Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг наст ургамалд мөнгө битгий үрээрэй

Х. Батсайхан
2015 оны 4 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ жил ОХУ-ын нийслэл Москва хотын гудамж, талбай цэцгийн мандлуудад нийтдээ 11 сая нэг наст цэцэг тарихаар болжээ. Олон сая рубль зарцуулан байж нийт 130 мянган га талбай эзлэх “нэг наст цэцгийн мандал” байгуулах болсон нь мэдээж хэрэг Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой. 

Хотын удирдлагууд, зохион байгуулах хорооныхны санаанд цэцгийг хооронд нь алаглуулан Георгиевын тууз болон эх орны дайн, ялалтын бусад бэлгэ  тэмдгийг бүтээх сайхан санаа орж ирж л дээ.

Гэвч энэ санаа нь олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэ мэдээллийн дор оросууд ёстой мэтгэлцэх шиг болжээ.

Нэг наст цэцэгнээс өнгө үзэмжээр дутахгүй олон наст цэцэг зөндөө бий. 

“Хямрал болоогүй юм уу хаашаа юм”, “Өөр зарцуулах юм олдоогүй юм байх даа”, “Нэг цэцэг дор хаяхад 10 рублийн өртөгтэй байгаа, арчлалтын зардал нь тэрнээс ч их”, “Ингэснээс ахмад дайчдад өгсөн дээр”, “Оросын дундаж наслалт 88 болоо юу.

Дайнд оролцогсдын хамгийн залуу нь 1927 оных, тэд 1945 он хүртэл хагас жил тулалдаж амжина”, “Тэгсэн ч гэсэн цэцэг тарьснаас дээр“ гэх мэтээр. 

Хэдий ингэж шүүмжилж байгаа ч эдгээр хүмүүс “хотын гангараанд их хэмжээний мөнгө зарцууллаа” гэж уурлаагүй юм. Угаасаа Москва, Санкт Петербург зэрэг томхон хотуудад 10 сая орчим цэцгийг жил бүр тарьдаг. Санктад гэхэд л 2010 онд есөн сая, 2012 онд 11 сая, 2013 онд 12 сая цэцэг тарьж байсан.

Харин энэ удаа тарих бүх цэцэг нь “нэг наст” байсанд л эгдүү нь хүрсэн хэрэг юм. “Намар уначихна, хайран мөнгө”, “Хоёр сарын гангараанд 200 саяыг зарцуулна гэж үү” гэсэн шүүмжлэл одоо ч өрнөсөөр. 

Энэ мэдээллийг уншиж суух нь ээ, хэдэн жилийн өмнө манайд болж, нэлээд шүүмжлэл дагуулж байсан нэг цэцэрлэгжүүлэлтийн ажил санаанд ордог юм байна. 2010 онд Баянгол дүүргийн төсвөөс 20 гаруй сая төгрөг гаргаж /тэр үедээ овоо мөнгө байсан шүү/ хиймэл зүлэг дэвссэнийг хэлж байна л даа.

Дарга даамлууд нь “Цаг тулснаас болоод ингэлээ. Үрсэлгээ наадам гэхэд цэцэглэж амжихгүй учраас” гэж арга ядсан тайлбар хэлсэн нь тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулж, үр дүнгүй ажил хийлээ гэгдэж байв. Гэсэн ч дараа жилээс нь бусад дүүргүүд хуулбарлаад эхэлсэн байдаг. 

2012 онд Стандарт баталж байж хиймэл зүлгийг халсан ч дараа жилээс нь “нэг удаагийн цэцэг” буюу нэг наст цэцэг гэж бас нэг мөнгө үрсэн ажил гарч ирсэн юм. 2013 онд 315 сая төгрөгийг нэг наст цэцэгт зарцуулж, өнгөрсөн жил гурван га талбайд 500 сая орчим төгрөгөөр нэг наст цэцэг тарьсан байх жишээтэй. Хэдийгээр нэг наст цэцэг нь өнгө үзэмж сайтай ч эргээд сэргэдэггүй. Харин нэг наст цэцэгнээс өнгө үзэмжээр дутахгүй олон наст цэцэг зөндөө бий. 

Олонх нэг наст цэцэг олон наст хувилбартай байдаг юм билээ. Хятад сарнай гэхэд л нэг наст, олон наст гэж байдаг юм билээ. Фуксия, родохитон, гибискус, цикламен гээд нэрлээд дуусахгүй юм билээ. Тиймээс энэ жил “Иргэдэд таалагдсан” гэж пиар хийгээд нэг наст цэцэгт хэтэрхий их мөнгө зарахгүй байхыг хотын дарга даамлуудаас гуйя.

“Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг” үе одоо өнгөрсөн ч гэсэн яалт ч үгүй хамт дайтаж ялсан болохоор бид ч бас хотоо гоёх нь зүйн хэрэг. Гэхдээ хямралтай байгаа гэдгээ санаж, “ирэх жилд ургахгүй шүү дээ” гэж бодон нэг наст цэцэг битгий тариарай.

Зураг