Онигоо ярья. Элбэгээ бурхны шүүлтүүрийн өмнө очжээ. Нүдээ хэдэнтээ “өхөөрдөм” анивчаад ч тусыг олсонгүй. Бурхан түүнийг ширүүхэн угтав. Тэгэхээр нь худлаа ярих тоолондоо гаргадаг зангаараа бурхны өмнөөс нүдээ ч цавчихгүй мэлийтэл ширтээд ч аврал хүртсэнгүй. Түүнийг тамд илгээжээ.
Тамын үүдээр дөнгөж ортол Н.Энхбаяр ядарсан шинжтэй сууж байх юм гэнэ. Элбэгээг тосон ирсэн шүүгч ихэд нягтлан шинжээд Н.Энхбаярын зүг огтхон ч эргэлзэлгүй зааж “Энэ хүнтэй яг адил шийтгэл онооё, үйлдсэн гэм нь адил юм” хэмээжээ.
Энэ бол онигоо. Гэхдээ бодит онигоо бас бий. Хонин жилийг угтах Цагаан сарын барилдааны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Бөхийн өргөөнд тамд учрах мэт нүүр нүүрээрээ тулсныг бүгд мэднэ.
Төрийн албыг хашихдаа хашиж, унаж босож, уруудаж өгсөж явсан эр улс, хэн дуртай аавын хүү залраад байдаггүй сэнтийд ээлж дараалан эрэмбээрээ суусных, Н.Энхбаярыг уриад тэрүүхэндээ “шингээчих” зориг Ц.Элбэгдоржид дутав. Сэтгэл нь бас балчирдав. Энэ мэтэд Монгол ухаанаар ханддаггүй нь өнөө цагийн улстөрчдийн нийтлэг чанар.хэмээн харж болох л юм. Гэтэл Бөхийн өргөөнд байтугай үүд нь дэлгээтэй Монголд багталцахаа больсон хоёр Ерөнхийлөгчид өдгөө харахад адил чанар олон ажээ. Адилхан алдаа нь ч түүнээсээ дутахгүй.
Уг нь нэгэн цагт, 1990-ээд оны эхээр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар өөр өөрийн эхнэрийг сахин нэгэн эмнэлгийн нэгэн тасгийн нарийхан орноо багталцаж ядан хонож, жаргал зовлонгоо хуваалцаж явсан улс.
Н.Энхбаяр МАХН-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хүрч болох бүхий л өндөр албанд очиж, суудал өгсөх замд он жил удах тусмаа ард түмнээсээ алд холдсон нь үнэн. Эрх мэдэл, түүнийг дагаж эргэлддэг эд хөрөнгөд эвдэрсэн Н.Энхбаяр гэргийгээ хүртэл ТЕГ-т шургуулж байсан түүхтэй. Тухайн үеийн МАХН-ыг хүссэнээрээ бөмбөрүүлж, хүрэх замаа засдаг байсан нь мөн л түүх болж хоцорсон.
Одоо ч МАН-д түүний татаасаар улс төрд анхлан хөл тавьсан нэгэн үеийн бүлэг залуу байдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ Казахстаны Н.Назарбаевыг шүтэн биширч, парламентын засаглалыг муухай харагдуулахыг эрмэлзэн, улмаар ганц хүний ноёрхол буюу Ерөнхийлөгчийн засаглалд сэтгэлээ өгөөд байсан нь нууц биш. АТГ-ыг байгуулан, араандаа зуусан улстөрчдөө айлгадаг байсан арга барил мөн л түүнийх.
Гайхалтай нь, АН-ын лидер Ц.Элбэгдоржийг мөн л яг ийм замнал хүлээж байсныг тэр үед хэн ч таамаглаагүй биз. АН-ын дарга байх үедээ ардчилсан хүчнийг атгаж байгаагүйгээрээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаас сүр хүчийг үзүүлж, 2012 оны УИХ-ын сонгуульд энэ намаас хэн, хаана нэр дэвшихийг ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн шийдсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарын томилгоонд жинтэй нөлөө үзүүлж, санааныхаа зоргоор нөлөөлснийг улстөрчид мэднэ. Үр дүнд нь Ц.Элбэгдоржоор овоглосон эмэгтэй голдуу улстөрчид АН-д суудал зассан.
Түүний энэ үйлдлүүд аль ч талаараа Н.Энхбаярыг санагдуулж байгаа нь бодит байдал юм. АТГ-ын хувьд ч Н.Энхбаяраас ялгарахгүй бодлого баримталж, хүний, өөрийн намын улстөрчдийг хэрхэн чөдөрлөхөө хэнээр ч заалгасангүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг авлигатай хэт идэвхтэй тэмцсэнийх нь төлөө огцруулж байсан гашуун дурсамж бий. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-ынхнаар “ачуулж” байсан билээ.
