“Өөр амьдрал”-ын өөр өнцөг
-Хог хаягдлын тухай хуульд дахивар бүтээгдэхүүн олборлогч иргэдийн саналыг авлаа-
Монгол Улс Хог хаягдлын тухай хуулийг батлаад чамгүй олон жил өнгөрсөн ч өнөөдөр энэ хууль хэрэгжиж чадахгүй л явж байгаа. Нийслэлийн хүн ам улам бүр ихэсч, түүнийг дагаад хог хаягдлын хэмжээнд хэрээс хэтрээд байгаа.
Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх үүднээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэлжээ.
Монгол Улс Хог хаягдлын тухай хуулийг батлаад чамгүй олон жил өнгөрсөн ч өнөөдөр энэ хууль хэрэгжиж чадахгүй л явж байгаа.
Хоёр жил энэ хуультай ажиллаж олон ч мэргэжилтэн, энэ салбарт ажилладаг хүмүүстэй уулзсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө Цагаандаваа, Улаанчулуут зэрэг төвлөрсөн хогийн цэг дээр дахивар бүтээгдэхүүн цуглуулж амьдардаг иргэдтэй уулзаж тэднээс хуульд тусгах саналыг нь сонссон юм.
Өглөө эртлэн гарсан баг бүрэлдэхүүн өдөржин хогийн цэг дээгүүр явж иргэдтэй уулзсан бөгөөд энэ бүхэнд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа тусалж, нийгэмшээгүй, олон жил дахивар бүтээгдэхүүн түүж амьдралаа залгуулсан иргэдтэй хэл амаа ололцоход амар болгож байсныг хэлэх нь зүйтэй.
Хэдийгээр тэд УИХ-ын гишүүн ирсэнд талархалтай хандаж зовлон жаргалаа хуваалцаж байсан ч сэтгүүлчийн камераас зугтаж, зураг авахад элдвийн хараал ерөөл тавьж эсэргүүцэж байсан юм. Нохойн мах иддэг, хүн араатан, архичин, биеэ үнэлэгч гэх мэтээр нийгмийн хамаг муу муухай хүмүүс энд цугласан мэтээр нийгэмд ойлгуулах ажлыг сэтгүүлчид хангалттай олон удаа хийсэн учраас тэд хэвлэлийнхнээс ийн дөлдөг болсон гэнэ лээ.
Ц.Оюунгэрэл гишүүний энэ өдрийн ажлын томилолт хог хаягдал түүж явсан, хорих ангиас суллагдсан иргэдийг нийгэмшүүлэн гагнуурчин, мужаанчин, нийгмийн ажилтан болгон сургаж байгаа “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас эхэлсэн юм.
120 хүнийг нийгэмшүүлж, байгуулагдсан цагаасаа эхлэн 500 гаруй иргэнийг нийгэмшүүлсэн эгэл жирийн багшийн гэр бүлийн их сэтгэл, шантарч бухимдалгүй тэмцэж ирсэн сонирхолтой амьдралыг тун удахгүй та бүхэнд сурвалжлагаар бэлтгэн хүргэхээ амлая. Харин бидний хувьд тэс өөр амьдрал хэмээн сэтгэж, нийгмээс тусгаарлан, хогийн цэгийн иргэд хэмээн ад үздэг иргэдийн нэг өдрийн амьдрал, төр засгаас хүсч байгаа жирийн хүсэлтийг нь энэхүү сурвалжлагаараа хүргэе.
Дахивар бүтээгдэхүүний үнэ улам бүр л унаж байна гэв
Мянган оюутны байрнаас Монел руу эргэдэг замаар чигээрээ давхисаар Цагаандавааны хогийн цэгийн барааг харав. Давааны наад талд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтан тосч авсан бөгөөд биднийг замчилсаар хогийн цэг дээр хүргэсэн юм.
