Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчиллэг далайн ус дэлхийг сүйрүүлж байсныг тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Science сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд галт уулын идэвхжлээс үүдэлтэйгээр далайн ус ихээр хүчиллэг болж манай дэлхийн амьдралыг сүйрүүлж байсныг өгүүлжээ.

Одоогоос 252 сая жилийн өмнө болсон энэ сүйрлээр далай тэнгисийн амьтан ургамлын 90 хувь, хуурай газрын амьтдын гуравны хоёр сүйрсэн байна.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн асар их хэмжээний карбон диоксидыг далайн ус шингээснээр гамшиг болсон гэнэ.

Тэр үед агаар мандалд үүссэн карбон диоксидын хэмжээ, өнөөдрийн манай дэлхийн бүх нүүрсний нөөцийг шатаахад ялгарах хэмжээнээс ч илүү байсан гэж Эдинбургийн Их сургуулийн судлаачид дүгнэжээ.

Судлаачид АНЭУ-ын газар нутгаас ухаж гаргасан хад чулуулгийн бүтцийг шинжилснээр ийм үр дүнд хүржээ. Тухайн үед энэ газар нь далайн ёроол байсан гэнэ.

Тэр үед одоогийн Сибирийн хүрмэн чулуулгийг үүсгэсэн галт уулын идэвхжил Перм болон Триасын галавын завсарт 60,000 жил үргэлжилж хоёр удаагийн их карбон диоксидын ялгаруулалтыг бий болгожээ.

Ингэхдээ 50,000 жилийн турш алгуур, багаар ялгаруулж байгаад сүүлийн 10,000 жилд нь эрчимтэй ихээр ялгаруулсан байна.

Далайн ус тэр үед ихээхэн шүлтлэг байсан тул эхний үеийг тэсэн өнгөрөөж чадсан ч хоёр дахь идэвхжилт дээр дийлэлгүй хүчлийг ихээр шингээжээ.

Ингэснээр далайн болон эх газрын амьтан ургамлын төрөл зүйлүүд үндсэндээ сүйрч дэлхийн экосистем эрс өөрчлөгдсөн байна.

Судалгааг удирдсан Эдинбургийн Их сургуулийн Геологийн ШУ-ы салбарын профессор Мэттью Кларксон “эрдэмтэд удаан хугацаанд манай дэлхийн хамгийн том сүйрэл далайн усны хүчиллэгжилтээс болсон хэмээн таамаглаж байсан ч шууд нотолгоо одоог хүртэл олдоогүй байсан юм” гэжээ.

“Мөн энэ дүгнэлтээс өнөөгийн хүний үүсгэж байгаа карбон ялгаруулалт далайн усыг хүчиллэг болгож байгаа тухай санаа зовоосон үр дүн гарч байна” гэлээ.

Энэ судалгааг тэд Германы Бремений Их сургууль, Эксетер, Граз, Лидс, Камбрижийн Их сургуулиудтай хамтарч хийсэн байна.

 

Эх сурвалж: Xinhuanet