Тэдэнд бас нэг төстэй тал бий. Н.Энхбаярыг тухайн үед “MCS-ийн” Ерөнхийлөгч хэмээн сэмхэн тодотгодог байсныг мартах болоогүй.
Ц.Элбэгдорж цаазын ялгүй Монгол Улс хэмээх нигүүлслийг мөн л дэвшүүлэн тавьсан байдаг.
Эдүгээ Ц.Элбэгдоржийн нэрийн ард “Монголын Ерөнхийлөгч үү, MCS-ийнх үү” гэсэн асуулт дагасаар удаж байна.
Олон улсад энэ хоёр хүний танигдсан нь хэдий өөр өөр имижээр тодорхойлогдох боловч адил түвшинд хүрснийг нь илтгэдэг. Н.Энхбаяр олон улсын индрээс анх англи хэлээр илтгэл тавьсан Ерөнхий сайд болон тухайн цагтаа мандаж байсан бол Ц.Элбэгдорж Харвард төгссөн бэлгэдлийн бөгжөө гялалзуулан дэлхийн хэмжээний уулзалтад очих дуртай. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Буддын ном зохиол сонирхон, бурхны шашныг өөрийн нэгэн өнгө төрх болгон, үүгээрээ улс орноо илэрхийлж байсан бол Ц.Элбэгдорж цаазын ялгүй Монгол Улс хэмээх нигүүлслийг мөн л дэвшүүлэн тавьсан байдаг.
Ид ноёрхлын үедээ Н.Энхбаярын гаргасан алдааг Ц.Элбэгдорж илүү орчин үеийн, илүү боловсон байдлаар давтсан нь олон. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар тодорхой эрх мэдлийн хязгаарлалтад ажилладаг Төрийн тэргүүн хүний хүсэл хяслын торгон зааг тэднийг адилхан л хөтөлсөн нь анзаарагддаг.
Учир нь Ц.Элбэгдорж эл өндөр сэнтийд залраад өдгөө зургаан оныг үдэхдээ Ерөнхийлөгчийн засаглалд илүү талтай болсон нь хэлж буй үг, хийж буй үйлдлээс нь харагдана. Тэдний хэн хэн нь хилийн чанадад Монголыг төлөөлөхдөө улсынхаа хамгийн “бүдүүн дарга” болж харагдахыг хичээдэг. Үүнийг гадаад, дотоодын ажил хэрэгч уулзалтууд, бусад орны Төрийн тэргүүний Монголд үдэлсэн айлчлалуудын өнгөнөөс харж болно.
УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий сайдтайгаа үргэлжид тэрсэлдэж ирсэн зуршил тэднийг ч бас тойроогүй. Энэ мэтээр эл хоёр эрхэмд адилхан зовлон цөөнгүй. Дуулиант долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан байж болзошгүй хэмээх хардлага хэн хэнийг нь мөр даран дагадаг. Хоёул улиран сонгогдсон, улс төрийн карьер нь үүгээр зогсолтод орж байгаа гэдгээрээ мөн ижил зовлонтой. Энэ тохиолдолд Н.Энхбаяр итгэл үнэмшлээрээ МАХН-ыг туурга тусгаарлан байгуулж, улс төрд удтал уяатай яваа бол Ц.Элбэгдоржийн бодол өөр.
Ийнхүү тоочоод байвал хуульд зааснаар бол хумигдмал эрхтэй, хувийн тоглолтоороо бол хязгааргүй мэдэлтэй Ерөнхийлөгчийн алба өдгөө мөнхийн дайсан болон харагдаж буй энэ хоёр улстөрчийг он жил өнгөрөх тусам огтхон ч ялгаагүй болгожээ. Эдүгээ МАН-ынхан “Танай нам биднийг хэлэлтгүй бас нэгэн Н.Энхбаярыг төрүүлж, энхбаяризмыг бий болголоо” хэмээн АН-аас ял асуух болсон нь нуугаад байхааргүй ил тод сонсогдох болов.
Эцэст нь хэлэхэд, тэдэнд нэг л ялгаа байдаг. Н.Энхбаяр муу ч гэсэн, муухай ч болов Монголыг баримтлагч, дорнын гүн ухааныг шүтэгч нэгэн. Харин Ц.Элбэгдоржийг мянгантаа магтаад ч Америкийг шүтэн бишрэгч, өрнөдийн төлөөлөгч хэвээр үлдэв.
Н.Энхбаяр Далай ламд залбирдаг бол Д.Элбэгдорж Б.Обамад “обамадуулаад ч болсон” хайртай. Гуйвуулах аргагүй үнэн энэ юм. Эл хоёр улстөрчийн энэ мэтийн хандлагаар Монголын гадаад харилцаа, өнөөгийн нөхцөл байдал тодорхойлогдож байгаа нь ч бас үнэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!