Цагаандавааны хогийн цэг бол Улаанчулуутынхаас бага хог ирдэг харьцангуй “цэвэрхэн” гэж хэлж болно. Гэхдээ л биднийг очиход хүүхдүүд гүйлдэж байсан бөгөөд ихэвчлэн томчууд байлаа. Харин үдээс хойш хичээл тарахад хүүхдүүд маш олноор ирдэг гэнэ.
Өдөржин ирдэг хогийн машины ард нэг хоёроороо зүүгдсээр хогийн цэг дээр орой гэхэд хамгийн багадаа л 40-50 хүүхэд цугладаг гэв.
Хогийн машины ард нэг хоёроороо зүүгдсээр хогийн цэг дээр орой гэхэд хамгийн багадаа л 40-50 хүүхэд цугладаг.
Ээж аавыгаа дагаж, хичээлээ тарангуут наашаа ирдэг хүүхдүүд ч олон байдаг аж. Хогийн цэг дээр ойролцоогоор 5-6 гэр байв.
Тэр орчиндоо ажиллаж, амьдардаг. Хосоороо, хүүтэйгээ, ганцаараа гэх мэтээр хамгийн ихдээ л есөн жил дахивар бүтээгдэхүүн цуглуулсан иргэд тэнд байх аж.
Хогийн цэгийг анх үүсэхэд л ирсэн н.Ариунбаатар биднийг гэртээ урьж хоолоор дайллаа. Чанасан мах, сүүтэй цайгаар дайлж Хог хаягдлын тухай хууль, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлын талаар гишүүнд саналаа хэлж байсан юм.
Хүмүүс биднийг нохойн мах иддэг, хүн араатнууд гэж их цэрвэдэг. Гэхдээ бид чинь хүний л иддэгийг иддэг юм. Цагаандавааны хог хаягдлын зохицуулагчид муудсан бүтээгдэхүүн зэргийг устгачихдаг. Дахивар түүсэн орлого сайн байвал ганц кг мах, аяга цайны сүүгээ аваад л уучихна шүү дээ хэмээн учирлаж багийн бүрэлдэхүүнийг цай, махаар дайллаа.
Уг нь хоёрхон шон урагшаа татахад л тэнд амьдардаг, амьдралаа залгуулдаг 120 гаруй иргэн халуун дулаан орчинд гэрэлтэй болж амьдрах боломж бий. Эдгээр иргэд хот руу орлоо гэхэд газар олдохгүй, дээрээс нь бичиг баримтгүй учраас үйлчилгээ авч чадахгүй. н.Ариунбаатарын гэргий эдүгээ 55 нас хүрсэн бөгөөд арай гайгүй ажил хийхээр хотын төв орж ажил сураглалаа гэхэд “та хөгшин” гэсэн ганц хариулт сонсдог гэв. Хөгшин настай эхийгээ асарч, тэднийхээ тог, усны мөнгийг залгуулахын тулд сонгосон зам нь дахивар бүтээгдэхүүн цуглуулах.
Өдрийн олсон орлогоо хотод очоод тушаачихна. Заримдаа ч өдрийн орлого гэж 8,000 төгрөг олчихоод ээждээ үмх мах аваад очиж чадахгүй уйлж суудаг гэнэ лээ. Ингэж амьдарч байгаа нь миний буруу ч ижийгээ амьдад нь зовоохгүй гэсэндээ хог түүдэг гэдгээ нуудаг хэмээн тэр хуучилсан юм.
Дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг иргэдийн гишүүнд дайсан ганц хүсэл бол эмнэлгийн үйлчилгээ, бас цахилгаантай болох.
Цагаандавааны хогийн цэгийн дэргэд шахам хяналтын камер байдаг юм байна.
Нэгэнт л энд амьдрал, бас бизнес нь байгаа учраас хэдэн сэндвичэн байшин энгэрээр нь бариад, долоо хоногт биш юм гэхэд сард нэг удаа эмнэлгийн үйлчилгээ авахыг хүсч байна гэв.
