Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Устай нөхөрлөвөл урт насална

Ж.Солонго
2015 оны 4 сарын 4
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг / mongolnews.mn /

Усан спорт сургалтын төв Улаанбаатар хотноо 1986 онд байгуулагдсан түүхтэй. Энэ байгууламжийг бид төв бассейн гэх нэрээр илүү сайн мэддэг. Барилга нь хувьчлагдахдаа тулж, дээвэр нь нурж, үргэлж л таагүй мэдээтэй нэр холбогдож байгаа энэ байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаг бол юутай сайхан.

Усан спортоор хичээллэсэн тамирчид эрүүл, чийрэг, зүрхний өвчингүй байдаг бөгөөд энэ давуу талыг нь орчин үед эмчилгээ сувилгаанд ч ашиглаж байгаа юм. Өдрийн турш босоо байрлалтай, их ачаалал авдаг нурууныхаа булчинг амраах боломж усанд сэлэх үед л олдоно.

Тэгэхээр иргэдийн эрүүл энхийн манаанд зогсох нэг үнэнч албат нь Усан спорт сургалтын төвийнхөн байх учиртай. Төв бассейн хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ч Улаанбаатарт сүүлийн гурван жилийн хугацаанд дөрвөн ч бассейн шинээр байгуулж, удахгүй тав дахь нь үүдээ нээх гэж буй.

Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төв үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлээд жил гаруй болж байгаа. Харин Хан-Уул дүүргийнхэн тун удахгүй ийм төв нээх гэнэ. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвд давхардсан тоогоор 2,800 орчим хүн үйлчлүүлжээ.

БАССЕЙНД ХИЧЭЭЛЛЭХ НЭГ САРЫН ТӨЛБӨР 90,000 ТӨГРӨГ

Бид энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвийг зорин очлоо. Нийслэлийн баруун хэсэгт амьдардаг, ялангуяа нэгдүгээр хороолол орчимд гэр нь байдаг хүмүүс энэ бассейныг зорин очдог.

Өглөө 07.30 цагт үүдээ нээж үдэш 20.45 цаг хүртэл ажилладаг тус бассейн дэргэдээ фитнессийн заал, эрүүл мэндийн шинжилгээний лаборатори, мэргэжлийн тамирчид бэлтгэх “Сэлэм загас” клубтэй. Дөрвөн наснаас эхлэн усанд сэлэлтээр хичээллэх боломжтой бөгөөд ур чадвараа ахиулж, мэргэжлийн хэмжээнд хүрэх гэсэн хэнд ч боломж бий гэнэ.

Бага үдийн хэрд тус бассейнд очиход ихэвчлэн хүүхдүүд сэлж байв. Өглөө ажилдаа явахаасаа өмнө хагас цаг, ажил тараад нэг цаг усанд сэлдэг байнгын үйлчлүүлэгч олон байдаг гэсэн. Анхан шатны нэг сарын сургалтад хамрагдахыг хүссэн том хүн 90 мянга, хүүхэд 60 мянган төгрөгийн төлбөр төлдөг.

Дунд, ахисан шатны төлбөр 78-90, 108-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд тус дүүрэгт аж төрдөг бол 15 хувь, гэр бүлээрээ хичээллэвэл таван хувийн хөнгөлөлт эдлүүлдэг аж.

Иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, усан спорт сонирхогчдыг сургахын зэрэгцээ мэргэжлийн сургалт явуулах зорилготой энэ төв хоёр багш, дасгалжуулагч, нэг арга зүйч, захиргаа үйлчилгээний 19 ажилтантай. Бассейн нь 25 метрийн урттай хоёр эгнээ замтай бөгөөд гүн нь хоёр метр, өргөн нь зургаан метр аж.

ГООЛИГ БОЛОХЫГ ХҮСВЭЛ УСАНД СЭЛЭЭРЭЙ

Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. 570 тамирчин оролцуулсан судалгааны дүнгээр усанд сэлэлтийн (холын зайн) тамирчдын 98 хувь, цанын спортоор хичээллэгсдийн 81 хувь (холын зайн), гүйлтийн тамирчдын 69 хувь (холын зайн) нь эрүүл болох нь тогтоогджээ.

Түүнчлэн бэртэл гэмтэл авах нь бага, эрүүл мэндэд тустайгаараа усан спорт тэргүүлсэн байна. Хүн усанд сэлээд сурчихвал өөрийгөө болзошгүй нэг эрсдэлээс хамгаалах чадвартай болж байгаа юм.

