Эрүүл мэндийн даатгалаа гурван жил ашиглаагүй бол бүрэн үзлэгт хамрагдаж болно гэнэ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохоос дараах зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийг бүрэн үзлэг шинжилгээнд хамруулахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Эрүүл мэндийн даатгалын хуульд нийт таван жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс гурван жилд нь тасралтгүй төлсөн, мөн хугацаанд эмнэлгийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаж байгаагүй иргэн бүр жилд нэг удаа урамшууллын эрх буюу иж бүрэн шинжилгээ оношилгоо хийлгэх эрхтэй байдаг.
Дээрх болзлыг хангасан даатгуулагч бүр оношилгооны гурван багцаа ашиглан шинжилгээ хийлгэх боломжтой.
-Гурван багцаас сонголтоо хийж, шинжилгээнд хамрагдах боломжтой гэлээ. Иргэд хэчнээн төгрөгийн ямар шинжилгээг хийлгэх эрхтэй вэ?
-Урамшуулалд хамрагдах даатгуулагчдадаа зориулаад 80 мянган төгрөгийн өртөг бүхий шинжилгээний гурван багц гаргасан. Тодруулбал, ерөнхий багц, хавдрын, харшлын гэсэн багцууд байгаа. Энэхүү ажлыг зохион байгуулахын тулд бид нэлээнд судалгаа хийсэн.
Хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчнөө хүндэрсэн хойно нь мэддэг. Тиймээс эрт илрүүлэлтийг өсгөх зорилготойгоор тус багцыг оруулж өгсөн. Түүнчлэн манайд харшлын өвчин тулгамдсан асуудал болоод байгаа. Дулааны улирал болоход нус нь гоожиж, ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүс ихсэх болжээ. Тиймээс урамшууллын багцдаа харшлын багцыг багтааж өглөө.
-Урамшууллын багцаа эдлэх даатгуулагч улсын эмнэлэгт хандах ёстой юу?
-Өвдсөн ч даатгалд хамрагдаж чадахгүй иргэддээ энэ удаа шинжилгээнд хамрагдах боломжийг олгохоор шийдсэн. Бид зөвхөн улсын чанартай эмнэлгүүдээр гүйцэтгүүлдэг байсан бол одоо хувийн эмнэлгүүдтэй гэрээ хийсэн.
Сүүлийн гурван жил даатгал тасралтгүй төлсөн хэрнээ эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн мэдээлэл байдаг.
Улсын эмнэлгийн ачааллаас шалтгаалан иргэд тэр бүр үйлчилгээндээ хамрагдаж чаддаггүй шүү дээ.
-Нийт хэчнээн эмнэлэг иргэдэд үйлчлэх бол?
-Бид сонгон шалгаруулалт явуулж нийт 82 эмнэлээр тус ажлыг гүйцэтгүүлэх болоод байна. Урамшууллын үзлэгт орохоор болсон бол хувийн болон улсын эмнэлгүүдэд хандах боломжтой болсон гэсэн үг.
-Эрх нь үүссэн иргэд урамшууллын шинжилгээндээ хэрхэн хамрагдах вэ?
-Бидэнд сүүлийн гурван жил даатгал тасралтгүй төлсөн хэрнээ эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн мэдээлэл байдаг. Тиймээс тэдгээр иргэдийн нэрсийг харьяа нийгмийн даатгалын хэлтсүүд рүүгээ явуулдаг.
Харин урамшууллын эрхтэй иргэд харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандан Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээрээ “Урамшууллын эрх” гэсэн дардас даруулж эрх нь үүснэ. Дараа нь холбогдох эмнэлгүүдэд гурван багцын шинжилгээгээ өгч болно.
-Энэ жил хичнээн иргэн урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой байгаа вэ?
-Дээр дурдсан болзлыг хангасан 200 гаруй мянган иргэд хамрагдах боломжтой байгаа. Эдгээрээс 15 мянган иргэн нь баталгаажуулалтаа хийлгэсэн. Харин 9,570 хүн урамшууллын үзлэгтээ хамрагдчихсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!