Гэр хорооллын айлууд үнсээ хөргөлгүй хогийн машинд ачуулдгаас хог нь цурамд орж оройхон гэхэд л тэр хавиар нэг утаа май болж, бие биеээ ч олж харахгүй шахам машины доогуур орчих бүтээгдэхүүнээ түүдэг хэмээн учирлав. Хогонд газны баллон зэрэг аюултай хог хаягдал их ирж, хог шатаж эхлэхэд дэлбэрэх, түүнд нь хүмүүс өртөх зэрэг тулгардаг бэрхшээл олон бий гэнэ.
18 настай хүү машинд дайруулахад эмнэлгийн үйлчилгээ хоёр цагийн дараа иржээ
Идэр залуухан насандаа хог түүж яваад эндсэн хүүг зөвтгөх гэсэнгүй. Гэвч амьдрахын эрхэнд тэнд ажиллаж, мөнгө олж байсан тэр залууг аварч болсонгүй юу гэх харуусал төрж байв. Долоо хоногийн өмнө 18 настай залуу хог ачиж ирсэн машины дугуйн доогуур орж хүнд бэртжээ. Цагдаа цагийн дараа ирсэн ч харин эмнэлгийн тусламж хоёр цагийн дараа ирсэн аж.
Эмнэлгийнхэн хүний урманд орон дээр ч гаргахгүй коридорт хэвтүүлсээр байгаад, залуу амьсгал хураажээ. Өр өвдөм. Хүний тоонд багтахгүй тэрбээр хэчнээн зовж шаналсан бол гэхээс л зүрх зүсэгдэх. Тэгэхээр эмнэлгийн үйлчилгээг эдгээр иргэд бараг л авдаггүй гэсэн үг.
Нэг удаа ч эмнэлгийн үйлчилгээ ирээгүй гэсэн. Харвалт өгч, зүрх нь муудсан бол тусламж дуудах гэж бүтэн өдрийг бардаг гэнэ лээ. Хууч өвчин нь хөдөлж, хааяахан эмчид үзүүлмээр санагдавч төлбөртэй үнийг нь дийлэхгүйгээс өвчин намдаах эмээр өөрсдийгөө аргацаах нь их. Тиймээс нийгмээс тусгаарласан эдгээр иргэдээ төр анхаарч, эрүүл мэндэд нь нэг өдрийг зарцуулчихдаг байгаасай гэх хүсэлтийг Ц.Оюунгэрэл гишүүнд учирлаж, ойр ойрхон давтан хэлж байсан юм.
Тавхан хятад ченж хоол идэхдээ л тэдний хувь заяаг шийднэ
Дахивар бүтээгдэхүүн олборлож байгаа эдгээр иргэд хог түүдэг, хогийн амьдралтай хүмүүс биш. Харин ч байгальд хэзээ ч шингэхгүй хуванцар, шил, лааз, гялгар уут зэргийг цэвэрлэж нэг ёсондоо байгалиа хамгаалах ажил эрхэлж байгаа хүмүүс гэдгийг Ц.Оюунгэрэл гишүүн тэдэнд хэлж, хийж байгаа ажлаасаа ичих бус харин ч байгаль хамгаалах ажил хийж, түүгээрээ бизнес эрхэлж байгаа, хогийн цэгийг ажлын байр гэж хандах ёстойг хэлж байлаа.
Тиймээс хуулийн төсөлд дахивар бүтээгдэхүүн олборлох ажлын байр, ажилтан гэдэг үүднээс оруулж тэдний нийгмийн асуудлыг анхаарах талаар тусгахаа амлав. Дахивар бүтээгдэхүүн олборлож бизнес хийж буй эдгээр иргэд хуульд тусгах ганц л саналаа УИХ-ын гишүүнд дайсан нь дахивар бүтээгдэхүүний анхан шатны үнийг ижил болгох. Өөрөөр хэлбэл, иргэдийн гараас ченжүүд ижил үнээр аваад цаашаа өөрсдийнхөө үнээр хятадуудад өгдөг байх талаар хуульд тусгахыг захилаа.
