхшээлтэй холбоотой туршлага солилцож, илтгэл тавьсан.

Ойрын хугацаанд бид тэдний түвшинд хүрэхийн тулд ажиллах болно. Азийн Хөгжлийн Банкнаас бидэнд эхний ээлжинд судалгаа явуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, манайд томоохон хөрөнгө оруулалт хийх ажил явагдаж байна гэх мэтчилэн ойрын үед гадаад хамтын ажиллагаа эрчтэй явагдах төлөвлөгөөтэй байна.

-Банкнаас ирсэн хүсэлтэд шинжилгээ хийдэг гэж байсан. Танай байгууллагын хүний нөөц, ямар түвшний хүмүүс, ямар шинжилгээ хийдэг вэ. Эрсдэлгүй байх талаас нь зээлдэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Одоогийн байдлаар бид ирсэн хүсэлтийн 25 хувийг татгалзсан байдалтай байна. Зээлийн батлан даалтын сан дээр шаардлага хангаагүй тохиолдолд бид буцаадаг гэсэн үг. Ер нь батлан даалтын үйл ажиллагаа явуулж байхад үндсэн гурван эрсдэл тохиолддог юм байна.

Нэгдүгээрт банкны ажилтан, хоёрдугаарт ЖДҮ эрхлэгч, гуравдугаарт батлан даалтын сангийн өөрсдийн ажиллагсдын ёс суртахууны доголдол. Эдгээрээс сэргийлэхийн тулд манай сан давхар үнэлгээ хийж байж эцсийн шийдвэрээ гаргадаг. Ингэхийн тулд бид батлан даалтын сандаа урьд нь банканд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ажиллуулж байгаа.

Эцсийн шийдвэрийг үнэлгээ хийснийхээ дараа батлан даалтын хорооныхоо хурлаар гаргадаг. Ашиг сонирхлын зөрчил орох, ажлын хариуцлагаасаа болж дутуу үнэлэх явдлыг зогсоож, хязгаарлахын тулд давхар давхар хурлаар оруулж шийддэг гэсэн үг.

ХАМТРАН АЖИЛЛААД ТӨЛЬЕ ГЭЖ БАЙГАА БОЛ БИД ДЭМЖИНЭ

-Хорь гаруй зээлдэгч хоцрогдолтой явж байгаа гэсэн. Хэрэв эрсдэл үүсээд танайх арилжааны банканд үүрэг гүйцэтгэлээ гэж бодоход дараа нь зээлдэгчээс хэрхэн мөнгөө эргүүлж авах зохицуулалттай байдаг вэ?

-Хууль дээр нарийвчлан зааж өгөөгүй боловч бид дотоод журмаараа үүнийг нарийвчлан зохицуулах учиртай. Ямар ч байсан татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа энэ сангийн эх үүсвэрээс нэгэнт үүрэг гүйцэтгэсэн бол хойноос нь хөөцөлдөж авах үүрэг манайд ногддог гэсэн үг.

Банкнаас ялгаатай нь бид ЖДҮ эрхлэгчдэд боломж олгоно. Ямар нэгэн өөрчлөлт хийх, хугацаа сунгах, дараагийн зээлийг нь авхуулах, менежмент, ур чадварыг нь сайжруулах гэх мэтчилэн тодорхой хугацааны  дараа төлбөрийн чадавхтай болохоор нь эргэн төлүүлэхээр үндсэн бодлоготой явж байгаа. Банк ингэдэггүй. Шууд барьцаа хөрөнгийг нь авч борлуулаад өөрийгөө хохиролгүй болгох нь тэдний зорилго байдаг.

Банкнаас ялгаатай нь бид ЖДҮ эрхлэгчдэд боломж олгоно

Гэхдээ бид асуудал гарсан хойно нь биш гарахаас нь өмнө анхаарах хэрэгтэй гэсэн үүднээс энэ жилээс хоёр сургалт зохион байгуулчхаад явж байна. Мөн сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлдэг.

Эрсдэл үүсээд, бизнес эрхлэгч угаасаа төлөхгүй байх, ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахгүйгээр зугтах, хойш суух, улмаар батлан даалтын үүрэг гүйцэтгэсэн мөнгийг төлөхгүй гэсэн санаатай үйлдэл хийх юм бол тэр компани, хувь хүн цаашид батлан даалтад хамрагдахгүй болтол хар жагсаалтад оруулах арга хэмжээ авна. Үүнийг банкны системээр нийтэд нь зарлаж, түгээнэ.

Хэрэв хамтран ажиллаад төлье гэж байгаа бол бид дэмжинэ гэсэн бодлого барьж байна.

-Орон нутгийн зээлдэгчид ямар шат дамжлагаар танай санд хандах боломжтой вэ. Салбарууд бий юу?

-Орон нутагт салбар байхгүй. Орон нутагт бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс манайхтай хамтарч ажилладаг есөн банкны салбарууд дээр очоод батлан даалтад хамрагдах өргөдлөө бичээд өгөхөд л хангалттай.

Одоогийн байдлаар нийт батлан даалтын гуч гаруй хувь нь хөдөө орон нутгаас гарч байна. Тухайлбал, Ховд аймагт 13 зээлд 320 сая төгрөгийн батлан даалт гаргасан байх жишээтэй.

-Уул уурхайн бус бүхий л салбарын ЖДҮ эрхлэгчдэд батлан даалт гаргах уу?

-Манай Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд ямар салбарын, ямар үйлдвэрлэл эрхлэгчийг ЖДҮ эрхлэгч гэх вэ гээд заачихсан байдаг. Тэр л чиглэлтэйгээ уялдуулж явж байгаа.

Тухайлбал архи, согтууруулах ундаа, тамхи, насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн бизнес, мөрийтэй тоглоом, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбаруудад хориотой байдаг. Салбараар нь ангилаад үзвэл үйлдвэрлэлийн чиглэлээр батлан даалт гаргасан хувь хэмжээ хамгийн өндөр байна.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх ямар төлөвлөгөө байна?

-Цаашид бид хөдөө орон нутагт салбараа байгуулах төлөвлөгөөтэй байна. Орон нутагт батлан даалтын тогтолцоог нэвтрүүлэх, улмаар батлан даалтынхаа үнэлгээний аргачлалыг илүү боловсронгуй, шуурхай болгоход анхаарлаа хандуулж байна. Мөн батлан даалтын шийдвэр гаргахдаа аль болох түргэн шуурхай гаргах чиглэл байх ёстой.

Санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой, тогтворжсон, системтэй болгох шаардлага байна. Гагцхүү Засгийн газрын эх үүсвэрээс хамааралтай байдалтай байна. Орон нутагт салбартай болох гэсэн чиглэлийн дагуу Азийн Хөгжлийн Банкнаас төсөл хэрэгжинэ. Энэ төслийн хүрээнд олон судалгаа хийгдэнэ.

Үүний үндсэн дээр АХБ-наас тодорхой санхүүжилттэй зээл олгох магадлалтай. Ингэх юм бол манай өөрийн хөрөнгө нэмэгдээд батлан даалтын үйл ажиллагаагаа явуулах таатай боломж бүрдэнэ гэж найдаж байна.