Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд гэрээгээр эм нийлүүлдэг Монос группээс эмчийн жорын дагуу эм нийлүүлэхдээ андуурч буруу эм нийлүүлснээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд хордлогод орсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Энэ асуудлаар өнөөдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
МХЕГ-ын ЭМБСХХ-ын дарга Н.Гансүхээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Ямар шалтгааны улмаас эм буруу нийлүүлсэн асуудал гарсан бэ?
-Гуравдугаар сарын 19-нд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд тендерээр олгогдож байсан жилийн эмний хэрэгцээ дууссан байсан.
Гуравдугаар сарын 20-ноос эхлээд эм олгогч Моносын эмийн агуулах руу утасдаад Ланадексон гэдэг эмийг тасраад байна, үүнийг яаралтай олгооч гэж мэдээлсэн байгаа.
Эмийн захиалгыг хэзээ ч утсаар өгөх, авах ёсгүй. Эм тасарсан тохиолдолд удирдлагадаа мэдэгдээд албан бичгээр харьцах ёстой. Хамгийн том алдаа энэ байсан. Утсаар мэдээлэхдээ Ланадексон хэрэгтэй байна гэж худалдааны нэршлээр хэлсэн байгаа.
Эмийг олон улсын нэрээр нэрлэх ёстой. Гэтэл цаанаа буруу сонссон юм уу, ямар учир шалтгаантайг нь мэдэхгүй ч Ланасорбид гэж андуурч олгосон байгаа.
-Андуурч өгсөн эм юуны эм бэ?
-Ланасорбид гэдэг нь зүрхний архаг дутагдлын үед насанд хүрсэн хүнд өгдөг эм байгаа. Энэ эмийг эм олгогч ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас Ланадексон хэрэгцээтэй тасагт тараасан.
Ингэж тараах явцад сувилагч нь “Энэ эм өөрчлөгдсөн юм биш үү. Хайрцаг нь ондоо болчихсон байна" гэж сануулсаар байхад цааш нь тараалгасан. Энэ эмийг ЭХЭМҮТ-д цусны эмгэг судлалын тасагт хэвтэж байсан найман хүүхэд хэрэглэсэн. Тэд нийт 180 ширхэг эм хэрэглэсэн байна лээ. Хэрэглэж байх хугацаанд мэдээж хэрэг гаж нөлөө гарсан.
Хэрэглэж байсан хүүхдийн аав нь эм солигдсон байна хэмээн эмчид хандсан. Эмч нь буруу эм өгсөн гэдгийг мэдээд даруй арга хэмжээ авсны хүчинд хүүхдүүдийн амь нас эрсдээгүй.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Дөрвөн хүүхэд эмчлэгдээд эмнэлгээс гарсан, дөрвөн хүүхдийн биеийн байдал харьцангуй гайгүй, эмчлэгдэж байгаа. Энэ асуудлыг бид нэгдүгээрт, цэвэр удирдлагын алдаа, дотоодын хяналтгүй байдлаас үүдэлтэй, хоёрдугаарт тендерээр нийлүүлж байгаа эмийн хангамжийн асуудалтай холбоотой гэж үзэж байна.
Мөн хувь хүний хариуцлага муу байна. Нарийн мэргэжил эзэмшсэн, чухал ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс хайхрамжгүй, анзааргагүй байснаас ийм асуудал үүссэн.
-Хариуцлага алдсан ажилтнуудад ямар арга хэмжээ авах вэ?
-Бид Эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Байгууллагын удирдлагад мөнгөн торгуулийн арга хэмжээ авна. Удирдлагууд нь доошоо хариуцлага тооцно.
-Хэдэн төгрөгний торгууль тавих вэ?
-Хуулийнхаа дагуу 4.3 сая төгрөгөөр торгоно.
-Эм хэрэглэсэн хүүхдүүдийн насны хувьд?
-Найман хүүхэд найман сартайгаас 15 насны хооронд байсан.
-Энэ эмийг ууснаас болж ямар сөрөг нөлөө үүсэх вэ?
-Сөрөг нөлөө байлгүй яахав. Эмийн сөрөг нөлөө зөндөө гарна. Үүнийг мэдээд даруйхан арга хэмжээ авч чадсан.
-Өмнө нь Монос дээр ийм асуудал гарч байсан шүү дээ?
-Моносыг буруутгах үндэслэл байгаа. Гэхдээ шууд буруутгаж болохгүй. Яаралтай эм хэрэгтэй байна гэж утсаар хэлэхээр нь хэлсэн эмийг нь өгсөн гэж байгаа боловч үүнийг хэн ч баталж чадахгүй.
Утсаар нэрийг нь хэн зөв хэлж, хэн буруу сонссоныг магадлах баримт байхгүй. Монос ч гэсэн үүн дээр хариуцлагатай хандах ёстой байсан.
-Моносод ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Бид хариуцлага алдсан хүн дээр нь хуулийн дагуу арга хэмжээ тооцно, удирдлагад нь албан шаардлага хүргүүлж, мөнгөн торгууль тавина.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!