Эдгээр ченжүүдийн цуглуулж ирсэн дахивар бүтээгдэхүүнийг Монгол Улсын хэмжээнд тавхан Хятад ченж авдаг бөгөөд хоол идэж суухдаа л лааз, хуванцарын үнээ буулгах, өсгөх эсэхээ шийддэг гэнэ лээ.
Тиймээс анхан шатны үнэ нь нэг хэмжээнд байх талаар тусгаад өгчихвөл Улаанчулуутын Монгол ченж өндөр, Цагаандавааны ченж бага үнээр авдаг, нэг талд нь хуванцар цэгцлэгдэж, нөгөөд нь үнээ алдаж шил хөглөрдөг асуудал алга болох гэнэ. Варены шил, лааз, хуванцар, гялгар уут, цаасан хайрцаг, пивоны шил зэргийг бүр авахаа больсон байна. Хятад ченжүүдийн авдаг зүйл их байсан ч одоо улам бүр муудсаар лааз, хуванцар, гялгар уут авдаг болжээ.
Энэ хэрээр ч тэнд амьдардаг иргэдийн олох орлого багасна. Уг нь өдөртөө орлого сайн байвал чамгүй орлого олдог аж. Зарим өдөр орлого муутай байгууллагын үйлчлэгч, автобусны кондуктор, ТҮК-ийн ажилчид гээд 100 гаруй иргэд ирж дахивар бүтээгдэхүүн цуглуулж амьжиргаандаа нэмэрлэдэг гэнэ лээ.
Бүр ганган хувцастай бүсгүйчүүд өглөө таксигаар хүргүүлж ирээд нүдний шил, маск зүүж өдөржин хог түүж 40-50 мянган төгрөг олчхоод орой хот руу буцдаг гэхээр л дахивар бүтээгдэхүүн хэчнээн олон хүний амьдралд нэмэр болж байгааг хэлээд өгч байгаа юм. Цагаандавааны хогийн цэг дээр гурван бульдозер, нэг экскаватор, нэг самосвал машин ажиллаж хогийг тэгшилж, түрж цэвэрлэж, устгалд оруулдаг байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид тэнд ажилладаг юм байна.
Устгалд орох нохой шагай, соёогүй ирдэг
Цагаандавааны хогийн цэг орчимд нохой устгалын ганцхан цэг ажилладаг. Тэнд нохой устгах ганц зуух тавьсан бөгөөд өдөрт 60 нохой устгалд оруулах хүчин чадалтай. Дүүргийнхэн нохой устгалын анчдад хоншоороор нь тооцож мөнгийг нь олгодгоос болж нохой устгалын хэсэгт ирж байгаа нохойны тооноос хоншоорын тоо давчихдаг болжээ. Тиймээс нохой устгалынхан хоншоортой нохой авна гэсэн шаардлага тавих болсон гэнэ.
Тус устгалын хэлтэст өдөрт 400 орчим нохой ирдэг байна. Тэндээс дөнгөж 60-ыг нь устгалын зууханд хийж 3-4 цаг шатааж, мөн төдий хугацааны дараа үнсийг нь хөргөж асгадаг. Тиймээс өдөрт ирсэн 400 нохойны 340 орчмыг нь газарт булж устгалд оруулдаг байна.
Энэ нь байгальд маш удаан шингэж, хөрсөнд бохирдол үүсгэх зэргээр бэрхшээлтэй асуудал их байгааг Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн ахлах мэргэжилтэн М.Чойжилсүрэн хэлж байсан юм.
Цагаандавааны хогийн цэг орчимд нохой устгалын ганцхан цэг ажилладаг.
