Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахаа илэрхийлж Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх баталгааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ нь тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд өөрт хамааралтай этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй харилцаанд орохгүй гэсэн үг юм. Ингэснээр мэргэжлийн хяналтынхан өөрийн талын хүний аж ахуйн нэгжийг шалгах сонирхолтой, илэрсэн зөрчил, дутагдлыг нь нуун дарагдуулдаг, хайцаалж хамгаалдаг гэсэн ам дамжсан яриа төгсгөл болж байна.
Мөн ажил үүргээ гүйцэтгэж байх үед бусдын зүгээс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл санал болгосон тохиолдолд татгалзаж байхыг гэрээнд тусгажээ. Энэ нь байцаагч нарыг хууль дүрмээ сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нэг ёсны баталгаа болж байна.
Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм.
Эх сурвалж: МХЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!