Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэгдүгээр багийн долдугаар орон сууцны 48 тоотоос мөнгөн ус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан.
Тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг үзлэг хийн тухайн айлын угаагуурын ирмэгт шар будааны хэмжээтэй мөнгөн ус байсныг илрүүлсэн байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан сумын ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, мөн айлын халуун, хүйтэн ус, бохирын шугам, өргөх станцын бохир уснаас 19 дээж авчээ.
Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлэхэд ундны усны эх үүсвэрийн худаг, усан сан, хуваарилах сүлжээ, тухайн айлын халуун, хүйтэн усанд мөнгөн усны агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих MNS 0900:2005 стандартын шаардлага хангаж байгаа нь тогтоогдлоо.
Мөн тухайн айлын угаалгын өрөөний тосгуур, байрны зоорины давхар, бохир усны шугам, насосын станцаас авсан бохир усанд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж нь стандарт хэмжээнд гарчээ. Тухайн айлд байсан таван хүнд мөнгөн усны хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Эх сурвалж: МХЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!