Тиймээс төр энэ талаар анхаарч нохой устгалын зуух гурваас дээш байрлуулчих хэмжээний хөрөнгийг нь шийдээд өгчихвөл байгальд ямар ч хор нөлөөгүй аргаар нохойг устгалд оруулах боломж бий гэв.
Цагаандавааны хогийн цэгийн төвлөрсөн цэг байгуулахаар суурь цемент цутгаснаас хойш төсөвгүй гэсэн шалтгаанаар сураг тасарчээ. Суурь цемент нь ямар ч чанаргүй байснаас болж төвлөрсөн хогийн цэгийн барилга өнөө хэр баригдаж чадахгүй байгааг гишүүнд уламжилсан юм.
Хамгийн сонирхолтой нь эдгээр устгалд орж байгаа нохойг дагаад хоёр бизнес цэцэглэж ченж олширсон нь нохойн мах, соёо, шагайны бизнес.
Гэсэн ч анчидтай нь ченжүүд очиж уулзаад шагай, соёо хоёрыг нь авчихдаг бөгөөд сайтар өнгөлж чонын соёо, чонын шагай гэж хил давуулан наймаалдаг болсон талаар ярилаа.
Нөгөө талаар нохойн арьсан гутал өмнөд, хойд хөршөөс манайх ам үнэтэй оруулж ирж зардаг. Гэтэл өдөрт гэхэд л 400 нохойг арьстай нь устгалд оруулж байгаад дүгнэлт хийж арьсыг нь авч ашиглах боломж байгааг Ц.Оюунгэрэл гишүүнд хэлж байсан юм. Төр энэ талаар анхаарал хандуулж арьсыг нь ашиглах үйлдвэр байгуулчихвал бид нохойн арьсан гутал экспортлох хангалттай боломж байгааг М.Чойжилсүрэн дуулгалаа.
Улаанчулуут дээр бөөсний бизнес цэцэглэжээ
Багийн бүрэлдэхүүн дараагийн цэг рүүгээ хөдөлсөн нь Нарангийн энгэр буюу Улаанчулуутын хогийн цэг. Нийслэлийн бүх хогийн 50 хувь нь ирдэг энэ цэг дээр Цагаандаваанаас илүү олон хүн байв. Г.Загдаа гуайн сануулж байсанчлан тэдгээр иргэд биднийг тун таагүй угтав. “Хог хаягдлын тухай хууль бидний амьдралд яаж нөлөөлөх юм. Та нар тэр хэдэн даварсан хужаа нарыгаа дөнгөж чадахгүй байж бидэнтэй ирж уулзаж яах гээв.
Зураг тэндээс дарж байна, ална шүү п.... минь” гэх зэрэг хаа сайгүй л бухимдсан, элдвийн хараал ерөөл хэлсэн хүмүүс дүүрэн. Зарим нь ч аяга тагш зүйл балгачихсан агсам согтуу тавьж харагдах. Гэвч эднийг ийм болтлоо зэрлэгших зүйлийг нь бид өөрсдөө хийчихсэн хэрэг. Ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа тэдэнд эвийлж хөөрхийлөн очих бүртээ л хүмүүс уран гоё зүйл ярьдаг гэнэ. Хоол унд өгч, зураг хөргийг нь дарчихаад хогийн архичин, биеэ үнэлэгч мэтээр ярьж бичдэг.
Тусламжийн байгууллагынхан ирж амьдралыг нь хэзээ мөдгүй өөрчлөөд өгөх талаар үлгэр ярьчихаад сураг тасарчихдаг учраас тэд хэвлэлийнхнийг харахаараа дөлж зугтан, зургаа даруулахаас жийрхдэг болжээ. Гэвч Ц.Оюунгэрэл гишүүн эдгээр иргэдтэй тун амархан үг хэлээ ололцож орхив. Хүний эрхийн төлөө олон жил тэмцсэн туршлагатай учраас хэвлэлийн биднээс ч илүү үг хэлээ ололцож байв.