Хүн усанд сэлээд сурчихвал өөрийгөө болзошгүй нэг эрсдэлээс хамгаалах чадвартай болж байгаа.

Тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог усан спортоор хичээллэснээр хөдөлгөөний дутагдал болон химийн найрлагатай бодисын нөлөөллөөр бий болдог олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Хүн байнга босоо байдаг учраас нурууны яс, булчинд маш их ачаалал өгдөг. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, нурууг тэнэгэр болгодог аж.

Мөн усанд хүний бие их хэмжээний дулаанаа алддаг учраас био химийн ажиллагаа нь сэргэж, булчин ажиллан, бодисын солилцоо нэмэгдэн хэт таргалалтаас сэргийлж чаддаг. Усан дотор хийсэн дасгал танаас илүү хүч шаарддаг учраас энгийн нөхцөлд хийсэн дасгалаас өндөр үр дүн үзүүлдэг аж.

ЭМНЭЛГЭЭС УРЬТАЖ ОЧИХ ГАЗАР БАССЕЙН

Өвдсөн хойноо биш урьдчилан сэргийлж сурах нь таны эрүүл мэндэд чухал. Тиймээс эрүүл байхыг хүсвэл идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтээс бүү татгалзаарай. Усанд сэлэх үед хүний булчин идэвхтэй ажилласнаар амьсгалыг идэвхжүүлдэг ба сэлэлтийн үед амьсгал авах, гаргах, амьсгал барих үе нь сэлэлтийн хурдаас хамаарч ердийнхөөс ялгаатай байдаг.

Амьсгал авах, гаргах тоог хөл, гарын хөдөлгөөний тоотой нарийн уялдуулдаг учраас нэг төрлийн дасгал болдог юм. Ингэж амьсгалын дасгал хийх нь уушгийг агааржуулж, орох агаарын хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэснээр уушгины багтаамж сайжирч, цус хүчилтөрөгчөөр хангагдана.

Мөн амьсгалын дасгал уушгины хамгийн захын хэсгийг ч цэвэрлэдэг. Утаатай, бохирдолтой Улаанбаатар хотын өвлийг давсан уншигч та усан спортоор хичээллэж, уушгиа цэвэрлэж, эрүүл мэнддээ санаа тавиарай.

Урин дулаанаас урьтаж, гоолиг сайхан биетэй болохыг хүсэж байгаа бүсгүйчүүд устай нөхөрлөвөл илүү үр дүнтэй байх биз ээ. Мөн усанд сэлж байгаа үеийг нэг төрлийн массажтай зүйрлэж болно. Энэ массаж хүнийг тайвшруулж, бие амраадаг учраас алжаал ядаргааг бүрэн тайлах шидтэй. Усанд сэлсний дараа бат бөх унтаж чаддаг нь үүний нотолгоо юм.

ХҮН БОЛОХ БАГААСАА

Усан спортын ач тус, давуу талын тухай олон судалгаа бий. Харин хүмүүст ойлгомжтой энгийн мэдээлэл түгээж, усан спортыг сурталчлах нь нэн чухал.

Усан спортын ач тус, давуу талын тухай олон судалгаа бий. 

Тиймээс СХД-ийн Усан спорт сургалтын төвийнхөн харьяа дүүргийнхээ цэцэрлэгийн багачуудад усанд сэлэхийн ач холбогдлыг тайлбарлан, бассейнаа танилцуулж, богино хэмжээний сургалт явуулдаг юм билээ.

Хүүхдүүдийн сонирхол нэмэгдэж, айдас нь үгүй болбол усан сэлэлтээр багаасаа хичээллэж, ирээдүйд мэргэжлийн тамирчин болох боломж ч бий.

Хөнгөн атлетик, гимнастикийн хамтаар олимпийн хамгийн нэр хүндтэй, олон үзэгчтэй, олон медаль гардуулдаг төрөл болсон усанд сэлэлтээр хүүхдүүд багаасаа хичээллэвэл амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.

Тэр ч бүү хэл дэлхийн бусад улсууд эрүүл мэнд, бие бялдарт нөлөөлөх эерэг ач тусыг нь харгалзан дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт усанд сэлэлтийг багтаасан байдаг аж.

Зураг