Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: Компанийн үнэ цэнэ өсвөл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Д.Энхтүвшин
2015 оны 4 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо" ТББ-ийн тэргүүн Д.Цогтбаатар нар хамтран ажиллах урт хугацааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд талуудын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, тодорхой чиглэлүүдээр тус тусын төлөөллөөс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах ажээ. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцав.

-“Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр компанийн үнэ цэнийн тухай нэлээд онцлон ярилаа. Яагаад заавал энэ сэдвийг онцолсон юм бэ?

-Эдийн засаг томрох гол үндэс бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Компаниуд нь үнэ цэнэтэй байж гадаадын том хөрөнгө оруулалтыг татаж чадна. Энэ утгаараа зайлшгүй хөндөж ярих учиртай сэдэв л дээ. Энэ өдрүүдэд болж байгаа Монголын эдийн засгийн форумаар ч энэ асуудлын суурийг ярилцаж байна.

Компанийн үнэ цэнэ гэдэг рүү чиглэсэн салбар хуралдааны панелистууд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Да.Ганболд,СЗХ-ны дарга 3. Нарантуяа, "Бодь" группийн Д.Баясгалан нар байгаа.

Эдийн засаг томрох гол үндэс бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. 

Б.Дэлгэрмаа зөвлөх компанийн үнэ цэнийг өсгөх чигийн гурван хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүн.

Улстөрийн нөхцөл, хууль эрх зүйн тогтвортой байдал, бодлогын ойлгомжтой орчин зэрэг нь компанийн үнэ цэнд шууд нөлөөлдөг. Монголын ямар ч компани олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэхэд хамгийн түрүүнд улсынх нь эрсдэлийг хэмжиж үздэг.

Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гаръя гэвэл олон улсын стандартад хүрсэн байх ёстой. Улстөрийн эрсдэл өндөр улсын хувьд мөнгө босгох боломж хомс болдог. Хууль эрхзүйн ойлгомжтой орчин олон улсын зах зээлд компанийн үнэ цэнэ өсөх том шалтгаан болдог. Харин хууль эрх зүйн орчин нь муу байвал санхүүжилтийн өртөг нэмэгдэхээс эхлээд саар зүйл өчнөөн. Энэ тохиолдолд олон улсын зах зээлээс мөнгө босголоо гэхэд өндөр өртгөөр босгохоос аргагүйд хүрдэг. 

-Компаниудынхаа үйл ажиллагааг Олон улсын стандартад хүргэх ёстой гэж ойлголоо. Төрийн өмчийн компаниудыг дэлхийн жишигт хүргэхийн тулд яах ёстой гэж та бодож байна. Жишээ нь “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үнэ цэнийг өсгөж, гаднаас хөрөнгө оруулалт татах боломж бий юу?

-Уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын хувьд Олон улсын зах зээлээс мөнгө татах боломжтой бизнес. Том хөрөнгө оруулалт татах үүдийг яаж нээх вэ гэдэг нь компанийн үнэ цэнэ гэсэн ойлголтод хамаараад байгаа юм. Анхаарах хэд хэдэн гол зүйл бий. Нэгдүгээрт олон улсын стандартад шилжих ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийнхээ менежментийг олон улсын стандартын дагуу хийдэг байх учиртай.

Үйл ажиллагааны талаас нь харвал дэлхийд хэрэглэдэг сүүлийн үеийн технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөгийн зах зээлд компанийн үнэ цэнэ гэдэг их чухал.

Уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын хувьд Олон улсын зах зээлээс мөнгө татах боломжтой бизнес. 

Багануурын уурхайгаар жишээ авъя. Энэ уурхайн хувьцааны 25 хувь нь Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Үлдсэн 75 хувийн хувьцааг Засгийн газраар дамжуулж иргэд эзэмшдэг.

Миний хувьд энэ компанийн үнэ цэнийг яаж өсгөх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Үнэ цэнийг нь өсгөвөл иргэдийн хүртэх өгөөж тэр хэрээр нэмэгдэнэ. Нүүрсний уурхайн бизнесийн хувьд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэлбэр нь хангалттай биш гэж боддог. Энэ бизнесийг зөвхөн нүүрс ухаж ачихын нэр гэж ойлгож болохгүй. Санхүүгийн олон үзүүлэлт дайлан баланс дээр нь үндэслэж нэмэлт санхүүжилт босгох шаардлагатай.

Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд дэлхий даяар хэрэглэж байгаа стандартууд руу л хурдан шилжмээр байгаа юм. Төрийн өмчит компанийн удирдлагын арга барил, санхүүгийн менежмент яг өнөөдрийнх шиг үргэлжилбэл жилдээ хоёр сая тонн нүүрс гаргаад л явна. Өөр ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Зүй нь компаниуд өнөөдрийнхөөс томрох шаардлагатай.Тэгж байж эдийн засаг томорно. Эдийн засаг томорвол өнөөдрийн зовлон асуудал биш болно.

Хамгийн гол өгөөж нь нийтийн өмч үнэ цэнэтэй болно. Дахин хэлэхэд компани томрох хамгийн чухал зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх.

"ВНР”, "Рио тинто” зэрэг олон улсын уул уурхайн компанийн жишигт хүрч байж л хөрөнгө оруулагчид бидэнд итгэдэг болно. Манай улсын өнөөдрийн эдийн засаг их амархан. Банкны зүгээс “Барьцаалах үл хөдлөх хөрөнгө байвал аваад ир, хөрөнгөний чинь төчнөөн хувьд нь зээл өгье" гээд л болчихож байна. Компанийн үнэ цэнэ, тайлан баланс дээр үндэслэж зээл олгодоггүй.

-Төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дор ажиллавал бизнес нь томорно гэсэн санаа, дүгнэлт яригдаж байна. Үүнийг тодруулан тайлбарлана уу?

-Төрийн өмчит компани гэдэг үг нэг л их эрх дархтай сүрхий газар гэсэн ойлголт өгөхөөр сонсогддог л доо. Нөгөө талаас нь харвал эрх нь маш хязгаарлагдмал шүү дээ. Өрсөлдөж болохооргүй нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа хэд, хэдэн хуулийн хүрээнд явагддаг юм. Хуулиудынх нь хүрээт гэхээр дан хязгаарлалууд. Улсын өмчит компани учраас энэ хуулийн ийм заалтыг дагана гэчихдэг.Төрийн өмчит компаниуд төсвөөс татаж авдаггүй. Бусад компаниудтай адил татвараа төлөөд яв гэсэн шаардлага тавьдаг хэрнээ үнэн хэрэгтээ гар, хөлийг нь боочихсон.

Өнөөдөр манай компани зөвлөх үйлчилгээ авъя гэвэл заавал тендерийн хуулийн дагуу, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагатай адилхан дүрмээр явах шаардлагатай болдог. Уг нь төрийн өмчит компани бол татвар төлөгч.Төсвийн байгууллагатай адил дүрмээр ажиллахаар цаг хугацаа алддаг том эрсдэл бий. Бизнесийн хувьд зайлшгүй шаардлагатай байгаа зөвлөх үйлчилгээг тендерийн хуулиас болоод хагас жилийн дараа авдаг.

Өрсөлдөөн ихтэй зах зээлд амьдарч байгаа ийм үед өнөөдөр хэрэгцээтэй байгаа зөвлөх үйлчилгээ зургаан сарын дараа үр өгөөжөө алдана л даа. Хэрвээ би хувийн компанийн захирал байсан бол зөвлөх үйлчилгээний хамгийн сайн компанийг шууд аваад л ажлаа хийлгэчихнэ. Уг нь Компанийн хуулиар явчихад л болох асуудал байгаа юм.

Төрийн өмчийн компаниуд өөр хуулиар ажилладгаас болж л асуудал дэгддэг. Дахин хэлэхэд төрийн өмчит компаниудад илүү эрх дарх байдаггүй. Гарыг нь хүлсэн хууль эрхзүйн орчинд ажилладаг. Шаардлагатай гэж үзвэл Олон улсын зах зээлээс хамгийн сайн хүн авч ирээд бизнесээ өргөжүүлэх боломж "Эм Си Эс" компанийн захиралд байдаг.

Учир нь тэнд хүний үнэлэмжид таарсан цалин хөлс олгодог систем бий. Мөнгө нь илүүдсэндээ биш компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж л гаднаас чадварлаг мэргэжилтнүүд урьдаг юм. Харин төрийн өмчит компанийн захирал ингэж чадахгүй. Хувийн компаниуд шиг чадварлаг улсыг урьж ирүүлээд бизнесээ өргөжүүлье гэвэл цатгалдалгүйгээр Компанийн хуулийн дагуу ажилладаг болох хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудад  бизнес хийх боломж олговол хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг томрох өгөөжтэй гэсэн үг үү?

-Монголчууд сайхан байртай, тавлаг орчинд, өндөр орлоготой амьдрахыг хүсч байгаа. Тэгж байж эдийн засаг эрүүлжиж, томрох учиртай. Энэ тохиолдолд бидний хүсээд буй орчин үеийн амьдралын үндсэн хэрэгцээ хангагдана. Ингэхийн тулд орлоготой байх учиртай. Ерөнхий сайдын том төслүүдээ явуулна гээд байгаа шалтгаан нь энэ.

Том төслөө дагаад орлого нэмэгдэнэ. Бид дэлхийн стандарт руу дөхөх алхмаа хийчихсэн. Маш олон боломж байхад хүчээр, янз бүрийн байдлаар хязгаарлаад байна л даа. Нэг том бодитой гарц бол төрийн өмчит компаниудад бизнес хийх боломжийг нь өгөх явдал юм.

-Төрийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар ажиллуулъя гэвэл хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм байна. Түүнээс гадна шинээр хууль гаргах шаардлагатай юу?

-Компанийн тухай хуулиap явахад шинэ хууль батлуулах шаардлага бий. Хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулж таарна. Засгийн газрын зүгээс хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зарчмаа ойлгочих юм бол яаж ийж байгаад хүрчихнэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сэтгэлгээний хувьсгал хийчихэд л болох асуудал. Сингапур 1974 оноос төрийн өмчит компаниудаа Компанийн хуулийн дагуу ажиллуулах болсон. Компанийн хуулийн дагуу "Темасек" гэсэн нэртэй компани байгуулсан байдаг.

Тэгээд тэр компани руугаа төрийн өмчид байсан компаниудын хөрөнгийг шилжүүлсэн юм. Өнөөдөр гэхэд л төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дагуу гэрчилгээгээ авдаг. Уг нь жинхэнэ утгаараа шилжих хэрэгтэй байгаа юм.

Компани нь компани шиг байж, зөв засаглалаар ажиллаж, ТУЗ нь хараат бусаар томилогдож,удирдлага нь зөвхөн компанийнхаа төлөө зүтгэж байж үнэ цэнэ нь өснө. Үнэ цэнэ нь дээшилбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Тэдний итгэл сэргэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт хурдсах гээд олон давуу тал бодитойгоор гарч ирнэ.

Зураг