Хууль баталснаар ямар ач тустай болох, мөн тэднийг нийгмээс тусгаарласан хүмүүс биш гэдгийг нь ойлгуулсны дараа тэд ёстой л тойрон шавчихаад хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тоочиж гарлаа. Яг л Цагаандавааны хогийн цэг дээр ярьж байсан хуванцар, лааз, шилний үнийг нэмэгдүүлж, эсвэл нэг төвшинд барих талаар хуульчлахыг тэд хүсэв. МУГЖ И.Одончимэгийн тусламжаар хогийн цэгийн орчимд сургууль барьж өгсөн ч тэнд нь хогийн цэгтээ хаяа дэрлэн орших гэр хорооллын хүүхдүүд /тэд зээлийнхэн хэмээн нэрлэдэг/ суралцдаг гэнэ.
Гэхдээ ганц нэг хүүхдүүд тэр сургуульд явдаг гэдгээ сайрхан ярьж гишүүнээс өөрийнх нь бичсэн номуудаар шагнуулцгаав. Тэдгээр иргэд нийгмээс тусгаарлах гэж оролддог асуудлыг ярьж, хогийн машины араас зүүгдэж доогуур нь ордог, эндээ амьдрахгүй ч хог түүдэг гэдгийг нь мэдчихээрээ хүмүүс дөлж зугтдаг зовлонгоо гишүүнд учирлав.
Найман жил хог түүж хоёр ч хүүхдээ их дээд сургууль төгсгөж, байрны урьдчилгааг нь хүртэл олж өгсөн эцэг эхчүүд тэнд олон байдаг аж. Гэтэл хүмүүс эгээ л нохойтой харьцаж байгаа аятай аяга хоолоор хуурах гэж оролддог гэнэ шүү.
Энэ хогийн цэг дээр мөн л нохойн махны бизнес цэцэглэсэн. Биднийг очих үед нэлээдгүй олон Эксель, Аксент машин харагдаж байсан бөгөөд тэд бөөсний ченжүүд гэнэ. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдийг хоолоор хуурч биеийг нь нэгждэг, архинд дуртай нэгэнд нь архи авч өгчихөөд бөөсийг нь авна хэмээн тайчих үзэгдэл бол хэвийн юм шиг болжээ. Хаа нэгхэн “Даяар Монгол” зэрэг хөдөлгөөнийхөн ирж хоол өгөхдөө бүх хүмүүсийг иргэний үнэмлэх, нэр усыг нь бичиж аваад явдаг талаар ярьцгаалаа. Өдөрт ойролцоогоор тус цэг дээр 520 том, жижиг хүмүүс дахивар түүж амьдралаа залгуулдаг юм байна.
“Элемент” тусгай зөвшөөрлийг хуульчлахыг хүслээ
Улаанчулуутын хогийн цэгээс хөдлөөд бидний зорьсон дараагийн газар бол эрүүл мэндийн хог хаягдлыг устгалд оруулдаг “Элемент” компани. Саяхан “Ийгл” телевизээр хогоо устгалгүй ил хаядаг хэмээн багагүй баалуулсан тус компанийн захирал З.Баярсайхан биднийг угтан авлаа. Хог хаягдлын тухай хуульд эрүүл мэндийн хог хаягдлын асуудлыг нэн чухалд тооцож оруулах учиртай. Тиймдээ ч танай үйлдвэрийг зорьж ирсэн гэдгээ Ц.Оюунгэрэл гишүүн хэлж байсан юм.
Байгуулагдсан цагаас нь хойш салбарынх нь сайдууд нэг ч харагдаагүй аж. Монголд ганцхан байдаг үйлдвэрээрээ салбарынх нь сайдууд нэг ч удаа зочлоогүй атлаа байгуулсан гэрээг нь эргэж шалга, “Элемент”-ийн үйл ажиллагааг дахин хяна, өмнөх сайдын хийсэн ажил надад хамаагүй, дахиад эхнээс нь хийгээд ир гэх мэтээр өчнөөн олон дарамт ирдэг юм билээ. Мөн “Тавин-Ус” компанийн үйлдвэрлэдэг эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэдэг хайрцаг хэтэрхий нимгэхэн учраас зүү нь гарч ирэх түүнд нь ажилтнууд нь хатгуулах асуудал гарч байгаа учраас эмнэлгийн хатуу хог хаягдлын сав баглаа боодолд стандарт тогтоож батлах ёстой гэсэн хүсэлтийг гишүүнд дайлаа.
Тэгвэл хуульд эмнэлгийн болон химийн хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрлийг тусгаж өгснөөр илүү амар болно гэсэн санааг З.Баярсайхан захирал хэлж байлаа. Гадны компаниудтай хамтраад төсөл хэрэгжүүлэх гэхээр тусгай зөвшөөрөл нэхдэг бэрхшээл байна гэсэн юм. “Элемент” компани бол нийслэлийн хэмжээнд байгаа эмнэлгүүдийн хог хаягдлыг устгалд оруулдаг ганц компани. Хэдийгээр 700 эмнэлэг байгаа гэсэн тоон мэдээ байдаг ч тэдний 100 гаруйгаас нь л эмнэлгийн хог хаягдал ирдэг.
Тэдгээр хог хаягдлыг “Элемент” компанийн суурилуулсан автоклав устгалд оруулах бүрэн хүчин чадалтай учраас эмнэлгийн хог хаягдлыг устгах компани илүү олон хэрэггүй юм билээ. Гэтэл хөдөө орон нутагт байдаг эмнэлгүүд хог хаягдлаа шууд шатаадаг. Багахангай дүүрэг гэхэд л ирсэн автоклав нь хэтэрхий том, тог нь дийлэхгүй учраас эмнэлгийн хог хаягдлаа шатааж устгалд оруулдаг. Гэтэл зүү тариурын хуванцраас диоксин, буран гэсэн хоёр химийн хорт утаа ялгарч элэгний хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна.
Тиймээс орон нутгийн эмнэлгүүдийн хог хаягдлыг устгах, халдваргүйжүүлэх зүү бутлуур, зүү тариурыг ариутгадаг автоклав тавьж өгөх ёстой гэсэн санааг ч хуульд тусгах ёстой гэв. Мянганы хөгжлийн сорилтын сангаас хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд автоклав, бутлуур өгсөн ч бутлуур нь эвдэрчихдэг, автоклав нь эмнэлгийн биш үйлдвэрийн хэмжээнд ашиглах том ирдэг учраас энэ талаар илүү тодорхой бодлого гаргахыг захиж байсан юм. Мөн эмнэлгийн хог хаягдлаас гадна химийн аюултай хог хаягдлыг булж устгах, аюулгүй болгох үйлдвэр байгуулах ёстойг хуульчилж өгөхийг тэд хүсэв.
Гурван тэрбум төгрөг зүгээр л хог болжээ
Хогтой холбоотой асуудлаар хамгийн сүүлд орсон газар маань Хог дахин боловсруулах үйлдвэр. БНСУ, Монгол Улс хоорондын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хамтын нийгэмлэг “Койка”-ийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулжээ.
Харамсалтай нь 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай боссон энэхүү үйлдвэр дулаанд холбогдоогүй, тоног төхөөрөмжүүд нь Монголын орчинд ажиллах боломжгүй учраас тав зургаахан сар ажиллаад үйлдвэрээ хаажээ.
Хогтой холбоотой асуудлаар хамгийн сүүлд орсон газар маань Хог дахин боловсруулах үйлдвэр.
Тэгээд ч дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ өөрсдөө Хятад руу гаргах боломжгүй учраас ямар ч ашиггүй.
Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдаа цалинжуулахын тулд ашигтай байдлаар дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ өмнөд хөрш рүү гаргахыг хүсдэг ч Монголд байгаа хятад ченжүүдээсээ авна гээд халгаадаггүй аж. Өнөөх алдарт таван хятад ченжид өгөх гэхээр дамын үнээр авдаг.
Тэгэхээр үйлдвэрт боловсруулсны ашиг тус гарахгүй байгаа юм. Улаанчулуутын хогийн цэгт өдөрт дунджаар 390 орчим машин хог ирдэг. Шөнө орой хулгайгаар хэн асгасныг мэдэх аргагүй барилга, элдэв химийн аюултай хог хаягдлыг тооцвол түүнээс ч их тоо гарна. Тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулчихвал өдөр 100 гаруй тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай юм. Харамсалтай нь халаалтгүй, тоног төхөөрөмж нь өөр зэргээс шалтгаалан дахиад нэг сая гаруй ам.долларын хөрөнгө хараад хэвтчихжээ.
Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллах иймэрхүү үйлдвэр хогийн цэг бүрт хамгийн багадаа тавыг барьчихвал өөрсдөө хогоо боловсруулаад Хятадын зах зээлд гарах гарцаа төрөөс нээлгээд авчих боломжтой. Гэтэл хятадуудын гараар дамжихад нэг тонн нь 200 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ. Цаашаа хятадын зах зээлд гараад Бээжинд 1,000-2,000 ам.доллар болдог учраас хуванцар эдлэлийн дахин боловсруулалтын бизнесээс бид асар их мөнгө гадагшаа алдаж байгаа хэрэг юм.
Төрийн оролцоо орсны хар гай энэ. Гэтэл хажуухан талд нь хувийн хэвшлийн гадаадад олон жил амьдраад ирсэн Б.Энхболд гэх ахмад настан 200 сая төгрөгөөр биодизель түлшний үйлдвэр байгуулсан байв.
Ресторан, зоогийн газар, “Мах-Импекс” зэрэг мах, хиамны үйлдвэрүүдээс шулсан яс, хаягдал наранцэцэгийг тос цуглуулаад түүгээрээ биодизель түлш хийдэг үйлдвэр. Зах зээлийн үнээс тун хямдхан 300-500 төгрөгөөр автобус компанид түлшээ нийлүүлдэг бөгөөд үйлдвэр байгуулахдаа гаргасан зардлаа нөхчихсөн, одоо шинэ тоног төхөөрөмж оруулж ирэн илүү олон литр биодизель түлш бэлтгэхээр ажиллаж байгаа аж.
Иргэдэд хог хаягдлаар бизнес хийх боломж энэ мэт олон байдаг ч татвараар дарамтлах зэрэг бэрхшээлтэй асуудал ч байдаг аж. Тиймээс хуульд тусгахдаа хог хаягдлын үйлдвэрүүдээ татвараар дэмжих талаар тусгаж өгөхийг Б.Энхболд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд захисан юм. Ийнхүү нэг өдрийн сонирхолтой томилолт өндөрлөв. Бидний хувьд урьд өмнө дуулаагүй олон зүйлсийг тэд хөндөж тавьж байв.
Өмссөн хувцас болгонд минь ордог хуванцар эдлэлийн бизнесийг бүрэн утгаар нь хөгжүүлэх боломж Монголд байгааг тэд олж харж чаджээ. Хог түүдэг нэртэй биш дахиврын үйлдвэрийн ажилчид болж, нийгмийн даатгалаа төлүүлж, эмнэлгийн үйлчилгээ авах хүсэл их байгаагаа ч уламжиллаа. 2015 онд багтаж гарах Хог хаягдлын тухай хууль эдгээр иргэдийн амьдралд нэг ч гэсэн итгэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үргэлжлүүлэн Баянгол дүүргийн Төв цэвэрлэх байгууламжаар орж салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонссон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
